2.3 тэрбумаар цэнгэсэн “эрүү” малгайтай даргадаа

118A732B-ADF1-4042-B46F-F1B0A0EBBB37

Хот сайхан наадлаа гээд хэлэх гэхээр л хэл нугарч өгөхгүй зовлонтой юм аа. Тээр тэнд, Чингисийн өмнө “эрүү” малгай тавьсан Э.Бат-Үүл дарга хамаг албатаа жагсаачихсан тэртээх жилүүдийн Улстөрийн товчооныхныг санагдуулаад л. Гэтэл зөвхөн энэ талаараа ч өнгөрсөн үетэй адилхан байсангүй. Сүүлийн 20 гаруй жилд анх удаа албан газрууд туг барьж жагслаа.

Соц нийгмийн үед Майн-1, Октябрийн баяраар жагсдаг шиг. Харин Маркс, Энгельс, Ленин, Сүхбаатар нарын зураг хөргийг барьсангүй. Аргагүй л дээ. Тэд нарыг ямар манай хотын дарга нэг нүдээр үзэх биш. Хөшөөг нь хараад л бөөлжөөд унадаг байсан тул бүгдийг нь нурааж санаагаа амраасан юм. Тиймээс өнөөдөр жагсаал харан малийтал инээгээд тун сэтгэл хангалуун байлаа.

Ерөнхийдөө Хойд Солонгосын удирдагчид шиг харагдсан шүү манай дарга нар аа. Браво. Мөн хамгийн гоё нь цагаантны цэргүүд болон гамин цэргийн цуваа анх удаа манай тадбай дээгүүр Чингис нэртэй болсны дараа хөл тавин алхаллаа. Хэдийгээр тэд жүжигчид ч гэсэн чухам яагаад Э.Бат-Үүл дарга тэднийг алхуулахаар шийдсэн юм бүү мэд. Цагаантан ч яахав, Богд хааныг маань гамингуудаас суллаж өгсөн гавьяатай.

Харин гамингууд манай нийслэлд ямар гавьяа байгуулсан юм бол. Э.Бат-үүл дарга л мэдэж байгаа даа. Аан нээрээ хот маш олон сайхан өндөр байшингуудтай болсныг хар гээд байсан юм. Тэднийг чинь нээрээ хятадууд барьж өгсөн л дөө.

Москвагийн дарга Юрий Лужков гэж нэг “эрүү” малгайнаас салдаггүй лужир эр байсныг та нар санаж байна уу. Сүүлдээ шоронд орох шахаад, одоо гадаадад амьдарч байгаа юм шиг билээ. Харин Үүл дарга маань ямар ч байсан түүнийг дууриагаад орос “эрүү” малгай олоод тавьчихаж.

Тэрбээр тун зальтай нэгэн байсан. Москвагийнхнийг нэг хэсэгтээ л янз бүрийн шоугаараа хуйлруулж байсан юмдаг. Хөлөө хүртэл хугалсан болгож, худлаа жүжиглэн таяг тулчихсан Улаан талбай дээр гарч ирээд бүжиглэдэг лужир Иван байлаа.

Үүгээрээ хар массыг маш сайн татна. Иванууд угийн хээгүй гудиггүй болохоороо Иван занд нь ялаа шиг татагдана. Мань эр ч тэр чанар дээр нь тоглоод баахан олигархиудыг л дэмжсэнээс бус Москва хотын нийгмийн асуудлыг шийдэх талаар юу ч хийсэнгүй гэсэн шүүмжлэлд өртөн, улмаар шоронд орох шахсан юм.

Үүл дарга үүнтэй мөн ч төстэй байх чинь юу вэ, хө. Ирэх жилээс нийслэлийн 366 жилийн ойгоор талбайн шөнийн цэнгүүн дээр таягтай гарч ирээд бүжиглэхэд нэг их гайхахааргүй болсон байна. Мань ер нь ингэж байгаад 2017 онд Ерөнхийлөгчид үзнэ гэж бодож байхыг хэн байг гэхэв. Яг лужир Ю.Лужков шиг. Харин Ю.Лужков тиймэрхүү  санаатай явж байгаад нөгөөдүүлдээ алуулах шахсаныг мэдэх болов уу, үгүй болов уу, Үүл баатар маань.

Баатар Үүл маань ингэхэд яг түүний замаар явж байгааг дахин хэлье. Хогны ногоон уут, явган зам, боржуур, талбайн цэцэг л яриад байгаа. Тэгээд л баахан цэнгүүн. Цэнгэн жарга л гээд байгаа шүү дээ, манай хүн. Гэтэл өвөл гэдэг юмыг бодоод ядарсан хотынхон юун цэнгэн жаргахтай мантай. Утаа ханхалж, хоолой хорсох цаг дөхөөд нүхгүй болсон хулгаан шиг л бужигналдаж байна.

Гэтэл манай хотын дарга 2.3 тэрбум төгрөгөөр ганцхан өдөр ийнхүү наадлаа. Энэ мөнгө 640 хүүхэд хүмүүжих хэмжээний хоёр цэцэрлэг барих мөнгө гээд бод доо. За тэр баярын үеэр бараа таваар навс мавс хямдрана энэ тэр ч дүүрсэн хэрэг, дүнхийсэн толгой. Харин хамаг ардын бяцхан иргэд цэцэрлэггүй бүлтэлзэж  байхад 1280 хүүхдийн цэцрлэг барих хэмжээний мөнгөөр гамин жагсаадаг ямар хаашаа эргэсэн толгой вэ хэмээн Үүл баатараа зэмлэмээр байна.

2.3 тэрбум төгрөг гэхээр л гол харлаад байх юм. Тиймээс энэ мэтээр цаашид толгойгоо л битгий гээгээрэй гэж даргаасаа гуйя. Малгай ч яахав. Нэг муу орос “эрүү” малгайг хаана ч мартаж гээсэн яадаг юм.

Н.Халиун

sonin.mn


URL: