Нэр дэвшигч Б.Баярмагнай Цагаан давааны асуудлыг хөндөж, шийдлээ танилцууллаа

 15

УИХ-ын сонгуулийн 23-р тойрог, Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж буй бэлтгэл хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай сонгуулийн сурталчилгааны хугацаа эхэлсэн өдрөөс хойш тойргоороо хоёр удаа тойрон иргэд сонгогчидтойгоо уулзжээ.

Тэрээр өнөөдрөөс эхлэн тойргийн хороодод болон Баянзүрх дүүргийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудын хүрээнд биечлэн газар нутгаар нь явж, цахим хэлбэрээр шууд дамжуулалт хийн асуудал, шийдлийн талаар ярьж, иргэдтэй санал бодлоо хуваалцаж эхэллээ.

Түүний хөндсөн эхний асуудал бол Цагааны давааны төвлөрсөн хогийн цэг байв. Энд 1990 онд ямарч хоггүй, эрүүл хөрстэй газар байсан аж. Б.Баярмагнай нэр дэвшигч энэ байршлыг сонгосон учир нь Баянзүрхчүүдийн тархин дээр нь хог асгадаг, шатааж орчныг төдийгүй агаарыг маш ихээр бохирдуулдаг учраас их эмзэглэж явдаг байна. Түүнтэй санал нэг иргэд тус дүүрэгт олон байдаг ажээ. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцсан иргэний яриаг энд товч хүргэе.

“Би БЗД-ийн 9-р хороонд 40 орчим жил амьдарч байна. Цагаан давааны хогийн цэг яг салхины дээр байрладаг учраас эргэн тойронд нь аж төрдөг хүмүүст их хэцүү байдаг. Зарим үед дайн болж байгаа юм шиг их хар утаатай болно.  Зүгээр нэг ногоо биш хог шатаж байгаа учраас их хэмжээний химийн хортой бодис ялгаруулж байгаа шүү дээ. Эрүүл ахуйн байдлаасаа ч их хүнд байдаг, ханиаднаас ер салдаггүй. Нэр дэвшигч маань энэ асуудлыг хөндөж, анхаарлаа хандуулж байгаад их баяртай байна. Том байшин барилга барих гэж байгаа биш, газар шороог нь эрүүлжүүлж мод тарих аян өрнүүлнэ гэдэг санаачлагыг нь иргэд бид дэмжиж байгаа. Яагаад гэвэл энэ бол олон хүний эрүүл мэндэд маш хэрэгтэй ажил болно гэж найдаж байна” гэж ярьлаа.

Нэр дэвшигч Б.Баярмагнай энэ үеэр өөрийн мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг хэрхэн тусгасанаа тайлбарласан юм. Тэрээр “Би өөрийн мөрийн хөтөлбөртөө нийслэлийнхээ агаар, орчны бохирдлыг бууруулах зорилготойгоор нийслэлийн хойд талаар “Нийслэлд нэг сая мод” хөдөлгөөн өрнүүлэх тухай тусгасан. Нийслэлийн тархин дээр байрлах хогийн цэгийг хотоос гаргая, мөн хүн тавьдаг газруудаа чөлөөлж мод тарьж хөрсийг нь эрүүлжүүлье гэж төлөвлөж байгаа. Монголын ард түмэн 1990 онд ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэмд шилжихдээ төр засаг нь ард түмнээ ингэж хог түүлгэж амьдруулна гэж гарч ирээгүй л байх. Гэвч ийм байдлаар ард түмнээ амьдруулж байгаад төр засгийг буруушааж байна. Одоо бас энд хог хаягдлын үйлдвэр байгуулж байгаа юм байна. Үйлдвэр гэдэг чинь мөн л хорт хий, утаа ялгаруулж байдаг учраас үүнийг би бас л буруу гэж үзэж байна” хэмээн асуудлыг олон талаас нь хөндөн ярьлаа.


URL: