Бат-Үүл баатраас асуух асуулт байна

Ядуурлаас,ажилгүйдлээс, утаанаас, авилга хээл хахуулиас салах арга зам нь улстөрчид та нарын гарт байгаа.

Гэтэл тэд нь ажлаа хийхгүй, Засгийн газар нь алхам тутамдаа хууль зөрчөөд, УИХ нь тэдэндээ хариуцлага тооцох биш толгойг нь илсээр байгаа нөхцөлд иргэд яах ёстой вэ?-

Улсын баатар Э.Бат-Үүл сая­­­­­­­хан нэгэн нийтлэл бичсэн. “Хүчирхийлэлгүй Монгол Ул­сын төлөө” гэж. Нийтлэлийн өн­­­­гө аяс, агуулсан баримт сэлт, ав­­­­­­­­сан ишлэл болоод харьцуулалт энэ тэр мэдээж тасархай.

Хөгжлөөрөө дэлхийд тэр­гүүлж байсан Япон улс сүүлийн 15 жил эдийн засаг нь зогсонги бай­­­­­далд орж, энэ дарамтаас үү­дэн иргэдийнх нь дунд амиа хор­лох үзэгдэл газар авсаар байгаа, НҮБ-аас “амьдрахад хамгийн таа­­тай орноор” зарлаад байсан Исланд улс бүрэн дампуурч, иргэ­­дийнх нь гуравны нэг га­­даад улс оронд очиж ажил хай­­­хаа­­саргагүй болсон тухай, нө­­гөө мөрөөдлийн Америк хүр­­тэл бөөн асуудалд унаж, капитал нь гадагшаа урсан, Монголын хүн амаас тав дахин олон хүн ажил­­­­­гүй болсон, Европын өн­­­­­дөр хөгжилтэй орнуудын тоонд ордог Франц, Герман, Их Бри­тани улсуудад ч байнга ажил хаялт, жагсаал цуглаан үргэл­­­жилж, хөгжлөөрөө дэлхийд гай­­­­­­­­­хуулж байгаа Хятад улс ажил­­­­гүйдэл, ядуурал, авлигыг тог­­­­­­тоон барьж дийлэхээ боль­­­­сон тухай, дэлхий нийтийг аалз­­­ны тор шиг хэрсэн энэ олон асуудлуудад Монгол Улс ч мөн хүлэгдэж, байгалийн асар их баялагт маань шунасан их гүр­нүүдийн геополитикийн ил далд дайнд татагдаж ороод газар нут­гийн бүрэн бүтэн байдлаа алдах, үндэсний төрт улсаа устгаж үгүй хийн Либери шиг “газар дээрх там” болж үлдэх аюул айсуйг сэрэмжлүүлжээ.

Социализмын үед манайтай “ах дүүгийн барилдлагатай” явж ирсэн хуучин социалист орнууд ч манайтай ихэр мэт асуудлуудтай, авилгадаа идэгдсэн төрөө зү­хэж, олигархуудаа хараасан ард иргэдийн дэндүү “дотно” дүр зураг харагдаж, шийдлээ хүлээ­сэн олон асуудлын жагсаалт бариагүй нэг ч ард түмэн энэ дэлхийд үгүй гэнэ. Тиймээс Э.Бат-Үүл баатрын нийтлэлийн гол утга санаа нь сүүлийн үед Монголын нийгэмд бий болоод байгаа улс төрийн хурцадмал байдал, төр иргэдийн хоорондын үл ойлголцлыг хазаарлах, иргэд, иргэний хөдөлгөөнүүдийн зү­­­гээс төрийн эрх мэдэлтнүүд, улс төрийн удирдагчдын эс­рэг баримталж буй эсрэг байр суурь, хэт улс төржсөн шүүмж­­­лэл, үгүйсгэх сэтгэлгээ нь нийг­­­­­­­­мийг хагарал руу түлхэж, хүчир­­хийллийг бий болгож магадгүй талаар анхааруулсан байна.

…Өөрийгөө философич гэж дө­вийл­гөдөг марксист гуай хүч хэрэг­­­лэн төрийн эрх мэдлийг авахыг уриалан бичиж, Ерөнхий сайдаас унагасны хариу өш хонзонг өнөө хир санасаар байгаа эрхэм өөрийн боловсруулсан үндсэн хуулийг батлах “хуралдай” гээчийг зарлан хуралдуулах замаар төрийн эргэлт хийх гээд завгүй явж байна. Сайд болоогүйдээ хорссон УИХ-ын зарим гишүүд “иргэний дайн болно шүү!” хэмээн хуралдааны танхимд зоргоороо хашгичиж, бас нэгэн эрхэм гишүүн өөрөөсөө бусдыг “бирд”-үүд хэмээн дайраад, тэдний эсрэг “хишигтнүүдийн дайн” зарлах тунхаг бичиг түгээж байна. Энэ дайн нь зөвхөн “бирд” хэмээгчдийн эсрэг байгаад зогсохгүй тэдний эхнэр, үр хүүхэд, ах дүүс, төрөл төрөгсдийн эсрэг хийх “дайн” юм гэнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсандаа өнөө хэр гомдоллож яваа эрх мэдэлд шунах донтон нийгмийн хагарлыг ил далдаар өдөөн турхирч эвдрэлийн үрийг цацаж, “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдэг байсан тэр, унаснаасаа хойш “эвтэй байх нь шудрага бус” гээд уугиж явна…

Энэ бүхэн хэний тухай гэдгийг уншигчид хэлүүлэлтгүй мэдэх юм хойно. Баатрын бичсэнчлэн төр хэмээх нийгмийн институц анх бий болсноос хойш өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөн муу төрөөсөө салах хоёрхон арга замыг олжээ. Эхнийх нь хүч хэрэглэх, хоёрдох нь ардчилсан сонгуулийн арга. Төрийн эрх мэдлийг хүчээр булаан авах  үйл ажиллагааны түүх нь хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг үнэнийг хүн төрөлхтөнд харуулсан. Хүчирхийлэлийн “хүү”нь хүчирхийлэл, ”ач” нь хүчирхийлэл, “гуч” нь хүчирхийлэл… Энэ ч мөн хөдөлбөргүй үнэн.

…Асуудлыг хүч хэрэглэн шийдэх нь улам бүр зовлонд унагаж буйг ухаарсан ард түмэн муу төрөөсөө салах арга зам нь ардчилсан сонгууль гэдгийг эцэст нь нээжээ. Энэ бол хүн төрөлхтний оюун ухааны хамгийн аугаа нээлтүүдийн нэг. Сү.Батболдын тэргүүлсэн хам­тар­­­­­сан Засгийн газар “муу дүн” авбал 2012 оны парламентын сон­гуулиар МАХН, Ардчилсан Нам хамт­­­даа унан гуравдагч хүчин ялж улстөрийн цоо шинэ нөхцөл бай­­­дал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Ерөн­­хийлөгчийн сонгууль ч мөн ард түм­­­ний хүсэл зоригийг илэрхийлэл болж, сайн ажилласан Ерөнхийлөгч ули­­­ран сонгогдож, таалагдаагүй Ерөн­­хий­лөгч огцрон халагдаж ирсэн. Ийн­­­­­­хүү муу удирдагчдаасаа салахад хүч хэрэглэн тэмцэлдэх шаардлага огтоос байхгүй болсоор хорин жил болж байна…

Энэ харин үнэн үү? Мэдээж нэг талаас үнэн. Саяхан нийтээрээ 19 жилийн ойг нь тэмдэглэсэн шинэ Үндсэн хуулиараа бид төрийн эрхийг зөвхөн ардчилсан сонгуулиар авч болохыг хуульчилсан. Үүний тулд улс төрийн намууд бодлогоо уралдуулж, ард түмний итгэлийг хүлээсэн нь Засгийн газраа байгуулж, бодлогоо хэрэгжүүлдэг. Тэгэхээр бид нэгэнт тогтчихсон зүй тогтлын талаар маргах шалтгаангүй болж байна. Тэр тусмаа энэ зүй тогтол маань улам бүр боловсронгуй болж, хууль эрх зүйн хувьд илүү дэлгэрэнгүй зохицуулалтуудыг хийсээр байгаа. Тэгвэл иргэд яагаад бухимдаад байна вэ? Иргэний хөдөлгөөнүүд яагаад жагсаж цуглаж, эрх баригчдаас гаргасан шийдвэр бүрийг эсэргүүцэж, улс төрийн намууд ч дотроо хөлөө жийлцэн, хохирогч болсон нэг нь “эх оронч”-ийн дүрд тоглох болов? Утаа хаашаа хийсч байгааг биш, утаа хаанаас ирж буйг харах нь дээр гэж үг бий.

…Итгэл найдвараа алдсан хөдөө­нийхөн маань горьдлого тээсээр хотруу нүүж, хот руу нүүсээр хорин жил болж байна. Хотод ирээд адлуулж, урьд нь ирсэн хөдөөнийхөн хойно нь ирсэн хөдөөнийхнийгөө “хөдөөнийх” хэмээн гоочилж, ажилгүй, орлогогүй залуус халаасныхаа хэдэн задгайг хувь нийлүүлэн архидацгааж, хүүхэд багачуудыг хүртэл “архидалтын хувь нийлүүлсэн нийгэмлэг”-тээ элсүүлж байна. Ажил хийж байгаа хүмүүсийн ахуй амьдрал ч бас сайнгүй, төсвийн байгууллагад ажиллаж буй олон залуус халаасны өрөө, түрээсийн бай­ранд амьдарч, төрийн албан хаагч­­дын орлогын эх үүсвэр авилга болж, авилга манай нийгмийг хоёр хувааж байна. Тэгээд нийгэм маань, төрийн эрх мэдлийг мөлжлөгийн хэрэгсэл болгосон авилгачдын анги, түүнд дарлагдан буй жирийн иргэд хэмээх хоёр ангид хуваагдаад байна…

Хичнээн үнэн үг вэ. Гэвч энэ бүхнээс яаж салж хагацах вэ. Эсвэл юу ч болоогүй мэт ажилдаа явж, орой ирээд зурагт харж, хоолоо сайн идэж, бөх гэгч унтсаар байх уу. Монгол Улс нэг л хуультай. Харин тэр хууль их олон нүүртэй. Монгол Улс 6000 хоригдолтой. 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн дараа энэ тоо 700-гаар нэмэгдсэн. Тэд бүгд ямар нэг хэмжээгээр хууль зөрчсөн, бусдын эрх чөлөөнд халдсан, эд хөрөнгөд хохирол учруулсан, өөрөөр хэлбэл дээсний нөгөө талд гишгэсэн иргэд. Төрд ч гэсэн тэр “дээс” бий, дээсний гадна гишгэхийг төрийн албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдэд мөн л адил хориглодог. Харин энэ хориг үйлчилж байна уу, үгүй юу гэдэг бидний өнөөдрийн гол асуудал. Утаа хаанаас гарч байгаа нь. Сайд хууль зөрчвөл нам нь хамгаална, гишүүд нь хууль зөрчвөл парламент хамгаална. Агентлагийн дарга төсвийн өмч хөрөнгө шамшигдуулаад албан тушаалаасаа зайлуулагдвал дараа­чийн сонгуулиар ёртой юм шиг нэр дэвшинэ, гарч ирээд илүү ихийг иднэ. Энэ бол манай улс төрийн хүрээнд бий болоод байгаа бас нэг жишиг. Муу байх тусмаа сайн гэдэг зарчим манай улстөрд үйлчилж байна. Монгол орон баян л гэнэ. Гэтэл энэ баялгийг төрийн эрх мэдэлд ойр байдаг 100 гаруйхан гэр бүл өмчилж, эрх мэдлээрээ дамжуулан өмч хөрөнгөө улам бүр зузаатгаж байхад иргэд зүгээр л найдаад, хараад суух уу. Үнэндээ буруу гаргасан бодлого, шийдвэрийнхээ төлөө УИХ, Засгийн газар, улс төрийн намууд хариуцлага хүлээж байсан жишиг манайд байна уу. Энэ л иргэдийн бухимдах гол шалтгаан болж байна.

Өнгөрсөн жид олон улсын байгууллагуудаас гаргасан авлигын индексээр 1998 онд дэлхийн улс орнуудаас 35 дугаарт бичигдэж байсан Монгол Улс 2006 онд 99 дүгээрт, харин өнөөдөр 120 дугаарт ортлоо ухарч, улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлига хамгийн их нэмэгдсэн дүгнэлт гарсан байна. Төрийн эрх мэдэл гэдэг түүнийг тойрсон цөөн гэр бүлийг тэжээх хэрэгсэл болж, дийлэнх олонхи нь ажилгүйдэл, ядууралдаа идэгдэн, төрөөс үүнийг нь бэлэнчлэх сэтгэлгээгээр тэжээж, томруулж, Улаанбаатарын утаа гамшгийн түвшинд хүрч, монгол хүний амьд явах эрх өдрөөс өдөрт алдагдаж байна. Тиймээс нэг асуулт байна.

Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж үг бий. Иргэд хэдий ядуу байлаа ч, хууртаж мэхлэгдсэн ч, итгэж сонгосон төр нь иргэнийхээ үгийг эс тоолоо ч, Засгийн газар тэдэнд ажлын байр, хангалттай цалин хөлс санал болгож чадахгүй байсан ч хамаагүй, ардчилсан сонгуулиар байгуулсан учраас УИХ, Засгийн газрыг үргэлж тэвчин харж суух ёстой юу. Төрийн эрх мэдэл хэнийг гарт байх, хэнийг хамгаалж, хэний эрх ашигт үйлчилж, хэдий муу ажиллаж байгаа нь хамаагүй гэж үү. Хэрвээ Засгийн газар амласан ёсоороо Оюутолгойн гэрээг алдагдалгүй хийж, Тавантолгойн төслийг хэрэгжүүлж, монголчууд татварын урьдчилгаанаас хишиг горьдох бус, эдийн засагт хийсэн үр ашигтай хөрөнгө оруулалтаар амьдралаа дээшлүүлж, ажил орлоготой толгой дээгүүр явсан бол, эсвэл зүгээр л хууль хүн бүрт тэгш үйлчилдэг, төр нь иргэн бүртээ тэгш боломжийг олгодог байсан бол иргэд ингэтлээ бухимдаж, төр засгаа зүхэх байсан уу.

Тиймээс улсын баатар Э.Бат-Үүлээс асуух асуулт байна. Таны хэлсэнчлэн энэ бүхнээс салах арга зам нь хүч хэрэглэх явдал, хүчирхийлэл яавч биш. Би лав үүнтэй санал нэг байна, иргэд ч мөн ийм бодолтой байгаа гэж найдаж байна. Хамгийн гол нь энэ ядуурлаас,ажилгүйдлээс, утаанаас, авилга хээл хахуулиас салах арга зам нь улстөрчид та нарын гарт байгаа. Гэтэл тэд нь ажлаа хийхгүй, Засгийн газар нь алхам тутамдаа хууль зөрчөөд, УИХ нь тэдэндээ хариуцлага тооцох биш толгойг нь илсээр байгаа нөхцөлд иргэд яах ёстой вэ? Э.Бат-Үүл баатрын хувьд хүний эрх, эрх чөлөө, ардчиллын хэм хэмжээ гэдгийг арай илүү мэдэрдэг, төрийн үүрэг нь иргэндээ үйлчлэх, хүн бүрт тэгш боломжийг олгох явдал гэж үздэг, түүнд нь ч итгэж үнэмшсэн олон нийт улстөрч Э.Бат-Үүлийг хүрээлсээр ирсэн, хүндэтгэдаг, хайрладаг. Тиймээс танаас асууя. Өнөөдөр Монголын төр иргэдээ үнэлж байгаа үнэлэмж, өгч байгаа боломжийг хангалттай гэж та боддог уу? Үгүй бол бид яах ёстой вэ. Алхам тутамдаа хууль зөрчдөг Засгийн газрыг, ар өврөөрөө байнга хуйвалддаг “ангийн” чинь нөхдийг, улс орноо асрамжийн газар болгоод байгаа улстөрийн хүчнүүдийг яах юм бэ?


URL:

Сэтгэгдэл бичих