МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг СЕХ хүлээж авах уу

231

Нэр дэвших эрхээ хасуулсан гэгдэж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр Бага чуулганаа өнгөрсөн бямба гаригт хуралдуулж, өөрөө нэр дэвшив. Тодруулбал, МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох “Та бидний эвсэл”-ээс Баянгол дүүрэгт нэр дэвшихээр “мандат” авчээ. Хэдийгээр Сонгуулийн тухай хуулийн 29.8.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэж заасан ч тэрбээр өөрийгөө нэр дэвших эрхтэй хэмээн үзсэн хэвээрээ байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн энэхүү заалт нь хүний сонгох, сонгогдох эрхэд халдсан үйлдэл хэмээн Цэцэд гомдол гаргасан ч Үндсэн хуулийн Цэцээс “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.”, 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан юм.

Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны сонгуульд бас л өрсөлдөх боломжгүй болсон юм. Гэсэн ч тэрбээр өөрийгөө боломжтой гэж үзсэн хэвээр бөгөөд Баянгол дүүргээс нэрээ дэвшүүлээд байна.

Харин энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Сонгуулийн хуулинд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэж заасан байгаа. Тэгэхээр МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших ямар ч боломж байхгүй. Тэрбээр СЕХ-нд нэрээ өгөх байх. Гэхдээ СЕХ хүлээж авахгүй буцаах болов уу” гэлээ.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “өвдөг шороодсоноос” хойш тэрбээр ямар нэгэн сонгуулийн бараа хараагүй явсаар өнөөдрийг хүрсэн. Түүний энэ зам Монголын төрд өндөр албан тушаал хашиж явсан олон хүнийг араасаа чирж мэдэх хортой зам. Магадгүй цаашид ч гэсэн улс төрийн ямар нэгэн хориглосон заалт түүний нэр дэвших эрхийг хаасаар л байх болов уу. Түүнд байгаа ганцхан боломж нь намын нөхөд нь эхний ээлжинд түүнгүйгээр УИХ-д олонх болж дээрх заалтыг сонгууль тухай хуулиудаас авч хаях юм. Харин энэхүү боломж нээлттэй ч, амьдрал дээр хэрэгжих эсэх нь ээдрээтэй. Товчоор хэлбэл, боломжгүй зүйл юм. Энэ бүгдийг мэдэхийн дээдээр маш сайн мэдэж байгаа хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр.

Мань хүний улс төрийн ерөнхий арга техник сүүлийн үед иймэрхүү байдлаар өрнөж, өөрийгөө мартуулахгүй байх. Түүгээрээ дамжуулж “намайг хууль бусаар үлдээлээ, миний нөхдийг дэмжээрэй” хэмээх нөгөө л улс төр дэх улиг болсон унжигар үгээ хэлэхээр зэхэж байгаа нь энэ буй за. АН-ынхан дөрвөн жилийн өмнө Н.Энхбаярыг “өнжөөгөөд” сонгуульд орж байсан бол МАН-ынхан ч энэ удаад өвгөн хаширт боломж олгосонгүй. Хэрвээ тооцоогүй хөдөлж түүнд боломж олговол хаанаас ч гараад ирж мэдэхгүй эвгүй ДАВШИГЧ.

Б.Аз


URL: