Парламентын танхимд “суудал горилогч” шатахуун импортлогчид

11598

УИХ-сонгуульд нэр дэвшигчдийн нэрс хоёр хоногийн дараа буюу 10-наас 16-ны хооронд тодорч эхэлнэ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даагчид болон нам эвслээс тун сонин хүмүүс нэр дэвшиж байгаа.

Ялангуяа шатахуун импортлогчид олноороо нэр дэвшиж байгаа нь бидний анхаарлыг татаж байна.

Шатахуун импортлогчдын ард нөлөө бүхий томоохон улстөрчид байгаа гэдгийг хэвлэлүүд жилийн жилд онцолж бичдэг. Ц.Анандбазараар овоглодон “Сод Монгол”, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн “Тэс петролиум”. АН-ын дэд дарга Г.Батхүү агсны Шунхлай, АН-ын угшилтай Б.Шинэбаатарын “Магнай Трейд”, Р.Батбаярын “М-Ойл” гээд бүгд улстөрийн том артай.

Тэгвэл энэ удаад зарим импортлогчид улстрөд өөрсдөө орж ирэхээр зэхэж суугааг хүргэе.

“Тэс петролиум”-ийн Б.Баттөмөр: “Тэс петролиум”-ийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр улстөрийн сунгаандаа оролцоно. Шатахуун импортын томоохон акулуудын нэг Тэс петролиумыг эзэмшдэг болохоо ХОМ-тээ тусгасан байдаг.

Нөгөө гараар шатахууны бизнесээ, нөгөө гараараа төр түшилцэж яваа.

Тэрээр бизнесийн салбараас улстөрд орж ирээд санхүүгийн хувьд чамгүй бэлжсэн нэгэн. ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон гишүүдийн нэг гэж хэвлэлээр багагүй цоллуулсан.

Шатахууны үнийг хэд хэдэн удаа бусдаасаа түрүүлж нэмж импортлогчдыг буруу зүгт уриалсан хэмээн хэд хэдэн удаа хэвлэлээр хатуу шүүмжлүүлсэн удаатай.

“Петровис”-ийн Х.Булгантуяа: Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн хувьд Улаанбаатар хотод нэр дэвших нь тодорхой болсон. Бизнесийн салбараас ажил амьдралын гараагаа эхэлсэн энэ эмэгтэйн хувьд МАН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг гэгдэтлээ хол явжээ. Түүний хувьд МАН-д орхоосоо өмнө “Оюутолгой” ХХК-д төслийн менежер, “Петровис” ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн дарга гэсэн хувийн хэвшлүүдэд ажиллаж байсан.

Энэ ч утгаараа “Петровис”-ын босс Ж.Оюунгэрэл түүнийг улстөрд хөтөлж, оруулж өгсөн гэгддэг.

Тэрээр МАН-ын орон тооны бус нарийн бичгийн даргын суудлаас улстөрийн карьераа эхлүүлж, 33-хан настайдаа МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болж өндийсөн. Тухайн үед хэний хүн, хаанаас ороод ирэв гэх харыг дагуулж байсан нь мэдээж. Ж.Оюунгэрэл шиг баян эгчийнхээ дэмжлэг, түлхээсгүйгээр яаж тэгтлээ хол алхсан байж таарах билээ.

“Сод Монгол”-ын Анандбазар: МАН-ын гар барьж, нэр дэвших баячуудын тэргүүн эгнээнд шатахуун импортлогч акулуудын нэг “Сод Монгол”-ын Ц.Анандбазар. Тэрээр УИХ-ын сонгуулийн Булган аймгийн нэг тойргийг онилсон.

Түүний хувьд уг нь У.Хүрэлсүхээс нилээн зайтай байв. Байв гэсний учир одоо ямар нэгэн учир шалтгааны улмаас гар бариад байгаа. Ц.Анандбазар УИХ-ын дарга Г.Занданшатараар дамжуулан У.Хүрэлсүх дээр дандаа мөнгө ярьж ордог хэмээн хөшигний ард яригддаг. Гэвч түүнд нь У.Хүрэлсүх туйлын дургүйлдэг ч, сонгуулиар гар барих шалтгаанаа одоо нэгэнт олсон бололтой. Тэднийг чухам юу ойртуулсан нь тун хачирхалтай.

Анандбазарын хувьд оны сүүлээр л Булган нутгийнханд хайр зарлаж, сонгогчдыг бэлгээр дарсан горилогч. Тойргоо тойглож явахдаа хоёр хүний мишок, хоёр нүдний дуран бэлэглээд том том хонжвортой сугалаа явуулсан. Сугалаанд мотоцикл, эмээл, хазаар, ногт чөдөр, 100-400 мянган төгрөгийн талон хүн бүрт 10 мянган төгрөгийн шатахууны талон өгч, Булганчуудад бэлгийн хур буулган баян тарган, шатахуун импортлогч гэдгээ ёстой л нэг гайхуулах шиг болсон билээ.

“Шунхлай” ХХК Б.Ганхөлөг: Улсын Их хурал улстөрчид, бэлтэй бизнесмений хүүхдүүдийн үе залгамжлан суудаг мөрөөдлийн байшин болоод удаж буй. АН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшихээр горилж байгаа хүн бол УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн ууган хүү Б.Ганхөлөг.

Түүний аав УИХ-ын гишүүн асан АН-ын дэд дарга Г.Батхүү агсан 2004, 2008, 2012 онуудад Өвөрхангай аймгаас гурван удаа УИХ-д сонгогдон ажиллаж байв. Өдгөө түүний үйл хэргийг хүү нь үргэлжлүүлэхээр энэ сонгуулийн сунгаанд Өвөрхангай аймгаас дэвшинэ.

Тэрээр өнгөрөгч намраас л Өвөрхангай аймгийн сумдад ажиллаж тойргоо тордож эхэлсэн. Ардчилсан намд 100 сая төгрөгөө тушаасан хүмүүсийн жагсаалтад Б.Ганхөлөг тун дээгүүр бичигдсэн. Сүүлийн хэдэн сар сошиалд эргэлдэж, өнгөтэй, өөдтэй нэвтрүүлэг болгоны зочин хойморт залраад амжчихсан билээ.

Дэлгэж яриад байх улс төрийн урт карьергүй ч, дөрөвдүгээр сараас АН-ын ҮБХ-ны гишүүн, АН-ын Гадаад Харилцааны Хэлтсийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн нь түүний улстөрийн шинэ хуудсыг нээсэн.

“М-Ойл”-ын Б.Пунсалмаа: “М-Ойл”-ийн захирал, Нийслэлийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Пунсалмаа Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр АН-д 100 саяын дэнчингээ өгсөн байна. Энэ бизнесмен хатагтай эрэгтэй захирлууд зонхилдог шатахууны салбарт томоохон тоглогчийн нэг болж “М-Ойл”-ыг удирдаж яваа.

Үүний хажуугаар Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооний тэргүүнээр 2018 онд сонгогдсон, Пунсалмаа сан байгуулсан, Айл төсөлд оролцсон гээд нийгмийн идэвхтэн нэгэн.

Сан байгуулж, ТББ удирдаад эхлэхээрээ л улстөрд орох санаархлаа өвөртөлчихсөн байдаг нийтлэг төрх манай нийгэмд бий. Энэ жишгийг Б.Пунсалмаа гэх баян эмэгтэй ч тойрохгүй нь. Нийгэмд идэвхтэй дүр эсгэж яваад л улстөрд орох гишгүүрээ тавьчихсан байдаг.

Нийгмийн идэвхтэн, шатахуун импортлогч эмэгтэйд одоо улстөрийн жолоо атгалцах замнал хэрэгтэй юм биз ээ.

Мөн нэмж хэлэхэд “Бадрах ойл”-ын Ц.Энх-Амар Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр АН-д 100 сая төгрөгийн дэнчингээ өгсөн сураг байна. УОК-ийн нарийн бичгийн дарга асан тэр улстөрд горилогч шатахуун импортлогчдын нэгд багтана. “Мон-Газ”- ын Эрдэнбулган ч нэр дэвших санаархал өвөртөлж яваа юм.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД:

Өнөөгийн нийгэмд шатахуун импортлогчид шиг баян тарган, бэл бэнчинтэй хүмүүс байхгүй нь үнэн. Нийгмийн хамгийн эмзэг судсыг атгаж, олон нийтийн ходоодыг хэмжиж чаддаг хүмүүс. Үгсэн хуйвалдаж шатахууны үнээ нэмэхэд л хамаг бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, тэр хэрээрээ иргэдийн амжиргааны цикл урууддаг.

Дэлхийн зах дээр нефтийн үнэ буурахад сайн дураараа шатахууныхаа үнийг буулгачихсан түүхгүй хүмүүс, өнөөдөр улстөр рүү олноороо хошуурцгааж буй дүр төрх нэг иймэрхүү.

http://positive.mn/1929?fbclid=IwAR02JBjB5aarKnz_I-JvYLC0_uNajC5cG3ISlw0bOT1OUrejrjLdxKAan5A


URL: