Г.Ариунбуян: Чартер нислэгт багтахын тулд эрүүл мэндийн шалтгаантай гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж байна

22

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ”Ойрын өдрүүдэд тусгай үүргийн гурван онгоцоор иргэдээ хүлээн авахаар бэлтгэлээ хангасан. Дөрөвдүгээр сарын 30-нд нийт 7 улсаас транзит нислэгээр нийт 273 зорчигч транзитаар ирнэ. Тавдугаар сарын 1-нд Сөүлээс нийт 271 зорчигч, тавдугаар сарын 2-нд 13 улсаас нийт 263 иргэнээ авч ирнэ. Эдгээр онгоцоор эрүүл мэндийн шалтгаан, жирэмсэн, өндөр настан, бага насны хүүхэдтэй гэр бүл, оюутан сурагчид ирнэ.

БНСУ-ын Хууль зүйн яамнаас шаардлага тус улсад визний хугацаа хэтрүүлээд саатуулах байранд саатуулагдсан 33 иргэнээ энэ удаагийн нислэгээрээ ав гэсэн шаардлага тавьж байгаа. Тэгэхээр БНСУ-ын талаас тавьж байгаа шаардлагыг бас бодолцож үзэхгүй бол болохгүй.

Хорт хавдартай 86 настай иргэнийг онгоцонд багтаасангүй гэсэн гомдлууд байсан. Тэр иргэн чартер нислэгт багтсан. Чартер нислэгээр ирэх иргэдийг сонгоход үнэхээр хүндрэлтэй байна. Жишээ нь, жирэмсэн эмэгтэйчүүдээс маш хэцүү сонголт хийсэн. Хоёр сартай жирэмсэн эмэгтэйг авах уу, зургаан сартай жирэмсэн эмэгтэйг авах уу гэдэг сонголттой тулсан. Тиймээс мэргэжлийн байгууллагаас зөвлөмж авч байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай гэсэн маш олон өргөдөл байсан. ЭМЯ, мэргэжлийн хүмүүс суугаад нотлох баримт бичгийг нь үзэж судлаад, хуурамчийг нь илрүүлээд шүүж гаргасан байгаа. Нэрсийг гаргахдаа бид нэг, нэгнийгээ хянаж байна. Тийм учраас тагнуул, цагдаагийнхныг оруулж байгаа шүү дээ” гэлээ.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян ”Иргэд тусгай үүргийн онгоцоор ирэхийн тулд эрүүл мэндийн шалтгаантай гэх хуурамч бичиг баримт бүрдүүлж өгч байна. Энэ нь шуурхай штабынхны ажилд хүндрэл учруулж байна. Эдгээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүст хариуцлага тооцно. Турк улсаас 500 гаруй иргэн ирэх хүсэлтээ өгөөд байна. Энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх талаар судалж байна. Иргэдээ татан авахдаа эмч нарын хүрэлцээ, тусгаарлах байрны хүрэлцээгээ харах болно. Мэдээж хоёрхон онгоц нислэг хийж байгааг бодолцож үзэх хэрэгтэй” гэлээ.


URL: