Өмнөговийн сонгуулийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн залууc өрсөлдөгчгүй өнгөлж эхэллээ

322

Ингээд гарчиглачихаар үй түмэн хуурамч хаягнаас “тролл”-ууд орж ирээд барьж идэх шахах байх. Угаасаа цахим орчинд Х.Мандахбаяр, Н.Наранбаатар гэдэг нэр тавихад л сэтгэгдэл хэсэгт бэлтгэсэн гүжир гүтгэлэг дүүртэл чихэж байгаа. Сошиалд нэр нүүрээ нуусан хуурамч хаягтай эрээвэр, хураавар хэдэн хүнээр ийм юм хийлгэж суудаг ядарсан арга бол мөнгөтэй бөгөөд нэр хүндгүй хүмүүсийн зам л даа. Тийм нөхдүүдэд зануулж зүхүүлэхээс айгаад чимээгүй явдаг сэтгүүлч байтугай арван жилийн хүүхэд ч өнөө цагт байхгүй. Харин ийн бичих болсон шалтгаан бол тусдаа юм. Америкийн иргэний эрхийн хөдөлгөөний гарамгай удирдагч Мартин Лютер Кинг нэгэнтээ “Цаг нь ирсэн тэр цагт чимээгүй байсан нь урвагч” гэж хэлсэн нь бий. Тиймээс цаг нь ирсэн цагт нь үгээ хэлэхгүй бол болохгүй байна. Монголчууд бид төрөө өөрсдөө эмхлэн байгуулах эрхийг дөрвөн жилд нэг удаа эдлээд үлдсэн хугацаанд нь баярлан талархаж эсвэл харааж зүхэн өнгөрүүлдэг. Удахгүй бид өөрсдийн зөв гэж үзсэн тэр сонголтоо хийнэ.  Энэ удаа УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог Өмнөговь аймагт нэр дэвшсэн Хархүүгийн Мандахбаяр, Нанзадын Наранбаатар нарыг онцолж бичих гэж байгааг уншигчид эхлэл хэсгээс ойлгосон байх.

Үнэндээ, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хариуцлагын гэрээ байгуулан итгэж илгээсэн мэдлэг боловсролтой, нэр цэвэр хоёр залуу Өмнөговийн сонгуулийг өнгөлж байна. Сонгуулийн сурталчилгааны гарааны өнгөнөөс бариаг барагцаалж болдог талтай. Тэр өнцгөөс харвал Өмнөговийн уугуул хоёр залуу үнэхээр сайн дэмжлэгтэй байна. Сонгуулийн сурталчилгааных нь нээлтэд ирсэн хүмүүсийн уур амьсгал, уулзалт хийж байгаа сумуудад ч элэгсэг сайхнаар угтан авч байгаа бичлэгээс нь харахад тодорхой байна шүү дээ. Учир нь тэр хоёрын нэр Х.Мандахбаяр, Н.Наранбаатар гэхээс “Гарц, шийдэл”, “Бүтээн байгуулалт” юм. Х.Мандахбаярын хувьд Тост, Тосон бумбын төлөөх тэмцэл хийхдээ эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй хууль давж гишгэсэн олигархиудтай тулж, нутгийн иргэдийн олон жил хүлээсэн шударга, хариуцлагатай уул уурхайн төлөөх тэмцлийг зангидаж, шийдэлд хүргэсэн. Орон нутгийн иргэд ч үүнийг нь бахдан ярих юм билээ. Ийм тэмцэл дардан замаар явдаггүй. Хорссон, хууль бусаар олох мөнгөө алдлаа гэж харамссан шунаг сувдаг хүмүүсийн хар сүүдэр насан туршид нь нөмөрч байх нь лавтай. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд ч тэр нь хангалттай мэдрэгдэж байна. Гэхдээ монголчууд хэн нь хэн бэ гэдгийг таньж ухаардаг болсон. Эвлүүлсэн, хүний санаанд оромгүйгээр дайрсан, давсалсан сүржин гүтгэлгийг ялгахтайгаа болсон шүү. 30 жилийн туршид бидний олж авсан мэдлэг бол хэрээ, хун хоёрын ялгааг олж сурсан нь юм. Тийм болохоор энэ жилийн сонгууль онцлогтой болж байна. Өмнөговийн Засаг дарга Н.Наранбаатарын хувьд аймгаа гурван жил дараалан улсын шилдэг аймаг болгоод байгаа. Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, эдийн засгийн хувьд бүрэн шийдэл олсон аймаг болголоо. Ийм амжилтыг энэ нутагт эрт ч авчирч болох байсан. Хожуу ч гэсэн 2016 оноос ирлээ гэдгийг Өмнөговийнхон хэлж, олзуурхаж байна. Тэд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаагаараа Өмнөговь аймагтаа өрсөлдөгчгүй өнгөлж эхэллээ.

Хамгийн гол нь тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шударга ёсны төлөөх тэмцэл, улс орноо өөд нь татах олон төсөл, улмаар Монгол Улсад иргэд нь засагладаг ирээдүйн нийгмийн зорилгод яв цав тохирч, итгэлийг нь тээн ирээд байгаа юм. Энэ ялалт улс орон цааш хэрхэн замнах вэ гэдгийг шийдэх учиртай. Тийм учраас л Мартин Лютер Кингийн үгнээс иш татсан юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 30 жил шийдлээ олоогүй олон асуудал зөв зам дээрээ гарсан. Авлигачид, төрийн алба наймаалагчид гишгэх газаргүй болж, нефт нэрэх үйлдвэр, төмөр замын ажил урагшиллаа. Улаанбаатар утаагүй боллоо. Энэ мэтээр тоочоод байвал өчнөөн зүйл бий. Гол нь одоо эхлүүлснээ дуусгах хугацаа, итгэл даах залууст төрийн жолоо атгуулах сонголт хоёр л дутуу байна. Хийсэн ажилтай, хэний ч өмнө нүүр бардам зогсож чадах, хийж бүтээх дөч гаруйхан настай хоёр залуугаа Өмнөговь аймгийнхан нутагтаа, улсдаа хөгжил авчирна гэж итгэж байгаа. Хонгор морьтой хоёр залууд бүтэн ялалт ойрхон байна.


URL: