Мал, амьтны түүхий мах, цус хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

11529

УОК-ын Шуурхай штабаас гадаадаас иргэдээ татаж авах асуудлаар мэдээлэл хийв. Энэ сарын 13-18-нд Турк, ОХУ, Энэтхэг улсаас иргэдээ татаж авахаар болжээ. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд эрүүл мэндийн хуудсаа үнэн зөв бөглөх зайлшгүй шаардлагатайг хэлж байлаа. Үүнээс гадна мал, амьтны мах, цусыг түүхийгээр нь хэрэглэхгүй байхыг иргэдэд сануулав. Тэрээр “Ард иргэддээ анхааруулах зүйл байна. Коронавирусийн цар тахлын үед бусад төрлийн гоц халдварт өвчнөөс онцгой анхаарах шаардлагатай байна. Ялангуяа мал, амьтны гаралтай өвчлөл хаврын улиралд их гардаг. Нэг сар орчмын өмнө Ховд аймаг руу 23 тарваганы түүхий мах оруулахыг завдсан. Улаанбаатар хотод ч долоо хоногт 4-5  ийм тохиолдол гардаг. Хаврын улиралд амьтны түүхий мах, цус ууж идэх нь аливаа өвчинд, биеийн ядаргаанд сайн мэтээр иргэд ойлгодог. Гэвч энэ нь мал,  амьтны гоц халдварт өвчин гарах эрсдэлийг ихээр нэмэгдүүлдэг. Ялангуяа тарваганы түүхий мах хэрэглэж болохгүй” гэлээ.


URL: