Т.Ганболд: Дахин сонгууль хийе, бодитоор дахин ялагдвал сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрье

15931462805ef57ba810d0d

УИХ-ын сонгуульд өрсөлдсөн бие даагчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр 122 бие даагч өрсөлдсөнөөс 1 бие даагч УИХ-д сонгогдсон билээ. Дархан-уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд “Өнгөрсөн сонгуулиас хамгийн их буюу нийт 122 хүн сонгуульд бие даан нэр дэвшсэн. Ингэхдээ салбар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн бие даагчид байсан. Гадуур нам бус хүнийг харна гэх уур амьсгал байсан. Миний бие Дархан-уул аймгийн тойрогт нэр дэвшсэн. Сонгуулийн өгөгдсөн хуулийн хугацаанд тасралтгүй ажиллаж, энэ хугацаанд ард иргэдтэй уулзсан уулзалтын бүх тоймууд хадгалагдан үлдсэн.

Хуулиндаа бие даагчид тус тусдаа нэр дэвшигчид боловч бүхий л нөхцөл боломж, үзэл санаа,зорилго, мөрийн хөтөлбөрөөрөө нэгдсэн байсан. Харамсалтай нь зөвхөн бие даагч нар дээр сонгуулийн машинд байхгүй таслал оронгийн шинэ формат орж ирсэн. Сонгуулийн машинд ийм формат байхгүй болохыг СЕХ-ны дарга Содномцэрэн гуай сонгуулийн дүн зарлахын өмнөхөн хэлж байсан. Жишээлбэл, миний 7,311 гэсэн эхний мэдээллийн тоо бол excel программын хакер ажиллагаагаар саналын тоог хоёрт хувааж тавьсан үзүүлэлт байна. Энэ хооронд ойролцоогоор 15 минут шаардагдаж байгаа юм. Ийнхүү төгсгөлийн дүн дээр таслал нь алга болж, үлдсэн санал нэмэгдэж явсаар 15242 саналаар миний нэр дөрөвдүгээрт бичигдсэн. Уг нь миний нийт санал бол эцсийн дүнгээр 24 мянга буюу нэгдүгээрт бичигдэх хэмжээний болж байгаа юм. Миний алдагдсан 7311 санал бол хамгийн их саналтай хүмүүс рүү шингэж яваа. Учир нь эцсийн дүнгээрээ саналын тоо мөргөх ёстой. Энэ хугацаанд хөндлөнгөөс орж ирж байгаа хүмүүс үүнийг зохион байгуулж боловсруулж хийж байгаа. Магадгүй миний алдагдсан саналыг өөр бие даагч, нам эвсэлд шингээж болно. Гэхдээ хэн эрх барьж байгаа билээ, хэн СЕХ-ны сервер лүү хандах эрхтэй билээ. Тэгэхээр энэ сонгуулийн дүнг авсан хүмүүст хардах үндэслэл гарч байгаа юм” хэмээв.

 Мөн тэрбээр МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Бие даагчдын эсрэг гаргасан эдгээр фактуудыг тодорхойлох чиглэлд шалгалт оруулж өгөх хэрэгтэй. Дахиад сонгууль хийе. Тэгээд санал бодитоор тоологдож дахин ялагдвал сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрье” гэв.


URL: