34 бие даагч СЕХ-д сонгуульд өрсөлдөх материалаа өгчээ

286

2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорсон билээ. Тэгвэл сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 21-ний дотор СЕХ-д материалаа бүрдүүлж өгөх учиртай.  Нэр дэвшигчдийн материалыг хүлээж авах ажил энэ сарын 17-ны өдөр эхэлсэн. Одоогоор 34 бие даагч нэр дэвших материалаа СЕХ-д хүргүүлсэн аж. Харин нам эвслээс нэр дэвшигчид хараахан материалаа бүрдүүлж өгөөгүй байгаа юм байна.

Энэ талаар СЕХ-ны хууль, эрхзүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Хуульд заасны дагуу бүрдүүлэх материал гэж байгаа. СЕХ-ны цахимд хуудсанд байрлуулсан. Мөн хуулинд тодорхой заасан байдаг. Хэрвээ бичиг баримтыг дутуу бүртгэж өгвөл нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болдог. 21-нийг хүртэлх хугацаанд бүх баримтаа бүрдүүлээд өгч болно. Хэрвээ хугацаандаа бичиг баримтаа бүрдүүлж өгөхгүй бол  СЕХ бүртгэхээс татгалзсан тогтоол гаргана. Бүртгэхээс татгалзсан тогтоол гарсны дараа тухайн нэр дэвшигч хуульд заасан баримт бичгийг нөхөж бүрдүүлэх, шаардлага хангасан гэсэн баримтаа бүрдүүлээд, дахин нэр дэвшүүлэх боломжтой. Энэ бол санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн хугацаанд шийдэх асуудал.

Нөхөн нэр дэвшүүлэх процесс гэж бий. Нэр дэвшигч нь шүүхээс ял авсан, нас барсан тохиолдолд тухайн намаас өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх боломжтой. Гэхдээ санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногт багтааж бичиг баримтаа бүрдүүлж, асуудлаа шийдэх боломжтой” хэмээлээ.


URL: