Газрын тос үнэгүйдэж, түүхэнд анх удаа -40 долларт хүрлээ

11045

Түүхэнд байгаагүй үзүүлэлтүүд газрын тосны зах зээл дээр гарч, цар тахлын хажуугаар олон орны эдийн засагт хүндхэн цохилт өгөх нь тодорхой боллоо.

Багагүй хугацаанд үнэ нь унаж байсан Америкийн WTI маркийн газрын тосны үнэ өнгөрсөн хоногт эрс унаж, түүхэн дэх хамгийн доод түвшинд хүрсэн тухай ВВС дамжууллаа. Дэлхий даяар эрэлт маш бага байгаа нөхцөлд газрын тосны агуулахууд дүүрсний улмаас хөрөнгө оруулагчдын болгоомжлолтой холбоотойгоор хар алт үнэгүйджээ. Одоо WTI маркийн газрын тосны үнэ тэгээс доошилж, баррель нь -40 доллар болсон байна.

Даваа гаригт Америкийн биржүүд дээр арилжаа эхлэхэд WTI маркийн газрын тосыг худалдан авах тавдугаар сарын фьючерсүүд 9,43 доллар буюу 51,6 хувиар унаж, баррель нь 8,84 доллар болсон байна. Зургаадугаар сарын фьючерсийн үнийн уналт нэг их хүчтэй байгаагүй, 10 хувиар буурч баррель нь 22,4 доллар болжээ. Харин Brent маркийн газрын тосны үнэ Улаанбаатарын цагаар 01:00 цагийн байдлаар 5,5 хувиар буурч, 26,6 доллар болсон байна.

Үүний дараа WTI газрын тосны үнийн уналт даамжирч, тавдугаар сарын фьючерсүүд 3 доллар хүртлээ хямдарсан бол ердөө 10 минутын дараа баррель нь 2 доллараас ч буурсан гэж Блүмберг мэдээллээ.

Энэ нь газрын тосны фьючерсүүдийг бирж дээр арилжаалах болсон 1983 оноос хойш анх удаа гарч байгаа үзүүлэлт аж.

Үүний араас Оросын Urals газрын тосны өртөг мөн л түүхэндээ хамгийн бага үнэтэй болж, 0 долларын үзүүлэлтээс буурсан байна. Блүмберг агентлагийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 20-ны даваа гаригийн үдэс Оросын Роснефть, Башнефть, Татнефть зэрэг компаниуд үйлдвэрлэдэг Urals маркийн газрын тосны үнэ өмнөх өдөртэй харьцуулахад 112,7 хувиар буурч баррель нь -2 доллар болжээ.

Оросын энэхүү газрын тосны өртөг сүүлийн сард аажмаар буурч байсан. Өнгөрсөн сарын 18-ны өдөр баррель нь 18,64 доллар байсан нь 2002 оны үнэтэй дүйнэ гэж Блүмберг мэдээлжээ. Харин 2020 оны дөрөвдүгээр сарын хоёрны өдөр баррель тутамдаа 10,54 доллар хүртэл буурсан нь 1999 оны гуравдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт аж.

Америкийн газрын тосны агуулахуудад зай байхгүй 

Сүүлийн үед газрын тосны үнэ ихээхэн уналттай байгаа. ОПЕК+ орнууд хоногт олборлох газрын тосны хэмжээгээ 9,7 саяар бууруулахаар тохиролцсоны дараа ч үнийн уналт үргэлжилсээр байгаа юм.

Өмнө нь хэлэлцээр тасалдаж, газрын тосны үнэ унасны дараа Саудын Араб болон Орос улс хэлэлцээрийн ширээний ард дахин сууж, энэ хэлэлцээрт анх удаа АНУ нэгдсэн юм.

Гэвч энэ хэлэлцээр газрын тосны дэлхийн зах зээл дэх хэт илүүдэл бүтээгдэхүүнтэй холбоотой нөхцөл байдлыг тийм ч хурдан залруулж чадахгүй гэж Ройтерс мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Brent маркийн газрын тосны үнэ он гарснаас хойш 60 орчим хувиар буурч, Америкийн газрын тосны фьючерсүүд 85 хувиар буурсан аж.

“Титэм вирустэй тэмцэх арга хэмжээнээс үүдэлтэй газрын тосны үнэ эрс унаснаар газрын тосны сул байсан бүхий л агуулахууд дүүрсэн. ОПЕК+ орнууд нүүрстөрөгчийн олборлолтоо багасгаж эхлэх тавдугаар сард л бид гол найдвараа тавьж байна” гэж Оросын хөрөнгө оруулалтын “Атон” компани мэдэгджээ.

Газрын тос ийнхүү үнэгүйдснийг шинжээчид хоёр хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Нэгдүгээрт, худалдааны дайн өрнөөд хэсэг хугацаа өнгөрсний дараа ОХУ, Саудын Араб олборлолтоо багасгахаар тохиролцсон нь төдийлөн хангалттай арга хэмжээ болж чадахгүй гэнэ.

Өөр нэг хүчин зүйл нь Америкийн агуулахуудад зай байхгүйтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Гуравдугаар сарын эхнээс л АНУ дахь түүхий газрын тосны худалдааны гол сүлжээний нэг болох Кушинг дахь газрын тосны нөөц 50 хувиар нэмэгджээ.

Г.Бямбасүрэн

SHUUD.MN


URL: