Нарангийн энгэрт булсан 10 сая долларын хувь заяа

Монголын хамгийн үнэтэй жорлон, хамгийн “тансаг” байшин хогийн цэгт байдаг-
Нарангийн энгэрт очлоо. Хөлийн аясаар тоос шороо босч, дэрхийлдэн  нисэх хар шувууд, тамтаг болсон хувцастай хог түүгчид энд бужигнаж байна. Хог асгахаар ирсэн машин руу дайрах хүмүүс, хэдэн мянгаараа нисэх хар шувууд Нарангийн энгэрээс л хоолоо олж иддэг нь илт. Утаан хөшиг татаж, тоос шороо боссон бараан газар, царай нь хөө тортогт дарагдаж, хир буртагт баригдсан хүмүүс биднийг их л таагүй угтав. Ширэлдсэн хар үстэй, ямар өнгөтэй  байсан нь үл мэдэгдэх  хувцасний оронцог хэдэрсэн  залуу эр биднийг хоргоож, “Бас хэн нь огцрох гэж байгаа юм. Хот тохижилтын газрын  даргаа огцруулахын тулд та нарыг явуулсан уу” хэмээн хашгирч байлаа. Үнэндээ байнга хэл ам татлаж байдаг Хот тохижилтын дарга нарын хэрүүл хогийн цэг дээр амьдардаг хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татдаг бололтой. Энд ажил, амьдрал, тэмцэл оволзож байна. Хогийг дарж булахаас өрсөж, хоёрдогч түүхий эд олж авах гэсэн хүмүүсийн хашгираан, хараал зүхлийн үг чихэнд чийр болно. Идэр есын жавар ид тачигнаж  байгаа учраас хаягдал түүхий эд цуглуулагчид  гар хөлөө дулаацуулахын тулд гал түлжээ. Гашуун утаа, тоос шороо, хог новш хөглөрсөн Нарангийн энгэрт нар харагдахгүй байна.
Хотын иргэд жилдээ 340 мянган тонн хог “үйлдвэрлэдэг”  гэсэн тооцоо бий.  Хог хаягдлаа хаашаа далд оруулахаа мэдэхээ байсан дарга нар нийслэлчүүдийн хогийг энд булж байхаар шийдвэр гаргаад удаагүй байна.  Уг нь  хог устгах  их л олон арга байдаг юм гэнэ лээ. Дэлхийн олон улс орон хог хаягдлаа 100 хувь дахин боловсруулдаг. Харин манайхан  дахин боловсруулах хөрөнгө мөнгө байхгүй учраас ядаж л ил хаядгаа болж, булж дарахаар шийдсэн гэнэ. Хогоо булж дарах энэ аргыг манай мэргэн дарга нар ч бодоод олчихсон хэрэг биш. Япончууд 2002 оноос хойш Монголчууд  хогоо устгах ямар менежмент нэвтрүүлвэл зохилтойг судалж, дарж булах аргыг нэвтрүүлэх зөвлөмж өгсөн гэнэ. Япончууд  2020 он хүртэл нийслэлийн хогийг Нарангийн энгэрт булна гэсэн тооцоо гаргажээ. Ёстой л нөгөө сүх далайтал үхэр амар гэгчийн үлгэрээр 2020 он хүртэл Нарангийн энгэрт  хогоо булсаар л байх.
Монголын хамгийн үнэтэй жорлонд  146 сая төгрөг зарцуулжээ
Одоогоос нилээд хэдэн жилийн өмнө Япон улсын засгийн газраас манай улсад 15 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ. Уг тусламжаар хэрэгжүүлэх төслийн гурван талт гэрээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ичихаши, Гадаад хэргийн сайд Н.Энхболд нар гарын үсэг зурж байсан аж. Энэ мөнгөнөөс хатуу хог хаягдлын менежментийг сайжруулж  хогийн цэгийг Нарангийн энгэрт төвлөрүүлэн, тусгай боловсруулалт хийхэд зарцуулахаар болжээ. Мөн Японы “Жайка” Олон улсын байгууллага Нарангийн энгэрийн хогийн цэгт хэрэгжүүлэх төслийг удирдаж, нийтдээ 10 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн аж.  Бэлгийн морины шүдийг бүү үз гэсэн үг бий. Гэхдээ буцалтгүй тусламжаар ирж байгаа хөрөнгө оруулалтын үр дүнг эргэн, харж, нягталж шалгах шаардлагатай гэдэг нь эндээс илт харагдана.
Нарангийн энгэрийн хогийн цэг дээр Монголын хамгийн үнэтэй жорлон байдаг аж. Энэ бие засах газрын талаар сүржин гэдэг нь жигтэйхэн танилцуулга гаргачихаж. “Мод болон хуванцар хийцтэй, 3мх4мх6м=58м бетонон  дотортой, бохирыг соруулах тагтай, зургаан хүний бие засах газар” гэх мэтээр уг танилцуулга дээр бичсэн байх юм. Очиж үзлээ. Зүгээр л зургаан хаалгатай модон жорлон байх юм. Энэ модон жорлонгийн яг юунд нь 146 сая төгрөг зарцуулснийг бодоод ч олсонгүй. Хамгийн харамсалтай нь өндөр үнэтэй бие засах газрын хаалга үүд нь салаад уначихсан байна лээ. Нарангийн төвлөрсөн хогийн цэгт 35 мэргэжилтэн ажилладаг гэсэн. Гэвч хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс усанд орох ганц шүршүүр тавиагүй хэрнээ 146 сая төгрөгөөр бие засах газар барьсан нь хачирхалтай. Үүнээс гадна 13 сая төгрөгийн үнэтэй худаг ухжээ. Харамсалтай нь энэ худгаас ус гарсангүй. Эндэхийн ажилчид долоон километрийн цаанаас усаа зөөж ууцгааж байна. Устай байхын тулд машин тэрэг гаргаж, бас л зардал чирэгдэл болж байна.
Тэрбумын үнэтэй байшингаа юунд ашиглахаа мэдэхгүй байна
“Жайка”-гийн төслийн хүрээнд хог хаягдал ялгах цех байгуулсан гэнэ. Жижигхэн сэндвичэн барилгыг  нэг  тэрбум гаруй төгрөгөөр барьсан гэж зарим хүн ярьж байх юм. Өнгөрсөн зун энэ байшинг ашиглалтанд оруулж, 30 хүнийг өдөрт таван мянган төгрөгөөр цалинжуулан, хог ялгуулахаар ажиллуулсан гэнэ. Гэвч 30 хүн өдөрт яаж ч хичээгээд дөрвөн машинаас илүү хог ялгаж чадсангүй. Өдөрт 150 мянган төгрөгийн цалин олгосон ч, 10 хүрэхгүй мянган төгрөгийн түүхий эд ялгажээ. Тиймээс өндөр үнээр боссон байшинг ашиглаж чадахгүй сууна.Түүхий эд ялгах цехийн хаалга үүд цоожтой. Тэндэхийн нэг ажилтан “Хятадын тоног төхөөрөмж авчирч суурилуулсан нь эвдэрчихсэн байгаа” хэмээн ярьж байлаа. Ямар үнэтэй, ямар нэртэй тоног төхөөрөмж авчирсныг мэдэх хүн алга. Энэ байшинд хог ялгах ямар ч боломжгүй гэдгийг манай дарга нар тогтоосон юм байх. Гэвч асар өндөр үнэтэй байшингаа юунд ашиглахаа сайн мэдэхгүй сууцгааж байна. Сэндвичэн байшин учраас галын аюултай гэдэг дүгнэлт гарч, машин техникээ ч хадгалж чадахгүй байна.  Нарангийн энгэрийн хогийн цэг дээр байгаа барилга байгууламж, хашаа хороо, машин техник  бүгд санаанд багтамгүй үнэтэй. Зөвхөн хашаа нь л гэхэд 700 гаруй сая төгрөгөөр боссон гэнэ. Хогийн цэгийн ажилчдын конторын барилгыг барихын тулд 1.3 тэрбум төгрөг зарцуулсан сурагтай. Бид даргатай нь уулзах гэсэн боловч эзэнгүй байв. Хүйт даасан өрөөнд ажилчид нь  гадуур хувцстайгаа сууцгааж байлаа. Энд угаасаа хувцас тайлахын аргагүй аж. Буцалтгүй тусламжийн 1.3 тэрбум төгрөг зөвхөн энэ байшинд орсон гэж бодохоор тун чамлалтай санагдаж байсан юм. Хог дарж булах зориулалтай машин техникийн хүчин чадал нь үнэтэй харьцуулахын аргагүй муу гэж учир мэдэх хүн ярьж байлаа. Нарангийн энгэрийн хогийн цэг нээгдэх үед тус бүр нь 290 сая төгрөгийн үнэтэй нэг экскватор, гурван бульдозер хүлээлгэн өгчээ. Гэвч Т-170 маркийн бульдозер гэхэд л 290 сая төгрөгөөр үнэлэгджээ. Гэтэл үүнээс хэд дахин илүү хүчин чадал сайтай  бульдозерыг 160 сая төгрөгөөр авах боломжтой гэж зарим хүн ярьж байх юм. Энэ бульдозерын сэнс буруу эргэлттэй байнга радитораа шатаачихдаг гэсэн гомдол ч гарч байлаа. Үүнээс гадна түлш их зарцуулдаг гэнэ. Өмнө нь хогийн цэгийн ажилд зориулж 80-100 орчим сая төгрөг зарцуулдаг байсан аж. Харин энэ цэг ашиглалтад орсоноор мөнгөний хэмжээ дөрөв дахин нэмэгдэж,  хог хаягдлыг булж, хучих зардалд 470 гаруй сая төгрөг зарцуулдаг болжээ.
Бэлгийн морины шүдийг үздэг больё
Монголчуудын хог хаягдалд санаа зовж, их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгаа япончуудад талархахгүй байхын аргагүй. Гэвч буцалтгүй тусламжийн хөрөнгө мөнгө юунд зарцуулагдаж байгааг харж хандах эзэн хүний сэтгэл энд дутагдаж байна. Нарангийн энгэрийн хогийн төвлөрсөн цэгт л гэхэд 10 сая доллар зарцуулсан. Гэвч их хэмжээний  хөрөнгө зарцуулсан ажлын гүйцэтгэл тун тааруухан байх юм. Энэ талаар  Нийслэлийн захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэсийн дарга  Б. Дэлгэрбаяраас тодруулах гэсэн боловч тэрбээр “Би юу ч мэдэхгүй, ялангуяа төслийн хөрөнгө мөнгөний задаргаа надад байхгүй. Тэр ч бүү хэл Засгийн газарт ч байдаггүй юм” хэмээн хариулж байх юм. Энэ төслийн хүрээнд хийгдсэн ажлын тайлан, өмч хөрөнгийн  бүртгэлийг Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүлээлгэж өгсөн сурагтай. Гэвч Б.Дэлгэрбаяр дарга сэтгүүлчдэд нарт энэ баримтыг үзүүлэхээс цааргалж байгаа нь илт байлаа. Даргынх нь ярианаас үзвэл захирагчийн ажлын  албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн газар хөрөнгө мөнгөө ч бүртгэдэггүй, менежмент муутай газар байдаг бололтой.
Өнөөдөр ч “Жайка” Олон улсын байгууллага Нарангийн энгэрийн хогийн цэг дээр “Техник хамтын ажиллагааны төсөл” хэрэгжүүлж байна. Нийт өртөг нь гурван сая доллар. Бас л чамлахааргүй мөнгө. Гэвч энэ мөнгийг юунд зарцуулж байгааг бас л мэдэх хүн ховор. Харамсалтай нь энэ мөнгийг юунд зарцуулж байгааг мэдэх хүн цөөхөн байгаа бөгөөд буцалтгүй тусламжийн мөнгийг үр ашигтай зарцуулж, хараа хяналт тавих цаг болсон гэдгийг энэ жишээ харуулж буй биз.
Монголчууд бид хэзээний нэрэлхүү зантай ард түмэн. Тийм дээ ч “Бэлгийн морины шүдийг үздэггүй” хэмээн ярьдаг. Тэгвэл бид энэ зангаа гээж, олон арван тэрбум төгрөгөөр үнэлэгдэн, босч буй хөрөнгө мөнгөнд хяналт тавьбал яасан юм бэ. “Их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий” гэгчээр авсан нэрийг бид л зүүхээс хойш.

Б.Цоож
Зохиогчийн эрхийг: Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.