Б.Баатархүү: Иргэн Б.Цэгмидийг цагдаагийн албан хаагч зодсон асуудал байхгүй

652

АН-ын дэргэдэх АЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, машинтай жагсагч Б.Цэгмид өчигдөр Өмнөговь аймгийн цагдаад нарт зодуулсан хэмээн бичлэг хийн, олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Мөн түүний эмнэлгийн тусламж авч буй зураг ч сошиалд тавигдан иргэдийг талцуулаад байна.

Иргэн Б.Цэгмид бичлэгтээ “Өмнөговь аймгийн цагдаа нар ямар муухай юм бэ. Хүнийг эрүүдэн шүүдэг юм байна. Би Даланзадгадаас гараад явж байна. Намайг замд зогсоох гэж оролдлоо. Би зугтаагаад явж байна. Найзууд Өмнөговь, Дундговьд тосоорой. Хүнийг хэдэн цагаар хоол ундгүй хориод, эрүүдэн шүүдэг ажиллагаа цагдаагийн газраас явууллаа. Энэ цагдаа нарт алуулах юм байна” гэсэн юм.

Харин уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгчээ. Тэрбээр “Энэ асуудлаар Өмнөговь аймгийн цагдаагийн газартай холбогдсон. Цагдаагийн албан хаагч тухайн иргэний бие болон эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Үүнийг хамт явсан хүмүүс нь гэрчилнэ. Бичлэг нь ч бий. Эмчийн зүгээс харшлын шинжтэй байна гэж хэлсэн. Эмнэлэгт хэвтэж харшлаа эмчлүүлэх үү гэхэд өөрөө миний бие зүгээр гээд гараад явсан байна. Иргэн Цэгмид өөрөө ч цагдаагийн албан хаагчид миний биед халдаагүй гэж хэлсэн нь бичлэгт байгаа. Шаардлагатай гэж үзвэл энэ бичлэгийг бид үзүүлж болно.

Дөнгөж сая эмнэлгээсээ гараад явсан байна. Цагдаагийн албан хаагчид эрх чөлөөнд нь халдсан асуудал огт байхгүй. Бүх юм камерын бичлэгтэй” гэлээ.


URL: