Б.Лхагва дарга аа, ШТС-уудад хийсэн шалгалтын хариу хэзээ гарах вэ

347

Автомашинд ямар бензин хэрэглэж болох нь тухайн автомашины төрлөөс шалтгаална. Манай улсын хувьд шатахууныг октаны тоогоор нь AИ92, AИ98, AИ95 гэх мэтээр ангилдаг. Автомашины каталогид хэрэглэж болох октаны доод хэмжээг заасан байдаг. Тэгэхээр унаж буй машиныхаа шаардлагад заасны дагуу шатахууныг хэрэглэх нь зүйтэй. Ихэнх суудлын машины каталогид 91-ээс дээш октаны тоотой шатахуун хэрэглэхийг зөвлөсөн байдаг. АИ92 хийх машинд АИ95 хийнэ гэдэг тухайн машинд сайн нөлөөтэй. Харин АИ80 хийж болохгүй. Мөн  октаны тоо 95-аас дээш байх шаардлагатай машин унаж яваа тохиолдолд AИ92 шатахуун хийх нь машиныг эвдэлж, эд ангийг гэмтээх эрсдэлтэй.

Яг энэ асуудалтай холбогдуулан шатахуун түгээх станцуудын октаны тоо байх ёстой хэмжээндээ хүрэхгүй байгаа тухай шүүмжлэлүүд гарах болсон. Иймээс өнгөрсөн ШӨХТГ-аас өнгөрсөн 20-нд гэнэт хэвлэлийнхнийг цуглуулан шатахуун түгээх станцад гэнэтийн шалгалт хийх гэж байгаагаа задалсан. Гэвч нийгэм даяараа зарласан гэнэтийн шалгалтын хариу өнөөдрийг хүртэл гараагүй байгаа юм.

Тус газраас мэдээлэл хийхдээ “ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Стандартчилал хэмжилзүйн газраас ажлын хэсэг гарч нэгдсэн удирдамжтайгаар бензин шатахууны чанар, дүүргэлт, хэмжээнд хяналт шалгалтын ажлыг эхлүүлж байна. Бензин шатахууны жижиглэнгийн борлуулалт хийж байгаа шатахуун түгээх станцуудад түүврийн аргаар мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хоёр ажлын хэсэг шалгалт хийнэ. Бүх шатахуун түгээх станцад гэнэтийн шалгалтаар шатахуунаас нь дээж аван, төв лабораториор шинжлүүлж хариуг нь ирэх долоо хоногоос мэдээлнэ” гэсэн юм.
Гэвч Б.Лхагва дарга амласан хугацаандаа шалгалтын хариуг мэдээлсэнгүй.

Өмнө ШӨХТГ-аас энэ төрлийн шалгалт хийж, импортлогчдыг 87 октантай шатахуун импортлоод, октан өсгөгч нэмж, АИ-92 маркийн бензин хэмээн борлуулдаг гэх дүгнэлт хийсэн. Тэд октаныг нь 96 хүртэл өсгөсөн шатахууныг АИ-92 хэмээн борлуулж байсныг шалгалтаар илрүүлсэн байдаг. Улмаар импортлогчид тус газрын мэргэжилтнүүдийг буруу дүгнэлт гаргасан гэж заргалдаж, шүүх цагдаад тулсан байдаг. Харин энэ удаад ШТС-ууд дээрх зөрчлөө арилгасан эсэх, олон нийтэд стандартад нийцсэн бүтээгдэхүүн борлуулж байгаа эсэхэд хийсэн шалгалтын дүн дуншсаар байна.

О.ОНОН

Olloo.mn


URL: