Эрдэнэтчүүдийн итгэлийг эвдсэн гурав

11263

Төр түших хүндтэй үүрэг хүлээж, дөрвөн жил саарал ордонд хууль баталж суусан түшээд ард түмэндээ дүнгээ тавиулах мөч ойртож байна. Тойргоороо тоотой үзэгдсэн гишүүд сонгогчдодоо санаа тавиад сүйд болж байгаа сурагтай. Дөрвөн жилд нэг удаа төр төлөөлөх эрхээ эдэлж, сонголтоо хийдэг ард түмэн улс төрийн намуудаас уйдах, залхах хандлага энэ жил ажиглагдаж буй. Тиймээс шинэ залуу хүнийг сонгоно гэх ард түмний хүлээлтэд улс төрийн намууд нийцэж, мэдэрч ажиллах хэрэгцээ шаардлага үүслээ. Бид “Сонгууль-2020” буландаа 76 гишүүний хийсэн ажил, хэлсэн үгийг тоймлон хүргэж байгаа. Энэ удаа Орхон аймгийг онцолж байна. Тус аймгийг УИХ-д өнгөрсөн дөрвөн жилд О.Содбилэг, Д.Дамба-Очир, О.Баасанхүү нар төлөөлсөн билээ.

СОНГОГЧДОО МАРТСАН О.СОДБИЛЭГ

“Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ” гэгчээр УИХ-д аавынхаа нэрээр “өв залгамжлан” гарч ирсэн тэрбээр Орхон аймгаас хоёр удаа сонгогдсон нэгэн. Гэхдээ сонгогдсоныхоо дараа тойрогтоо бараг ажилладаггүй, сонгуулийн өмнө гарч ирдэг үзэгдэл болчихсон гэдгийг эрдэнэтчүүд хэлдэг. Парламентад хоёр дахь удаагаа сонгогдсоноос хойш хуруугаар өлгөчих олигтой ажил огт хийгээгүй учраас энэ удаагийн сонгуульд Орхон аймгаас нэр дэвшихгүй өнжихөөр болсон гэх мэдээлэл байна.

Түүний хувьд УИХ-ын 2-3 Байнгын хороонд харьяалагддаг ч хуралдаа тэр бүр суудаггүй. Сүүлд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажилласан ч хариуцлагатай, чамбай дарга байгаагүй, арай чүү “үүрэг гүйцэтгэдэг” байв. Түүний санаачилж, батлуулсан “автор” нь гэгдэх хууль, тогтоолын төсөл тун цөөхөн. Найман жил парламентад суусан хэр нь “сул” гишүүний үүрэг гүйцэтгэж, кноп дарагч л байв. Аавынхаа нэрээр орхончуудын өмнөөс хоёр парламент дамнан төр түшилцсэн ч энэ удаа нүүр буруулж, Завханаас өрсөлдөхөөр тойрог горилж яваа гэх. Энэ санаа нь бүтэлгүйтвэл өрсөлдөхгүйгээр сонгуулийн дараа хамтарсан Засгийн газарт сайд болно гэх тохироо хийсэн байхыг ч үгүйсгэхгүй. Ийм мэдээлэл ч улс төрийн хүрээнд яригдсан аж.

ЭРДЭНЭТЭД НҮҮРГҮЙ, ЖДҮ-ЧИН Д.ДАМБА-ОЧИР

Албан тушаалаа ашиглан, УИХ-ын гишүүний суудал маань зээлийн барьцаа болно хэмээн ичиж, эмээхгүйгээр “айлдаж” байгаад ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан хүн бол Д.Дамба-Очир. Буруу хэрэг хийсэн бол хэзээ нэгэн цагт илэрч, хар, цагаан нь дэнслэгддэг юм хойно орхончуудын төлөөлөл нэрээ ийн хөөтэй хутгаж орхив. Энэ үйлдэл нь бүрэн эрхээсээ түдгэлзэх шалтгаан болтлоо даамжирч, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Өргөдлөө өг” гэж шахсан тухай мэдээлэл ч бий.

Юун Эрдэнэт манатай гишүүний халдашгүй бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулалгүйхэн шиг “хоёр яс” салах санаа өвөртөлж, сандарч яваа Д.Дамба-Очир Дундговьд нэр дэвшихээр “гүйдэлтэй” болоод буй. Үүнээс өмнө албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авсан талаарх мэдээлэл хүчтэй яригдаж эхэлбэл тэр нэр дэвших эрхгүй болно. Угаас МАН-ын дарга ийм хэрэгт нэр холбогдсон гишүүдээ дэвшүүлэхгүй гэж буй. Гэхдээ тэр хэлсэн ярьснаасаа буцахгүй бол шүү дээ.

Д.Дамба-Очирын хувьд өнгөрсөн дөрвөн жилд “сул” гишүүн байв. Нэг хэсэг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажилласан ч хангалтгүй түвшинд байв. УИХ-ын чуулган, Байнгын хороодоор хэлэлцэж буй хууль, тогтоолын төсөлд хэлж буй санал, үг нь үлбэгэр, сул. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж чадаагүй юу, эсвэл ямар нэг эрх ашиг байдаг уу гэдэг нь сонин.

НАМ СОЛЬЖ, НЭГИЙГ МУУЛЖ, НӨГӨӨД ТАЛ ЗАСАГЧ О.БААСАНХҮҮ

МАХН-ын дарга Н.Энхбаярын “оймсонд” хавчуулагдаж УИХ-д орж ирсэн гэж 2012-2016 онд баалуулж явсан О.Баасанхүү өнгөрсөн дөрвөн жилд орхончуудыг төлөөлж, УИХ-д сууж буй. Хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын босго давсан тэрбээр “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр парламентад хөтөлж оруулж ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг зав л гарвал муулж байдаг болов.

Хэн нэгэнд ач санах, голтой хандах талаарх түүний ойлголт 180 хэм өөрчлөгдсөн үү, эсвэл угаас тийм хүн үү гэдгийг тодорхойлж мэдэхгүй юм. Ямартай ч УИХ-ын чуулганы хуралдаанд байсхийгээд гишүүдтэй муудалцаж, шөргөөцөлдөж байдаг тэрбээр энэ үйлдлээ “Би чадаж байна” гэж боддог бололтой. УИХ-д МАХН-аас ганц суудал авсан учраас санаачилсан хууль, тогтоолын төсөл нь төдийлөн амжилт ололгүй байсаар хууль тогтоох байгууллагын гишүүний бүрэн эрхээ тэрбээр дуусгаж байна. Нэг ёсондоо, хийж гийгүүлээд байсан ажилгүй шахам УИХ-д дөрвөн жил орхончуудыг төлөөлөв.

Намын бүлэггүй, өөрийн бодол өөртөө зөв гэсэн философиор дөрвөн жил явсан тэр хэдхэн хоногийн өмнө АН-д элсэв. Ингэснээр УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралд сууж, чуулган, Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж буй асуудалд байр сууриа нэгтгэх эрхтэй болов. Гэсэн ч энэ удаагийн парламентын отгон хаврын чуулган завсарлахад сар хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдээд байна. Энэ хооронд амин чухал хууль, тогтоолын төсөлд саналаа тусгуулж амжихгүй нь тодорхой харагдана.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Дархан, Эрдэнэтийг дагуул хот болгохоор тусгасан. Улсын статустай том хот болгохоор болсон нь тус аймагт бодлого тодорхойлох, зангидах төрийн төлөөлөл нь мэдлэг, боловсролтой, тулхтай хүн байх шалгуур гаргаж ирэв. Түүнээс тэдний итгэлийг хүлээж, сонгогдчихоод Д.Дамба-Очир, О.Содбилэг шиг өөрийн эрх ашигт нийцэх зүйлд дуугарчихаад, О.Баасанхүү шиг намгүй, бодлого тодорхойлолцоход олигтой үүрэг гүйцэтгэхгүй хүмүүс сонгочихвол өмнө нь ямар байсан тэр хэвээр л дахиад дөрвөн оныг үдэх болчихоод буй юм.

ЭХ СУРВАЛЖ: Б.БИЛЭГТ,ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL: