Д.Трамп Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхийг хориглосон тогтоолд хориг тавьжээ

25

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхийг хориглосон Конгрессын тогтоолд лхагва гарагт хориг тавьжээ.

“Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулахад АНУ-ын Зэвсэгт хүчнийг ашиглахыг хориглосон “S. J. Res. 68” тогтоолд би өнөөдөр хориг тавилаа. Энэ бол Ардчилсан намынхан Бүгд найрамдах намыг хуваан талцуулах замаар 11 дүгээр сарын 3-ны сонгуульд /Конгрессын/ ялах стратегийн хүрээнд оруулж ирсэн маш доромжилсон шийдвэр байсан. Тогтоолыг батлахыг дэмжсэн цөөн тооны бүгд найрамдахчууд тэдэнд тус болжээ” гэж Цагаан ордноос нийтэлсэн түүний мэдэгдэлд дурдсан байна.

Конгрессын тогтоол нь “баримт, хуулийн заалтын буруу ойлголт” дээр үндэслэсэн гэдэгт АНУ-ын Ерөнхийлөгч итгэлтэй байгаа бөгөөд Ираны генерал Касем Сулейманийг устгасан нь “Америкийн хуулиар бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн ажиллагаа байсан” гэж мэдэгджээ.

Гуравдугаар сард уг тогтоолыг Конгрессын гишүүдийн дийлэнх нь дэмжсэн байна. Үүнээс өмнө хоёрдугаар сард Бүгд найрамдах намынхан олонхын суудал эзэлдэг Сенатын танхим баталжээ. Энэ нь АНУ-ын засаг захиргааны хувьд Д.Трампын Ираныг чиглэсэн бодлоготой намын нөхөд нь хүртэл санал нэгдэхгүй байгаа бөгөөд АНУ-ыг Лалын Бүгд Найрамдах тус улстай дайтуулж болзошгүй хэмээн болгоомжилж буйн дохио болсон байна.

Ардчилсан намын гишүүн Тим Кейны Сенатын танхимд өргөн барьсан энэхүү тогтоолд Үндсэн хуульд заасны дагуу зөвхөн Конгресс онцгой захирамж гаргах эсвэл дайн зарлах хүртэл  “Ираны эсрэг дайсагнасан бүхий л ажиллагаагаа зогсоохыг” Д.Трампт үүрэг болгожээ.


URL: