Монголын ардчилалд АН-ын задрал нөлөөлж ”амжихгүй”

Молекул атомоос бүрдэнэ. Too томшгүй олон атомын бүрдэл бүхэл бүтэн ертөнцийг бий болгодог. Угаас химийн хичээлдээ төдийлөн сайн байгаагүй болохоор өөр юу ч гэдэг байлаа мартаж орхиж. Сүүлийн үед AH дотор  атом молекулын задрал явагдаад байна уу даа гэх бодол төрөх боллоо. Тэртээ тэргүй АН олон фракц бүлэглэлтэйгээрээ улстөрийн хүчнүүд дотроо толгой цохидог. Гэтэл сонгууль дөхөх тусам тус намын дотоод задрал арай л эрчтэй явагдаад байх шиг. Хэдхэн хоногийн өмнө Шонхор фракцаар эгнээгээ өргөтгөсөн тус нам өчигдөр “Мөнх тэнгэр” фракцаа өлгийдөн авлаа. “Мөнх тэнгэр” фракцын тэргүүн санаачлагчдын мэдэгдэж буйгаар бол тэд залуусын төлөөлөл гэнэ. Тус фракцад Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатар, Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв, Сүхбаатар аймгаас ҮЗХ-нд сонгогдсон Д.Батмөнх, тус намын ҮЗХ-ны гишүүн, Хан-Уул дүүргийн Засаг дарга А.Ганхуяг Чингэлтэй дүүргээс ҮЗХ-нд сонгогдсон Д.Алтанхуяг, Хэнтий аймгийн АН-ын дэд дарга М.Хүдэрбаатар нар багтаж байгаа юм байна.

Хэдийгээр ардчилсан нам ардчилсан хувьсгалын бэлгэ тэмдэг мэт олон түмэнд харагдаж бас санагддаг ч ардчиллын зарчмаас арай л хэтийдсэн ухралтуудыг дэндүү олноор нь хийх боллоо. Олон жишээг орхиод энэ удаа зөвхөн АН-ын залуусын талаар дурдъя. Угаас улстөрчдийн хувьд шинэ боломж, шинэ шат руу ахих бодит гишгүүр болж өгдөг УИХ-ын ээлжит сонгууль дөхөхийн хэрээр улстөрийн амьдрал утгаа алдтал үймж орхидог. Өмнө нь тийм байсан хойшид ч тийм байх биз. Ямар ч байсан энэ удаагийн үймээн урд өмнөхөөс нэг л өөр болоод байх шиг. Парламентын гаднах намууд эвлэлдэн нэгтгэж хүчээ зузаатгаж байхад парламентад суудалтай хүчтэй сөрөг хүчин хэмээгддэг АН хүчээ тарамдай жалгын нэг тарахыг илүүд үзсэн бололтой.

2.7-хон сая монголчуудын хувьд жалга довны үзлээсээ болж буруудсан нь багадсан юм шиг залуус амбицлан фракц бүлэглэл үүсгэн улстөрийн хоёр том хүчний нэг болох АН-ын хүчийг тарамдуулж эхэллээ хэмээн улстөр судлаачид толгой сэгсэрч байна. Эх сурвалжийн өгүүлснээр Б.Батбаатар тэргүүтэй нөхдийн өгүүлсэн фракц байгуулах болсон шалтгаан зүгээр л баг гэнэ. Өөрөөр хэлбэл УИХ-ын 76 гишүүн өөрсдийн амийг бодон парламентад сууж амжаагүй нөхдөө гадуурхан мйний чиний нам гэж талцалгүй зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан Сонгуулийн тухай цоо шинэ хууль баталсан нь ийнхүү АН-ын задралыг түргэлж шуурхайлахад хүргэжээ.

Эх сурвалжийн өгүүлснээр зарим нэг нөхдийг нэр дэвших эрхээр нь боож хаагаад үлгэр домог болсон нөхөд өөрсдөө урдуур нь данрахаар санаархаж эхэлсэн нь тус намд 21 дүгээр зууны супер хагарлыг авчирч байгаа бололтой юм билээ. Хэдийгээр зарим нэг хүн намуудад ашиг сонирхлын нэгдэл дээр нэгдсэн бүлэглэл байх нь зөв гэдэг ч АН-ын хувьд арай л хэтийдлээ гээд хэлчихэд буруудахгүй. Хамгийн ойрын жишээ татахад оны дараахан АН-ын ҮЗХ хуралдсан. Уг нь уг хуралдааны өмнөх хэд хоногт тус нам дахь бүлэглэлүүд булан тохойд ил далдаар цуглан хуралдаж, Н.Алтанхуягийг авч хаях их үйлд сэтгэл нэгдэн зүтгэж, Их хурлаа хуралдуулах товоо тогтооё хэмээн тохирсон гэдэг.

Гэвч ҮЗХ хуралдахад өнөө олон бүлэглэлийн зарим нь ор тас мурьсан төдийгүй бараагаа бүү хэл сүүдрээ ч харуулалгүй утсаа салган таг болсноор Н.Алтанхуягийг авч хаях нь бүү хэл Их хурлынхаа товыг ч гаргаж амжаагүй өнгөрсөн. Эх сурвалжийн өгүүлснээр Алтан гадасынхан гомдол мэдүүлэн ээрэгч МоАХ-ны фракцын. Талд орохоор сэм хэлэлцсэн хэлэлцээрийг нь нураан их хэцүү цаг үед тохиох ч сонгуульд нэр дэвших эрх олгоно гэж тохирсон гэх юм билээ. Бүүр хэдэн квот өгөхөө ч тохиролцсон гэсэн. Тиймдээ ч нөхдүүд утсаа салган гэр гэртээ бүгсэн хэрэг. Харин энэ бүхний гадна үлдсэн ҮЗХ-ны залуус араараа тавиулж, нэр дэвших эрхгүй болчих магадлалтай болсноо гэнэт сэхээрсэн нь энэ. Сэхээрэл нь шинэ фракц үүсрэн байгуулах сэдлийг төрүүлсэн хэрэг. Гэхдээ цаг үеэ олоогүй фракщудын илрэл АН-д сайныг бус мууг дуудаж байна гэдгийг ойлгох ухаантан тус намд байхгүй байх шиг…

Эвлэлдэн нэгдвэл хүчирхэгжинэ гэж хэлээд байхад эвдрэн салахыг эрхэмлэх нь АН-ын хувь заяаг бүрхэгдүүлж байна ч гэж хэлж болно. За ямартай ч яс үндэс, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахыг хориглоно хэмээн Үндсэн хуульд заахад үнэтэй хувь нэмрээ оруулсан АН-ынхан өдгөө хуулийн тэр заалтыг маш бүдүүлгээр зөрчиж эхэллээ.

Эцэст нь тэмдэглэхэд ардчилал АН бас МАН-ын ч өмч биш. Нэгэн цагт ардчиллын бэлэг тэмдэг гэгдэж, иргэдэд тэгж харагддаг байсан цаг АН-ын хувьд өнгөрсөн цаг дээр яригддаг боллоо. Тэгэхээр АН задарна уу нийлнэ үү хамаа алга. Гагцхүү ардчилсан нийгмийн төлөө хүчин зүтгэж явсан нэр бүхий хүмүүс, нэгэн үеийн нийгмийн шилжилтийн золиос олсон эгэл иргэдийн өмнөөс хэлэх үг байна. Ардчилал бол ард түмний өмч. АН бол хэсэг бүлэг нөхдийн цугларал гэдгийг битгий мартаарай.

З.Урсгал


URL:

Сэтгэгдэл бичих