Европын хөлбөмбөг эргэн ирлээ

-4526718844308056530_900_x_468

  • Хөлбөмбөгчид гоолын баяраа тэмдэглэхдээ хүртэл хоёр метр зай барих дүрмийг баримталжээ

Коронавирусийн цар тахлын улмаас сар гаруй зогссон Европын хөлбөмбөг эхнээсээ эргэн ирж байна. Өмнө нь БНСУ болон Беларусь, Никарагуа зэрэг хэдхэн улс хөлбөмбөгийн лигээ үргэлжлүүлж байсан. Харин энэ удаа Европын ТОП таван лигийн нэг Германы Бундеслиг эрсдэлийг үл хайхран тоглолтуудаа үргэлжлүүлэхээр шийдсэн нь спортын хорхойтнуудад барьсан том бэлэг байв. Нөгөөтэйгүүр бусад улсын лигүүдэд ч итгэл найдвар төрүүлсэн гэж болно. Гэхдээ Бундеслиг асар их бартаа саад туулан байж тоглолтоо явуулж байна. Нэг дор олон хүн бөөгнөрөхгүй байх дүрмийн дагуу тамирчид хэд хэдэн автобусанд хуваагдан цэнгэлдэхэд ирснээс гадна вирусийн шинжилгээ өгч, халуунаа үзүүлсний эцэст тоглолтод оролцох эрхтэй болсон.

Мэдээж үзэгчгүй цэнгэлдэхэд тоглолтууд явагдсан бөгөөд ердөө 213 хүн дотогш нэвтрэх эрхтэй байв. Үүнд хоёр багийн тамирчин, дасгалжуулагч, бөмбөг зөөгч нийлсэн 98 хүн, шүүгч, харуул хамгаалалт, эмнэлэг, хэвлэл мэдээллийн 113 хүн багтсан. Харин видео шүүлтэн дээр ажиллах 119 хүн цэнгэлдэхийн гадна байршжээ. Багийн албаныхан болон сэлгээнийхэн хоорондоо зайтай сууснаас гадна бүгд маск зүүх ёстой. Мөн бөмбөгийг тоглолт эхлэхийн өмнө болон завсарлагаанаар тогтмол ариутгаж байв. Сэтгүүлчид ярилцлага авахын тулд тухайн хүнээсээ зайтай зогсож, сунадаг урт микрофон ашигласан бол хөлбөмбөгчид гоолын баяраа тэмдэглэхдээ хүртэл хоёр метр зай барих дүрмийг баримталжээ. Өмнө нь гоол оруулсан нэгэн дээрээ гүйлдэн очиж, дээрээс нь бүчин авдаг байсан дүр зураг өөрчлөгдөж, хоёр метрийн зайнаас нэгэндээ баяр хүргэх нь их л содон харагдаж байв.

Үзэгчгүй тоглолт давсгүй хоол мэт санагдаж байсныг хөлбөмбөгийн экспертүүд энэ үеэр ярьж байв. Тухайлбал, Английн шигшээд тоглож явсан, өдгөө телевизийн аналистаар ажиллаж буй О.Харгривз “Фэнүүдгүй тоглолт үзнэ гэдэг хүндхэн юм байна” гэсэн бол BBC-гийн тоймч Ж.Чиверс “Дунд сургуулийн хүүхдүүд зааланд сагс тоглож байгаа юм шиг л санагдсан” гэжээ. Гэхдээ ямар ч байсан хөлбөмбөг цар тахлыг ялан дийлж, эргэн ирсэнд хүн бүр баярлаж байна. Ирэх зургадугаар сард Англи, Итали улс лигээ эхлүүлэхээр төлөвлөж, судалгаа хийсээр байгаа юм. Түүнчлэн сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг NBA улирлаа эргэн сэргээх арга замыг эрэлхийлсээр байна. Лигийн зүгээс багуудыг нэг хотод цугларуулж, тоглолтуудаа үзэгчгүй явуулахаар төлөвлөж буй. Одоогоор Орландо болон коронавирус хамгийн бага бүртгэгдсэн Лас Вегас хотууд лигийн тоглолтуудыг хүлээн авах хүсэлтээ илэрхийлжээ.

Засгийн газрын мэдээ


URL: