Бар, караокенууд олон хүнийг цуглуулахгүй байхаар үйл ажиллагаагаа зохион байгуулах үүрэгтэй

66b220a51c0bfc5b123cf3eb876ec8edНийслэлийн Засаг даргын А590 захирамжийн хүрээнд зарим төрлийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өнөөдрөөс нээж байна.

Үүнтэй холбогдуулан захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон бусад байгууллага хамтран хяналт тавихаар боллоо. Түүнчлэн өнөөдрөөс нээгдэж буй газруудад мэдэгдэл хүргүүлж, зохих шаардлагуудыг тавьж байгаа талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээлэв.

Аж ахуйн нэгжүүдэд тавих шаардлага:

  1. Үйл ажиллагаагаа явуулаагүй нэлээд хугацаа өнгөрсөн тул ажлын байрны гадаад болон дотоод орчин, тоног төхөөрөмжийг цэвэрлэн, мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэлийг хийлгэх
  2. Цэвэрлэгээндээ хэрэглэх халдваргүйжүүлэх бодис, амны хаалт, гар ариутгагч, шингэн саван, гарын цаасан алчуур, цэвэрлэгээний бодисын нөөцийг бүрдүүлэх
  3. Ажилтан болон үйлчлүүлэгч нарынхаа биеийн халууныг хэмжих, амны хаалтыг зүүхийг шаардаж, дотоод хяналт тавих учиртай. Хэрэв биеийн халуун нь 37.1 хэмээс дээш байвал харьяаллын эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж, зөвлөгөө авах ёстой хэмээн тэрбээр танилцуулав.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш ”Нээгдэж байгаа баар, караокенууд нэг дор олон хүнийг цуглуулахгүй байхаар үйл ажиллагаагаа зохион байгуулах хэрэгтэй. Төрсөн өдөр, тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулж болохгүй” гэдгийг тодотгов.

Үүний зэрэгцээ зарим газар гүний худаг, хэсгийн усан хангамжтай байдаг тул 24 цагийн шавхалт хийж, усан сандаа цэвэрлэгээг хийсний дараа итгэмжлэгдсэн лабораторид ундны усны дээжээ шинжлүүлж байж үйл ажиллагаа явуулах ёстой юм. Ингэснээр гэдэсний халдвар гарахаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтойг тэрбээр онцолсон юм.

 


URL: