Буриад COVID-19 халдвартай тэмцэгчдэд зориулсан медаль гаргана

118

Буриадын тэргүүн Алексей Цыденов COVID-19 вирусийн халдвар авсан өвчтөнүүдтэй ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад зориулсан коронавирусийн халдвартай тэмцсэний төлөөх гавьяаг үнэлсэн медаль гаргах үүрэг өгчээ. Энэ талаар Буриадын Засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Regnum агентлаг мэдээлсэн байна.

“Эмнэлгийн ажилтнууд өнөөдөр асар их ачаалал дунд ажиллаж байгаагийн дээр нэн өндөр эрсдлийн бүсэд байна. Тиймээс тэдний гавьяаг бид үнэлж байгааг мэдрүүлэх хэрэгтэй” хэмээн Цыденов мэдэгдсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, шинээр гаргах медаль төрийн шагналтай эн зэрэгцэхүйц байх бөгөөд медалийн нэр болон загварыг Буриадын оршин суугчдын саналаар батлах аж.

Эндз дуулгахад, Буриадад тавдугаар сарын 12-ны 08.00 цагийн байдлаар COVID-19 вирусийн халдвар авсан нь батлагдсан тохиолдол 687 болсон байна. Өнгөрсөн хоногийн хугацаанд 28 өвчтөн шинээр бүртгэгджээ.

 

Г.Бямбасүрэн


URL: