Харбин хот хязгаарлалтаа чангатгажээ

91

ЛОНДОН. /Reuters/. ОХУ-тай хиллэдэг Хэйлунжян мужийн засаг захиргааны төв Харбинд коронавирусний тархалтыг тогтоон барихын тулд хотын оршин суугчдаас бусад хүмүүсийг нэвтрэхийг хоригложээ.

Хятадын зүүн хойд нутагт байрлах, 10 сая оршин суугчтай Харбин нь Хятаддаа коронавирусний халдвар хамгийн их тархаад буй хот болоод байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлсэн байна. Үүнтэй холбоотойгоор хотод бүртгэлгүй гадны оршин суугчид хийгээд тээврийн хэрэгслийг Харбинд нэвтрэхийг хоригложээ. Үүнээс гадна хотод ирсэн бүх хүнийг 28 хоногийн тусгаарлалтанд хамруулж, хоёр төрлийн шинжилгээ авах аж.

ОХУ-тай агаарын харилцаатай Харбин хотод коронавирусний халдварын 7 тохиолдол шинээр илэрч, нийт халдвар авсан хүний тоо 52 болж нэмэгдсэн тухай дөрөвдүгээр сарын 21-нд мэдээлжээ. Халдвар авсан хүмүүсийн 3 нь ОХУ-аас ирсэн зорчигчид байсан аж. Харбин хотод 1400 орчим хүн эмчийн хяналтанд байна.


URL: