ЭМЯ: ХӨСҮТ-өөс тусгаарлалтын хугацаа нь дууссан 80 хүнийг гаргалаа

20

ЭМЯ-аас 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл “ОХУ-ын Ерөнхийлөгч хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 12 хүртэл сунгасан. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн хүнд өдрүүдийг туулж, коронавирустэй тэмцэж байна. Тиймээс иргэд эмч нарын зөвлөмжийг дагахыг уриалсан байна. Манай улсад 714 хүнийг хяналтад байлгаж, шаардлагатай үйлчилгээг үзүүлж байна.  Сүүлийн 14 хоногт гадаадад байгаа 5 хүн коронавирустэй гарсан тул манайд хандаж, утсаар ярьж, зөвлөгөө авсан. Мөн иргэд хүүхдээ дагуулж гадуур их явж байна. Шаардлагагүй тохиолдолд хүүхдээ дагуулж явахгүй байх нь зөв. Шаардлагатай гэвэл амны хаалт зүүлгэж дагуулж яваарай” хэмээлээ.

ЭМЯ-ны  Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа “БНСУ-д өчигдөр шинэ тохиолдол 10, нас баралт 2 бүртгэгдсэн байна. Солонгос улсад шинж тэмдэггүй хүнээс коронавирус халдаж байгаа тохиолдол их гарч байгаа юм байна. Тиймээс Солонгос улсад хөдөлмөр эрхэлдэг бүртгэлтэй болон бүртгэлгүй  оршин сууж байгаа гадаадын иргэдийн амьдарч буй байр нь эрүүл мэндийн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж үзэх асуудлыг ярьж эхэлсэн байна.  Зарим гадаад хүний амьдарч байгаа байрыг шалгаж үзэхэд, шаардлага хангахгүй байсан аж. Түүнчлэн Солонгости зөвхөн Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдэд амны хаалт олгож байгаа. Тиймээс гадаадын иргэдийн тэн хагас нь амны хаалт авч чадалгүй үлдэж байгаа аж” хэмээлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны 4 сарын 28-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 315 шинжилгээг хийхэд вирус илрээгүй.  ХӨСҮТ-д тусгаарлагдсан 112, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 2, ажиглах байранд тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 115 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна. Уушигний өвчтэй, ханиад томуугаар өвчилсөн хүмүүсээс тандалтын зорилгоор хамар, залгиурын сорьц авч, шинжилсэн.

ХӨСҮТ-өөс тусгаарлалтын цаг хугацаа нь болсон 80 хүнийг шилжүүлсэн. Ажиглах байранд байсан 154 хүнийг шилжүүлсэн. Дараагийн тусгай нислэгээр ирэх хүмүүсээ хүлээн авах боломжтой болсон” хэмээлээ.


URL: