“Би домог” /богино үгүүллэг /

11190

Хаашаа ч юм бэ дээ? Түүх домог ярих нас арай л болоогүй мэт санагдана. Гэвч түүх домог шиг үл мартагдах дурсамжууд нэмэгдэж зузаарсаар байхаар яах билээ гэж хэлээд багш минь санаа алдав. Чухам тэр үед надад настай хүний цөхөрсөн, тэнэг үглээ үг л хэмээн санагдаж байж билээ. Нэг их тоолгүй өнгөрөөжээ. Түүнээс хойш он жилүүд хурдны замаар хот хооронд давхиж яваа машин шиг л салхи татуулан өнгөрчээ.
Тэр цүнхээсээ том саарал дэвтэр гаргаж ирээд надад өгөв. “Хамгийн арын хуудсанд миний тухай хамгийн чухал нууц байгаа” хэмээгээд өөдөөс харав. Одоо миний нүдэнд идэр залуу багшийн минь инээд алдсан баясгалантай царай л харагддаг. Түүний уйтгарлаж гуниглаж байсан хором бүгдийг мартжээ. Дандаа нүүр дүүрэн инээд цацруулсан түүнийг хааяа би зүүдэлдэг. Зорьж очсон газар нь их жаргалын орон бололтой.
Хамгийн арын хуудсанд таталган бичсэн дөрвөн үгүүлбэр байлаа. Би хичнээн унших гэж оролдоод барсангүй. Том том үсгүүд холбоод их л нямбай бичдэг түүнийг ийм жоргоолжны мөр шиг бичиж байхыг нь санахгүй юм. Тэгээд л нэг ч үг гаргаж чадаагүйдээ харамссаар дэвтрийг нь хааж билээ.
Өнөөдөр багшийнхаа үлдээсэн хэдэн номыг цэгцлэж суугаад саарал дэвтрийг нь санамсаргүй олов. Өнөөх хамгийн арын хуудасны хэдэн үгүүлбэрийг уншиж чадаагүйгээ санаад сөхөн харав. Бурхан минь үг үсэг нь тодоос тод дурайж байна. Хачин юм даа
“Чи 40 хүрээд миний бичсэнийг уншиж чадна. Учир нь энд бичсэн ганцхан үгүүлбэрийг л би чамд зориулсан юм. Тэр цагт чи миний чамд юу хэлж амжаагүйг ойлгох болно. ХҮҮ МИНЬ “БИ ДОМОГ” ХАРИН ЧИ…

2016-04-20

П.Батхуяг


URL: