Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч байсан хүн лоббидож Гутайн даваанд лиценз өгсөн байдаг

290

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 
 УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: МУ 2020 он гэхэд нийт газар нутгийнхаа 25 орчим хувийг тусгай хамгаалалтад авна гэсэн байгаа. Өнгөрсөн жилийн 30 хугацаанд байгалийн баялгийн ашиглах нэрийдлээр нэлээд сүйтгэсэн. Одоо үргэлжилж байна. Зөвшөөрөлтэй зөвшөөрөлтэй алт ухаж байгаа маш олон хүн байна. Дархан-Уул аймгийн Шарын гол бол нүд халтирмаар болчихсон. Монгол Улс эзэн байгаа бол үүнийгээ харуулмаар байна. Ховд, Говь-Алтай аймагт байгуулсан УЦС байгальд маш их эерэг нөлөө үзүүлсэн. Яг ийм байдлаар байгалиа сэргээх хэрэгтэй. Дархан цаазад газруудад өгсөн санхүүжилтын 90 хувь нь цалин болчихдог. Долоон хувь нь урсгал зардал, гурван хувь нь менежмент. Бид бусад улсын туршлагыг судлах хэрэгтэй байна. Өнгөрсөн 30 жилд алт олборлолтоос ямар хохирол учирсан бэ? Үүнийг мөнгөн дүнгээр хэлж чадах уу?
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: МУ-ын хэмжээнд есөн газрыг буюу байгалийн нөөц, цогцолбор, дурсгалт гэсэн газруудыг тусгай хамгаалалтад авч байга.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:  Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваатай холбоотой асуудал сэтгэл эмзэглүүлж байна. Тэнд зөвшөөрөлтэй дөрвөн ААН анхаарлаа хандуулж бодитойгоор шийдэж өгөөч гэсэн байдлаар гадны хуулийн фирмүүд хөлсөлчихсөн, гишүүдэд нэлээд танилцуулга ирүүлсэн, тодорхой хэмжээнд дарамт шахалт үзүүлж байгаа асуудлууд бий. Үүнийг тусгай хамгаалалтад авахаар өөр аргагүй байдалд хүрсэн. Цаашид тусгай хамгаалалтад авах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Тусгай хамгаалалтад авснаар маргаан үүсэж таарна. Төрийн захиргааны төв байгууллага хохирлын хэмжээг тогтоох асуудал яригдана. Гэвч хууль зөрчиж олгогдсон лицензүүдийг хүчингүй болгохгүй бол оройтох  нь.
УИХ-ын гишүүн М.Билэгт: Замбараагүй олгогдсон лицензүүд дээр хязгаарлалт тогтоож байгаа нь зөв эхлэл. Монгол Улс цаашид хойч ирээдүйдээ түйрэн болсон газар нутгийг хүлээлгэж өгөх хэмжээнд хүрээд байна. Өнгөрсөн хорин жил бид алт хөтөлбөр гэж ярьсаар л байсан. Гэтэл бидний хойч ирээдүй яах юм бэ? Алт хөтөлбөрийг хязгаарлаж, үндэсний нөхөн сэргээгддэг баялаг дээр түшиглэж валютын эх үүсвэртэй болох асуудлыг хуульчилж, дахин уул уурхайн лицензүүдэд хязгаарлалт тавих, дахиж олгохгүй байхад ямар бодлого барьж байгаа вэ?
 УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Есөн газрыг тусгай хамгаалалтад авч байгаагийн дотор  Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваатай холбоотой асуудал лицензийн маргаантай байгаа. Лиценз олгохдоо газрын зураг байсан голыг байхгүй гэх мэтээр лиценз олгосон асуудал гаргаж байгаа. Энэ лицензийг олгосон албан тушаалтанд хариуцлага яригдах ёстой. Уг лицензийг хууль бусаар олгосон гэдгийг тогтоосон.
 УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Компаниудыг буруутгахгүй. Компаниудын цаана манай улстөрчид тэр дундаа Ерөнхийлөгч байсан хүн лоббидож энэ лицензийг өгсөн байгаа юм. Батширээт гэдэг энэ газар бол Монголын Эзэнт гүрний туурь гэж ярьж болохуйц Биндэр сум 1206 онд Эзэнт гүрэн байгуулагдсан. Онон, Хэрлэн, Балж нууц товчоонд гардаг Гурван голын сав газар Дадал сум Дэлүүн болдог Их эзэн Чингис хааны төрсөн нутаг, Баян-Адарга их хатдын нутаг, Норовлин Шихихутагийн төрж өссөн энэ газрыг дамнан урсдаг голын эхэнд байгаа ийм уул уурхайн газар юм. Би уул уурхайг эсэргүүцдэг хүн биш. Гэхдээ Монголын эзэнт гүрний түүх болсон гурван голын сав газраа сүйтгэмээргүй байна. Хувийн хэвшлээ дэмжилгүй яах вэ? Гэхдээ Сүхбаатарын талбайгаа өгөх хэмжээнд лоббидож болохгүй юм.  Монголын төр ганцхан уулыг хамгаалж чадахгүй байна гэж байхгүй.
 Ийнхүү санал хураалт явуулснаар дээр дурдсан газруудыг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ.
О.ОНОН
Olloo.mn

URL: