ЦЕГ: Төрсөн эцгээ хөнөөж, ул мөрөө баллахын тулд цогцсыг нь нуусан хэрэг гарсан

416

Төрсөн эцгийнхээ амь насыг хороож, цогцсыг нь ууланд хаясан хэрэг Хөвсгөл аймагт гарсан байна. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын харьяат, 39 настай эрэгтэй Н-ийг ар гэрийнхэн нь сураггүй болсон хэмээн цагдаагийн байгууллагад бүртгүүлээд байжээ. Талийгаач арваад хоногийн өмнө гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд хамгийн сүүлд түүнийг дөрөвдүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү болох 19 настай М гэрийнхээ ойролцоо явж байхад нь харсан гэжээ.

Гэтэл энэ сарын 1-ний өдөр Зөөлөн гэх уулнаас хүний цогцос олдсон нь сураггүй болсон эрэгтэйнх байжээ. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гаднын нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон байна. Улмаар мөрдлөгийн явцад талийгаачийн төрсөн хүү толгойд нь сүхээр цохиж, амь насыг нь хохироосон нь баримтаар нотлогджээ.

Сэжигтэн этгээд нь дөрөвдүгээр сарын 22-ны өдөр аавынхаа амь насыг хохироож, хэргээ нуун далдлахаар цогцсыг орны бүтээлэгт ороон, хэрэг үйлдсэн сүхний хамт ууланд аваачиж, модон дунд нуусан байжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11.00 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын иргэн 39 настай Н гэгч ор сураггүй алга боллоо гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Уг мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан. Энэ ажиллагаа арга хэмжээ явж байхад тухайн Н гэгч иргэн нь 22-ны өдөр гэртээ архидан согтуурч, агсам тавьж маргаан үүсгэснээс болж ууган хүү нь амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан байна. Ингээд амь хохирогчийн цогцсыг ул мөрөө далдлах зорилгоор нууж, төөрөгдүүлсэн асуудал гарсан. Аймгийн цагдаагийн газраас хэргийг шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Б.Аз


URL: