Лангуучин ба таксичин

11115

Хэнд ч захирагдахгүй (эхний нэгдүгээр чин хүсэл нь!), бие тархиа огтоос зовоохгүй (хоёрдахь хүсэл нь!), хүний ланчиг дор дороо (гуравдахь хүсэл нь!) гэсэн монгол ухаан, монгол сэтгэхүй зах зээл, ардчилал эрх чөлөөтэйгээ холилдоод явж байгаа нь энэ биш үү? Эрх чөлөөгөө эдлээд 30 жил болсны эцэст харахад ийм л нийтлэг дүр зураг бууж байна. Эх орондоо ямар ч бүтээл байхгүй хувиа хичээсэн бэртэгчингүүд.


Монголд хамгийн түгээмэл болчихсон хоёр мэргэжлийг би нэрлэж байна. Сайхан сэтгэлтэй монгол хүний тухай өгүүлэх гэж байгаа биш, цаагуураа улсаа хорлож буй үйл явдлыг нэрлэх гэж байна.

Монгол хүнд хэзээ ч мөнгө байдаггүй, үргэлж мөнгөний дутагдалтай, мөнгөний гачаал гачлан ямагт, төрд нь чмөнгө байдаггүй, үргэлж л зардал хэмнэлт, Ерөнхий сайд нь албаа авахдаа “Мөнгө ол!” гэсэн ганцхан маш хатуу даалгавартай. Төр-засаг нь мөнгө олох гэж махаа цайна, ертөнцөөр нэг гуйлга, зээл, тусламж, үнэгүй юмны эрэл. Мөнгө олчихтой зэрэг зарцуулах ухаанаа хэзээ ч олохгүй. Тиймдээ арван хэдэн Засгийн газрыг үдчихсэн, Засгийн газар нь ямагт булаатай тэсрэх бөмбөгөн дээр. Гучин жил ингэж явлаа. Боллоо юм биш үү!?

Яг энэ өнцгөөс хамгийн түгээмэл болчихсон хоёр мэргэжлийг би шүүмжлэх гэж байна. Эх орондоо юу бүтээж, ядаж өөртөө юу бүтээж байна вэ гэдэгт.

Хотын төвд, хүн олонтой худалдааны төвд миний сайн танил нэг нөхөр лангуу түрээслээд лав 20 гаран жилийг үдэж байна. Өмнөд хөршөөс элдэв жижиг сажиг юм авчирч лангуугаа дүүргээд зардаг. Ер нь заръя заруулъя гэвэл юу ч авч тавихад бэлэн. Эхлээд мань хүн тэндээ байнга сууж ажилладаг байлаа. Насны эрхээр хөгшрөөд хүүгээ суулгадаг боллоо. Хүүгээ дагалдуулж сургаж хэдэн жилийг хамт авлаа. Очих тоолонд л хоёулаа сууж байдагсан. Дараа нь өөрөө яваад хүүдээ лангуугаа үлдээжээ. Хүү нь дээд боловсролтой, диплом ромботой. Хуучны ойлголтоор, бас миний ойлголтоор бол лангууны ард сууж байх залуу биш санж. Гоё өндөр залуу, хэрдээ боловсролтой. Сургууль төгсгөөд лангуу бараадсан тул мэргэжил ба сурснаа мартсан байх, одоо өөр ажлын ямар ч байранд лав тэнцэхгүй, бас гоонь. Гэр бүлээ зохиох хамаг цагаа лангууны ард өнгөрөөчихсөн. Гэр бүлийн “өмч” лангуунаас өөр тэр айлд гэрэл гэгээтэй, орлоготой ямар ч суваг байхгүй. Шалгаагаад үзтэл хүү нь ярьж байх юм аа. Орлого олно, баяжина, хөлжинө гэж байхгүй. Зарим өдөр ганц ч бараа зарагдахгүй. Түрээсээ л төлж байвал барав гэх нь тэр. Хайран сайхан залуу, хайран ч залуу нас. Нас нь дөч гараад явчихсан. Гэвч аав ээж нь захиж үлдээсэн тэр лангууг сахиж суухаас өөр арга байхгүй. Би тэр залууг харах тусам өр өвдөнө. Нүднийх нь гал мөд унтарчих вий.

Лангуучдад ердөө ганцхан аминч хүсэл бий. Лангуугаа алдчихалгүй манаж байх, ажлын байраа хадгалах. Монгол Улсын зах зээлийн багтаамж, хүн ардын хэрэгцээ хэрэглээ, худалдан авах чадвар, барааны их илүүдэл, мөнгөний ханш тэдэнд ердөө падгүй. Ерөөсөө эх орны хөгжил дэвшил, улс төр, эдийн засаг ч падгүй. Лангуу нь л чухал. Амиа хичээсэн тун арчаагүй дүр зураг.

Лангуучны хувь заяаны түгээмэл дүр зураг нь энэ. Би Монгол Улсынхаа хэмжээнд жишээ болгож нэг лангуу ба лангуучин нэг залуугийн тухай өгүүлж байна шүү. Юүхэн хээхэн, гял цал, гүйчихэж магадгүй гэсэн юм болгоныг авчирч хэдэн биендээ 30 жил тасралтгүй зарлаа. Зарагдахаасаа зарагдахгүй нь их боллоо.

Энд бичсэнийг бизнес гэх үү? Орлого гэх үү? Улсын хөгжил гэх үү? Үр дүн байна уу? Үүнийг би УИХ-ын эрхэм гишүүдэд хандаж хэргээр тавьж байна. Үүнийг өөрчлөх хууль, сэтгэл Та нарт алга уу?

Тэр залуугийн байдал, өмнөх эцэг эхийнх нь байдлыг ажваас давуу талууд байнаа байна. Хэнд ч захирагдахгүй, түрээсийн мөнгөнөөс өөр хэнд ч татвар төлөхгүй, ажлын цаг нар гэж байхгүй, нэгэн биеэ зовоохгүй, хувь төөргөөрөө, зоргоороо амьдарч байгаа монгол гэр бүл. Нүүдэлчдийн төрмөл зан чанар болох эрх чөлөөт байдал тэр айлд байна. Мөнгө орлого, хур хөрөнгө байхгүй ч хэнээс ч үл хамааран аз жаргалтай амьдарч байна. Давуу тал нь ердөө л тэр. Түүнийхээ төлөө хэдэн зуу, бүр мянга мянган монголчууд “эрх чөлөөт бизнес”-ээ эрхлэн байна. Лангуучдын тухайд ердөө ийм.

Таксичны тухайд. Өглөө өдөр хаана л бол хаана, “Машин авах уу?”, “Унаа авах уу?”, “Такси авах уу?” гэсэн урилга уриалгасонсдоно. “Нисэх яармаг”, “Нисэх яармаг”, “Зах”, “Зах” гээд хоолойгоо сөөтөл хашгиран зогсох идэр хүдэр залуус өвөл зунгүй тааралдана. Машины цонхоор цөхрөлийн нүд харагдана. Миний машинд суугаач өгөөч дээ гэсэн цөхрөл. Миний алхахыг дагаад араас хэсэг явна. Амихандаа авчих санаатай. Жолооч нарын цөхрөл. Хааяагүй. Бодит дүр зураг.

Ажаад байвал нийслэл маань хувийн машинтнуудаар дүүрээд илүүдэл хэсэг нь ингэж хашгиралдан зогсож байх шиг. Хоолойгоо сөөтөл хашгирч байтал ганц нэг үйлчлүүлэгч яваад очно, тэдний магнай тэнийгээд явж өгнө. Суулаа, явлаа, би саваагүй зангаараа асууж шалгаалаа. Мань хүн худлаа залж байнаа. Өдөртөө 50 мянга олдог, түүнээсээ бензинд өгөөд үлдсэн нь цэвэр орлого гэв. Үнэн л байх болтугай. Бас нэг хувийн таксичинтай хөөрөлдлөө. Орлого нойл, ямар ч гоё юм алга. Шатахууны үнэ нэмэгдсэн. Ноднин эхний нэг км-ийг 1000-аар яваад цаашаа км тутамд 800 төгрөг байсан, энэ жил 1500-аас эхлээд км тутам 1000 гэж байна. Гэвч хүн суухгүй, өдөржингөө дэмий зогсох, эсвэл дэмий явахаас цаашгүй, оройдоо талхны мөнгөтэй харьвал дээдийн заяа гэх нь тэр. Ер нь ашиггүй гэж ярилаа. Үгүй тэгээд ажлаа солиод өөр ажил хийгээч гээд хэлчих гэтэл өөрөө яриад унав аа. Ажил олдохгүй, олдлоо ч хөгшин энэ тэр гэж голоод гэж байна. Тэр нөхөр өөрөө таксичнаас өөр ажлын байранд өөрийгөө бэлтгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх янзгүй.

Нийслэлийн засаг даргын надад хэлснээр бол 20 мянган оюутан Улаанбаатарт хувийн таксичны ажил эрхэлдэг, нөгөө олон мянган хувийн машинтнуудаас гадна шүү дээ. Хөдөөнөөс нийслэл рүү ороод ирдэг, нэг их сургуулийн бараа хардаг. Стипент гэж өгөхгүй. Тиймээс хувийн машинаар орлого ол гээд эцэг эх нь машин аваад өгчихөж. Давхиад байх нь тэр. Юун нөгөө хичээл сургууль. Дөрвөн жил өнгөрдөг. Дипломт ромбо бэлэн. Хувийн дээд сургууль бол мөнгийг нь аваад л төгсгөж байвал барав. Төлбөрөө хонь малаар хийдэг, “мянгат малчин” болчихсон хувийн дээдийн захирал ч байх шиг.

Таксичны тухайд ердөө ийм. Монгол Улсын замын багтаамж, тээврийн хөгжил, машины илүүдэл, машины бохир утаа, үйлчлүүлэгч хэд бий зэрэг нь тэдэнд ердөө падгүй. Эх орны хөгжил дэвшил, улс төр, эдийн засаг бүр падгүй. Амиа хичээсэн тун арчаагүй дүр зураг.

Харин давуу талууд бас байнаа. Хэнд ч захирагдахгүй, хэнд ч татвар төлөхгүй, ажлын цаг нар гэж байхгүй, хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй, биеэ зүдрээхгүй, хувь төөргөөрөө, зоргоороо явжсууж амарч байна. Нүүдэлчдийн төрмөл зан чанар болох эрх чөлөөт байдал хувийн машины жолооны ард байна. Мөнгө орлого, хур хөрөнгө байхгүй ч хэнээс ч үл хамааран аз жаргалтай амьдарч байна. Давуу тал нь ердөө л тэр. Түүнийхээ төлөө мянга мянган монголчууд “эрх чөлөөт жолоочийн бизнес”-ээ эрхлэн байна.

Энд бичсэнийг бизнес гэх үү? Орлого гэх үү? Улсын хөгжил гэх үү? Лангуучид ба таксичдаас хэдэн тэрбум төгрөг улсын сан хөмрөгт хуримтлагддаг вэ?Үүнийг би УИХ-ын эрхэм гишүүдэд хандаж асууж байна. Бахь байдгаар нь ингээд орхих юм уу?

Намайг яг ингэж бичээд эхлэхтэй зэрэг л “Монголын ард түмнийг ийм болгосон” ялтан гэмтнийг надаас нэхээд ирэх нь тэр. Ингээд нийтлэлч Баярхүү хэл амны бай болон хараалгаад байх нь тэр. Тамын тогооны эргүүлэг. Явж явж би буруутна. Гэмгүй, цайлган сэтгэлтэй, нэн ажилч хөдөлмөрч бүтээлч монголчуудыг лангуучин, таксичин албадаж болгосон, 30 жил төр барьсан муу муухай улс төрчдийг өмгөөлөгч хамгаалагч нь би болоод гараад ирэх нь тэр. Төр засгийн удирдлагууд маш муу ажилласан гэдгээс өөр шүүмж сонсох дургүй.

Дахиад л өчгөө өгье. Мад суулгах асуулт. Энэ олон мянган лангуучин, таксичдыг яг албадаж ажлын тэр байранд нь шахаж оруулсан тохиолдол, тэгсэн эзэн холбогдогчийг нэрлээч ээ? Хариулах хүн байна уу? Хэнд ч захирагдахгүй (эхний нэгдүгээр чин хүсэл нь!), бие тархиа огтоос зовоохгүй (хоёрдахь хүсэл нь!), хүний ланчиг дор дороо (гуравдахь хүсэл нь!) гэсэн монгол ухаан, монгол сэтгэхүй зах зээл, ардчилал эрх чөлөөтэйгээ холилдоод явж байгаа нь энэ биш үү? Эрх чөлөөгөө эдлээд 30 жил болсны эцэст харахад ийм л нийтлэг дүр зураг бууж байна. Эх орондоо ямар ч бүтээл байхгүй хувиа хичээсэн бэртэгчингүүд.

Ажлын насны монголчуудын 40 хүрэхгүй хувь нь ажил эрхэлдэг, хүн амын 30 орчим хувь нь байнга буюу зарим үед ядуурчихдаг. Тэдэнд улс орны хөгжил дэвшил огт падгүй. Ажлын насны идэвхтэй 200 мянган хүн ажилгүй ба ажил хийх сонирхолгүй. Тэглүүлчихнэ гэсэн сохор итгэлтэй түг түмэн ахмад нь тэтгэврийн зээлэнд дугаарлана. Ажил хийхгүй гэдсээ тэжээж аргалаад болоод байдаг. Aргалаад болоод байдаг учраас ажил хийж чадах шаардлага ч байхгүй. Нүүдэлчний амиа аргацаах, юмыг аргалах сэтгэлгээ. Ийм үхээнц нийгмийг улам буртаглуулахад лангуучид ба таксичдын “хувь нэмэр” ердөө энэ дээ.

Дэлхий нийтийг хамарсан kоронавирүс гэх цар тахал улс орныг маань базаад авлаа. Худалдаа зогслоо. Хил хаагдлаа. Агаарын ба хуурай газрын тээвэр зогслоо. Зөөдөг, зардаг бараа таваар бүхэнд чинь “kорона” шингэж орж ирчих гээд аюулын харанга дэлдээд байна. Хязгаарлалт лав энэ жилжингээ үргэлжилнэ. Лангуучид ба таксичдын эрхэлж ирсэн, эрхэлж байгаа энэ ажил алба чинь хэрэгцээгүй, эсвэл ямар ч утгагүй болох цаг тулж мэдэх нь байна. Лангуучин, таксичин гэлтгүй нийт монголчуудад ийм хүнд сорилт (олон сараар бол дүүрчээ, олон жилээр л бүү байгаасай!) тулгарч таарлаа. Таны сэтгэлд ямар нэгэн “юм” бодогдохгүй байна уу?

Дэлхий дахин шал өөр тоглоомын дүрэм сонгох гэж байна. Тэр сонголт улс орон тус бүрт тун зовиуртай боловч гарцаагүй бууна. Монгол маань тусдаа онцгойроод, хүссэнээрээ зоргоороо үлдэх ямар ч боломжгүй. Түүнд бэлтгэлтэй байхыг уриалан дуудмаар байна. Хоёр сар хагас “kорона”-д элдэвлүүлчихээд Та бид ухаарал сэхээрэл авмаарсан даа!

Нийтлэлч БАЯРХҮҮ

http://baabar.mn/

 


URL: