Ч.Улаан: 300 тэрбум төгрөгөөр бэлтгэх ноолуурыг аймаг болгонд хувь тэнцүүлэн хуваахыг ААН-үүд өөрсдөө шийднэ

604

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох юм. 

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ” Ноолуур хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны эх үүсвэрээр 2018, 2019 онд 38 аж ахуй нэгжид 296.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. 2016 оноос хойш төлөгдөөгүй үлдэгдэл 160 гаруй тэрбум төгрөг, 2019 оны үлдэгдэл 52 тэрбум төгрөг байгаа нь боловсруулах үйлдвэр хүнд байдалд орсныг харуулж байна. Засгийн газраас гуравдугаар сард тогтоол гаргаж, шинэ төрлийн коронавирусийн халдварын энэ үед малчид, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилготой юм. Малчдын орлогыг тогтвортой байлгах, аж ахуй нэгжээ дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг олгож байна. Өнөөдрийн байдлаар яамтай бодлогын гэрээ байгуулсан 10 гаруй аж ахуй нэгж ноолуураа бэлтгэж эхэлсэн. Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгуудаас эхэлсэн бөгөөд нийт аймгуудаас 2240 тонн ноолуур авах гэрээ байгуулсан. Ойрын үед 3000 тоннд хүрч гэрээ байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил хангагдсан. Дотоодын бэлтгэн нийлүүлэгчдэд дэмжлэг үзүүлэхээс гадна блокчэйн технологийг хэвшүүлэх, хураамжийг бууруулах, экспортыг саадгүй явуулах чиглэлээр ажиллаж байна” хэмээн асуулгад хариулав.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

    УИХ-ын гишүүн О.Батнасан ”Ноолуур маш чухал зүйл. Монгол улс орлогын 10 хувь нь энэ зах зээлтэй холбоотой. Ялангуяа өнөөдөр эдийн засаг зогсонги байдалтай байгаа энэ үед маш чухал зүйл болоод байна. Мөн халуун, хүйтэн өдөр шөнийг ялгалгүй ажилладаг малчдын том эрх ашиг байна. ХХААХҮ-ийн сайдын танилцуулгыг сонслоо. Асуудал их байгаа юм байна. 50 гаруй тэрбум төгрөгний өр байгаа юм байна. Гэхдээ 3000 орчим тонн ноолуурыг авчих юм байна. Тэгэхээр цаана нь байгаа 7000 орчим тонн ноолуурыг яах вэ. Малчдад ноолуураа зарах сонирхол маш их байна” гэлээ.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ”Энэ жил Монгол Улс 10000 тонн ноолуур бэлтгэнэ. Үүнийг Засгийн газрын бодлогоор 3000 тонныг дотоодын эх үүсвэрээс бэлдэхээр эхлүүлсэн байгаа. Цаана нь үлдэж байгаа 70 хувийг бэлдэх асуудал нь хөрөнгийн эх үүсвэрээ яаж шийдэхээс шууд хамаарна. Мэдээж Монголбанктай яриад нэмэгдлийн эх үүсвэрийг бий болгох арга замуудыг хайна. Гэхдээ эдийн засагт ирэх эдийн засгийн үр дагаврыг бас харна. Цаасан мөнгө хэвлэж энэ асуудлыг шийдвэр амаргүй ачаалал үр дагавар шинж бий. Тиймээс аль болох гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж оруулах бодлогыг түлхүү явуулах нь зүйтэй. Энэ жил коронавирусийн халдвартай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн учраас гадаадын хөрөнгө оруулалт хэзээ орж ирэх асуудал тодорхойгүй байна. Малчдад банкныхаа зээлийг хугацаанд нь төлөх шаардлага бас хурц тавигдаж байна. Тиймээс Засгийн газрын зүгээс Монголбанк, Хөгжлийн банктай ажилласны хүчинд Малчдын зээлийн төлбөрийг 1 жил хүртэл хугацаагаар хойшлуулж сунгасан байгаа. Энэ хугацаанд алданги, төлбөр тооцохгүй. Энэ жилийн ноолуурын чанар их сайн байгаа. Энэ ноолуурыг саадгүй импортод гаргах бололцоог нээж өгнө. Мөн тодорхой хэмжээний хөнгөлөлт, дэмжлэг үзүүлнэ” гэв.

   УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ”3000 тонн ноолуур бэлтгэсэн гээд байна. Энэ нь зүүн аймгуудад л яригдана. Түрүүлж гарснаар нь гэдэг юм уу эх үүсвэр бий болгосон 300 тэрбум дуусчихсан гэсэн ойлголт өгөөд байна. Миний ойлгосноор Монгол Улсын хэмжээнд нийт гарч байгаа ноолуурын 30 хувийг нь эх үүсвэрийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гаргаж байна гэж бодоод байгаа. Аймаг, аймагт жил болгон гардаг ноолуурын хэмжээ гэж бий. Тэгэхээр аймаг, аймагт хувь тэнцүүлж, хувь гаргаж болоогүй юм уу. Баруун аймгуудын ноолуур одоо ч гараагүй байна. Үүнийг цаашдаа яах юм бэ?” гэв.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ”300 тэрбум төгрөгөөр бэлтгэх ноолуурыг аймаг болгонд хувь тэнцүүлэн хуваарилах боломж байхгүй. Гэхдээ энэ зарчмыг харгалзаж үзсэн. Эцсийн эцэст, энийг эрсдэлээ хүлээгээд дэлхийн зах зээлийнхээ үнэ ханшийг тооцож үзээд зээл авч байгаа ААН-үүд өөрсдөө шийднэ. Тэрийг бид хүчээр шийдэж өгч болохгүй. Зөвхөн зүүн гурван аймгаар хязгаарлачихсан юм биш” гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Аз


URL: