Өнгөрсөн онд 122 хүн, 2020 он гараад 33 хүн мотоциклийн ослоор амиа алджээ

237

Дэлхий даяар олон хүний аминд хүрээд буй коронавирусийн цар тахлын үед өөрсдийгөө амжилттай хамгаалж буй, нэг ч хүн эндээгүй цөөн улсын нэг бол Монгол. Хэдий ийм ч өнөөдөр манай улсад олон арван хүн өөрсдийн хийсэн сонголт, хариуцлагагүй байдлаас үүдэн амиа алдсаар байна.

Тээврийн цагдаагийн албанаас жил бүр гаргадаг “Зам тээврийн ослын өнөөгийн байдал” тайлангаас үзэхэд манай улсад жилд дунджаар 500 орчим хүн зам тээврийн осол, гэмтлээс үүдэн амиа алддаг ажээ. Үүнээс мотоциклийн ослоор нас барсан хүмүүсийн тоон үзүүлэлт үнэхээр харамсалтай санагдана. “Хамгийн ойрын баримт мэдээлэл гэхэд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар мотоциклийн ослын улмаас 33 хүн нас барж 19 хүн гэмтсэн байна”

-МОТОЦИКЛИЙН ОСЛООР АМИА АЛДАХ ТОХИОЛДЛЫН
ТОО БУУРАХГҮЙ БАЙНА-

Тээврийн цагдаагийн албаны мэдээллээр 2012, 2013 он тус бүр мотоциклийн ослоор 112 хүн нас баржээ. Үүнээс хойших жилүүдэд тус тоон үзүүлэлт буурсангүй. Өнгөрсөн 2019 онд л гэхэд мотоциклд холбогдсон 489 зам тээврийн осол бүртгэгдэж, 122 хүний амь нас хохирч 273 хүн гэмтэж бэртжээ.

Үүний 84,9 хувь нь хөдөө орон нутагт гарсан байна. Энэ нь малчид амиа алдах нь нэмэгдэж байгааг илтгэж байгаа юм.

Урин дулаан цаг ирж хот, хөдөөгүй хоёр дугуйтыг хэрэглэх болсон ч энэ нь өөрөө олон эрсдлийг дагуулж байна. Мэдээж хэрэг энэ унаа хөдөөний малчдын ажлыг нэг талаас хөнгөвчилсөн тодорхой. Гэвч худалдан авахдаа хямдыг бодож чанаргүйг сонгодог. Тэр байтугай улсын бүртгэл ч хийлгэхгүй унаж байгааг сүүлд гарсан ослуудаас харж болно. Осол гарч байгаагийн ердөө хоёр гол шалтгаан бий. БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль хямд байдаг ч зөвхөн хатуу хучилттай замд зориулагдсан байдаг учир хөдөөний шороон замд тохиромжгүйн зэрэгцээ мотор буюу хүндийн жин нь дээд хэсэгтээ байрладаг нь онхолдох шалтгаан болдог. Нөгөө нь жолооч архидан согтуурсан үедээ жолоо барьж яваад осол аваарт өртөж байна. Өнгөрсөн онд 70 хүн мотоциклтойгоо онхолдож, 44 хүн согтуугаар жолоо барьж яваад амиа алджээ.

-МОТОЦИКЛ АВСАН ХҮН ГУРВАН УДАА БАЯРЛАДАГ-

“Мотоцикл авсан хүн худалдаж авлаа, амьд үлдлээ, зарлаа гэж гурван удаа баярладаг” гэсэн үг ч олны дунд гарсан байдаг. Анхнаасаа л эрсдэл, аюулыг тооцолгүй чанаргүй мотоцикл сэтгэл хөдлөлөөрөө авсан залуус ч бий. Гаалийн байгууллагын мэдээлснээр манай улс жилд дунджаар 40000 орчим мотоцикл импортлодог. Гэсэн ч одоогоор манай хуулинд импортлогдож буй мотоциклуудад тавигдах стандарт, импортлох дээд тоон хэмжээ, бүртгэл хийлгэсэн эзэмшигч, хэрэглэчид тавих хяналт зэрэг шаардлагууд аль нь ч байхгүй, Иймээс үүнд хчналт тавих учиртай ГЕГ, МХЕГ зэрэг байгууллагууд гаалийн бүрдүүлэлт хийж, татвар авахаас өөр хяналт байдаггүй гэсэн үг юм.

Манай улсад албан ёсны зөвшөөрөлтэй цөөн тооны мотоциклийн худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж байдаг. Тэдний оруулж ирж буй мотоцикл үйлдвэрлэл болон хэрэглээний олон улсын стандартын шаардлага хангасан байдаг бол стандартын бус, зөвшөөрөгдөөгүй мотоциклийг хүмүүс хувиараа оруулж ирсээр байна.

-ИРГЭД ӨӨРСДӨӨ “ҮХЭЛД ХҮРГЭХ” УНААГ СОНГОЖ БАЙНА-

Хүний амь настай холбоотой энэ тээврийн хэрэгслийг хүмүүс жирийн нэг цахилгаан бараа шиг оруулж ирээд зардаг явдал ч байна. Тэдгээр хүмүүсээс мотоцикл худалдан авахад ямар нэг заавар зөвлөмж өгөлгүй, танилцуулга үзүүлэхээс хэтэрдэггүй аж.

2019 онд орж ирсэн 39354 мотоциклийн 61.6 хувь нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй, улсын дугаарын тэмдэг аваагүй байна. Нэг ёсондоо малчид зүгээр л худалдаачнаас худалдаж аваад хөдөөнөө аваачаад уначихаж байгаа болж таарав. Энэ талаар Замын цагдаагийн газраас “Хятад мотоциклийн эрсдэл аюулыг таниулах” зорилготой ажлыг хэрэгжүүлж байгаа ч хуулиндаа зохицуулалт оруулахаас нааш энэ асуудал нэг тийш болохгүй гэдгийг хэлж байгаа юм.

Улсын хэмжээнд гарч буй бусад гэмт хэрэг, шалгаанаас болж нас барсан хүний тоотой харьцуулахад мотоциклийн ослын тоо бол асар өндөр үзүүлэлт юм. Таныг зүгээр явж байхад хэн нэгэн биед тань халдаж аюул учруулах өөр хэрэг. Харин та өөрөө өөрийнхөө эрүүл аюулгүй байдалд анхаарал хандуулж чанар шаардлага хангасан мотоциклийг сонгох нь зүйтэй. Мотоцикл авахдаа ашиглалт зориулалтыг нь судалж, танилцах шаардлагатай байна.

Isee.mn


URL: