Төрийн ордноос “ховхорчихвол” ТЭД жинхэнэ КАПИТАЛ

56

Сэтгүүлч намайг мэдээ ороход л Төрийн ордонд тухалж байсан хүмүүс 30 насны босго даваад, амьдрал дундуур туучиж явахад  ”саарал байшин”-гийн хойд хаалгаар ороостой. Төрийн ордондоо суусаар, сандал ширээгээ өгчихгүй тас зуураастай л байна. Хоёрхон хоногийн өмнө УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Бид өнгөрсөн 30 жилд хүссэн нийгмээ байгуулж чадсангүй. Одоо өөрчилнө” гэх ухааны юм яриад Төрийн ордонд зогсож байх юм. Үнэхээр 30 жилийн дараа ухаарлаа гэж үү. Нэгэн сэтгүүлчийн бичиж байсанчлан өөрийгөө бүхний оргил гэж боддог, орчноо мэдэрдэггүй, англи хэлгүй, шинэ цагийн өнгийг анзаардаггүй, анзаарахыг ч хүсдэггүй хуучин улстөрчид байсан цагт дараагийн 30 жилд ч өөрчлөлтийг хийж чадахгүй биз.

Тэдний 20-30 жилийн ажил хөдөлмөрийг ор тас үгүйсгэхгүй. Мэдээж төрд хийдгээ хийж, хийсэн ажил нь үр дүнгээ өгдгөө өгсөн. Одоо харин огт өөр өөрчлөлтийн салхи бидэнд хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 1990 онд Ардын их хурлын депутатаар хоёр жил сонгогдсоныг нь оруулан тооцох юм бол Монголын төрд 30 жил “хувалз шиг наалджээ”. Ц.Нямдорж гэх эрхэм УИХ-д долоон жил сонгогдож, Төрийн ордонд 28 жил тухлахдаа таван удаа Хуульзүйн сайдын алба хашсан байх юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин нар 2000 оноос хойш 20 жил, Б.Бат-эрдэнэ аварга 2004 оноос хойш 16 жил, Л.Болд 1996 оноос хойш 16 жил төрийн хайр хишгийг хүртжээ.

Ноолуурын дуулианаараа өдгөө малчид, иргэдийн “шүдэнд орсон мах” болоод буй ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан. Улайдаггүй энэ хүн төрд мөн л 24 жил хүчин зүтгэжээ. Энэ хугацаандаа ах дүүс, амраг саднуудаа дээш доош татсан, амьдралын зах зух татуулсан гэх мэт баримтуудыг нь хэвлэлүүдээр олон ч удаа онцлон бичиж байсан санагдана.

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч түүнээс улс төрд хөгшдийг залуучуудаар солих нийгмийн хүлээлт байгаа талаар асуухад тэрээр “Манай ахмад гишүүд төрийн бодлого үйл ажиллагааны ой санамжийг тээж яваа үнэт капитал гэж бодож, хүндэтгэж ханддаг. Бусад улс орнуудад ч ийм байгаа. Айл өрхөд ч ийм байдаг. Өвөөгөө нас өндөр боллоо гээд ад үзээд байдаггүй биз дээ. Манай ахмад гишүүд төрийн ой санамжийг агуулж өнөөдрийг хүртэл цаг үетэйгээ мөр зэрэгцээд явж байна” хэмээн хариулсан байна.

Түүний өөрийгөө “КАПИТАЛ” гэж байгаа нь нөгөө талаас нь харвал үнэн л дээ. Одоо эдгээр хүмүүс шинэ залуу үеийнхэндээ зайгаа тавьж өгөөд, өөрсдийгөө үнэ цэнэтэй капитал болгож, алсаас заавар зөвлөгөө өгөөд, зангараг гаргаад явж байх ёстой юм шүү дээ. Гэтэл 30 жил суучихсан төрийн ордны суудалдаа хоргодсон, суудлаасаа ховхрох гэхээр харамын сэтгэл нь төрдөг юм уу яадаг юм, залуустайгаа зэрэгцээд дахиад нэр дэвших юм гэнэ ээ. Болъё оо. Болоо шүү дээ. Тэдний хань ижил, үр хүүхэд, ач зээдээ зарцуулах цагийг ахиухан нэмээд өгөөрэй ард түмэн минь.

Эх сурвалж: zaluucom.mn


URL: