Малайзын цагдаад хүчирхийлүүлсэн хоёр эмэгтэй Дээд шүүхэд хандлаа

6921449932477504112_900_x_563

  • Хүчингийн хэрэгт сэжиглэгдэж буй цагдаагийн офицер батлан даалтад гарчээ
  • Гэмт этгээдүүдийг Малайзын Эрүүгийн хуулийн дагуу хүчингийн хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Гэвч хэрэгт сэжигтэн болох 30 настай цагдаагийн офицер долоо хоног хоригдож байгаад өнгөрсөн бямба гаригт цагдаагийн батлан даалтаар суллагдсан нь тодорхой боллоо

Малайз улсын Петалинг Жаяа хотын цагдаагийн хоёр алба хаагч хоёр монгол эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарсан билээ. Хохирогчид энэ сарын 23­-ны өдөр хэрэг үйлдсэн цагдаагийн офицер болон гэмт хэрэг үйлдэгдсэн зочид буудлын өмчлөгчийн эсрэг Куала Лумпурын Дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Зочид буудлын эзнийг тус хэрэгт холбоотой гэж үзсэн бөгөөд тэдний өмгөөлөгч Томас Филип “Энэ бол халдлагад өртсөн хохирогчид нөхөн төлбөр авах эхний алхам” хэмээн мэдэгдлээ. Гэмт этгээдүүдийг Малайзын Эрүүгийн хуулийн дагуу хүчингийн хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Гэвч хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй 30 настай цагдаагийн офицер долоо хоног хоригдож байгаад өнгөрсөн бямба гаригт цагдаагийн батлан даалтаар суллагдсан нь ил болоод байна. Энэ талаарх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллээр тарснаас гадна Малайзын сэтгүүлчид тус улсад амиа алдсан манай улсын иргэн Ш.Алтантуяагийн аав Шаарийбуутай холбогдож, энэ тухай мэдэгдсэн аж. Томас Филип “Шүүх миний үйлчлүүлэгчдэд учирсан хохир­лыг барагдуулж, онцгой нөх­цөлийн үед гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хариуцлага тооцно гэж найдаж байна. Монгол Улсын Консулын газар иргэдийнх нь эрхийг хамгаалж, тусална гэдэгт итгэж байгаа тул бид үүргээ биелүүлэхийн тулд чадах чинээгээрээ хичээнэ” хэмээн мэдэгджээ. Өмгөөлөгч Томас цагдаагийн офицерыг хэзээ гэм буруутайд тооцон ял хүлээлгэх талаар тодруулж, Эрүүгийн мөрдөн байцаах газрын дарга Хузир Мохамедад захидал бичсэн аж. Харин Петалинг Жаяагийн цагдаагийн байгууллага уг хэргийг шийдвэрлүүлэхээр Шах Алам мужийн прокурорт шилжүүлсэн гэж мэдэгджээ. Мөн энэ хэргийн талаар цагдаа­гийн байгууллагад мэдэгдсэн, хохирогчдын найз гэх гурван эмэгтэй хамгаалалтад байгаа талаар манай сонин мэдээлж байсан. Тэднээс хамгаалалтын дор хүчингийн хэрэгтэй холбоотой байцаалт авч буй. Гэхдээ тэд хүний наймааны золиос болсон байж болзошгүй тул Хүн худалдаалахтай тэмцэх болон Цагаачдыг хууль бусаар хил нэвтрүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгаж байгаа аж. Хамгаалалтад байгаа эмэгтэй­чүүдийн хуулийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Үйлчлүүлэгчдийг нь хамгаалалтад байлгаж, байцаалт авах ажиллагаа эрхийг нь зөрчсөн шинжтэй, гадаад ертөнцтэй харилцах боломжийг нь хязгаарласан байна” хэмээжээ. Гурван эмэгтэйн нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд Монголд буй өвчтэй ээжтэйгээ холбоо тогтоох боломжгүй байгаагаа илэрхийлсэн аж.

Засгийн газрын мэдээ


URL: