НДШ-ээс чөлөөлөх харилцааг зохицуулсан журам батлагдлаа

410

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, санхүүгийн дэмжлэг олгохтой холбоотой харилцааг зохицуулсан журмыг баталсан тухай ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэв.

Журамд, ажил нь доголдож борлуулалтын орлого нь багассан ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын НДШ-ийг зургаан сарын хугацаанд чөлөөлөхөөр журамд зохицуулжээ. Үүнд төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд хамаарахгүй аж. Харин аж ахуйн нэгж болон байгууллага гэж хуульд заасан тул ТББ-ууд хамаарахаар журмыг боловсруулжээ. Өмчийн хэлбэрээс үл хамааран бүх их, дээд сургуулиуд энэхүү хөнгөлөлтөд багтсан. Үүнээс гадна хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу сайн дурын даатгуулагч зургаан сарын хугацаанд хөнгөлөлтөд хамаарна  гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэлдээ тэмдэглэлээ.

Ажилтны буюу даатгуулагчийн НДШ-ийг чөлөөлөхдөө 2020 оны 1, 2, 3 дугаар сард авсан цалингийн дунджаар тооцож бичилт хийх юм байна. Мөн ажил олгогчийн дээрх хугацаанд олгосон цалингаас тооцож чөлөөлөхөөр зохицуулжээ.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу сайн дурын даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгнөөс тооцож НДШ-ээс чөлөөлөгдөх юм байна. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээгээр шимтгэлээ төлдөг даатгуулагч 420 мянган төгрөгөөс дээш орлогынхоо НДШ-ийг сайн дураараа нэмж төлөх боломжийг журмаар нээжээ.

УОК болон аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр ажил нь зогссон, борлуулалтын орлого нь 50 хувиас дээш хэмжээгээр багассан хувийн аж ахуйн нэгжийн ажилтанд дөрөвдүгээр сарын 1-нээс долоо дугаар сарын 1 хүртэл сар бүр 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор журамд тусгажээ.

Ирэх долоо хоногоос Татварын ерөнхий газартай холбогдон мэдээлэл солилцож журмыг хэрэгжүүлнэ гэлээ.


URL: