Наадам хийж болно оо, 3 тэрбумыг “цацах” арай их биш үү

15936051795efc7c3bc6afb (1)

Улсын төсөв одоогоор 1.2 их наядаар тасарчихсан байгааг өчигдөр хараахан солигдчихоогүй байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Монголбанкнаас  төсвийн орлого 1.8-2 их наядаар буурах төлөв байгааг хэлсэн.  Гэтэл манай улс үзэгчгүй наадмыг 3 тэрбумаар хийхээр төсөвлөж.  Наадам хийж болно оо. Дэлхийд ганцхан монгол наадмаа хийж, хүчит бөхчүүдийнхээ уран барилдааныг, хурдан морьдынхоо уралдааныг үзэх нь монгол хүн бүрийн хүсэл.  Хэдийгээр дэлхий нийтээрээ коронавирусийн өмнө өвдөг сөхөрч, манай улс ч хөл хорио тогтоочихоод байгаа энэ үед Монгол дотооддоо халдвар тархаагүй гэдэг утгаараа наадмаа хийхээр болсон. Буруу ч юу байх билээ, үзэгчгүйгээр наадмаа хийгээд, иргэд зурагтаа бөхөө, морио, сур харваагаа үзчихэд болно.

Харин нэг сонирхолтой зүйл байгаа нь наадмын төсөв буурсангүй. Бүр эсрэгээрээ өсөөд, 3 тэрбум төгрөг болчихож.  Үндэсний их баяр наадмын төсөв 2010 онд 640 сая төгрөгт багтаж байжээ. 2011 онд 1.3 тэрбум болж хоёр дахин өссөн байна. Түүнээс хойш наадмын төсөв огцом өссөөр ирсэн байх юм.  2012 онд 870 сая төгрөгөөр наадамлаж. Түүний дараа жил 1.5 тэрбумаар наадсан бол 2014 онд 2.2 тэрбум болж өсчээ. Тэгвэл 2015, 2017 онд 2.7, 2016, 2018, 2019 онд 2.9 тэрбумаар нааджээ бид.  Наадмын 2.9 тэрбумын төсвийг юу юунд зарцуулдгийг өмнөх жилүүдийн жишгээс аваад үзье.   11.6 хувь буюу 336 сая төгрөгийг бай шагналд, 34 хувь буюу 991 сая төгрөгийг урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд зарцуулдаг аж.  Харин  19.7 хувь буюу 576 сая төгрөгийг тохижилт үйлчилгээнд,  9.5 хувь буюу 278 саяыг хэв журам хангах, онцгой байдалд, 25 хувь буюу 731 сая төгрөгийг зохион байгуулалт буюу бусад арга хэмжээнд зарцуулдаг байна.

Үүнээс харахад, энэ жил төсвөө жаахан танаж, хэмнэж болохоор байж. Бай шагналд зарцуулах мөнгөө зарцуулдаг юм байгаа.  Энэ жил наадмын нээлт гэж хийх хэрэг байсан уу. Монголд наадмын үеэр ирсэн жуулчид бараг бүгдээрээ нээлт үздэг гэсэн судалгаа байсан. Монголчууд ч өөрсдөө Төв цэнгэлдэхдээ очоод, наадмынхаа нээлтийг үзэх дуртай. Гэтэл энэ жил гадаад битгий дотоодын ч үзэгч байхгүй.  Зурагтаар үзүүлэх тоглолтод зориулж өмнөх жилүүдийн жишигт хүрэхээр буюу тэрбум шахсан мөнгө үрэх шаардлагагүй байлаа.  Энэ жил наадмын нээлтэд оролцох уран бүтээлчид нь ганц ч төгрөг авахгүй, үнэгүй л хийдэггүй юм бол шүү дээ. Тийм ч юм байхгүй биз.  Уг нь Ерөнхийлөгч үгээ хэлээд, ганц нэг хамтлаг, дуучин нь сэтгэлээрээ дуулж өгөөд, наадмын нээлтээ авсаархан хийх боломж байсан.  Заавал эдийн засаг хэцүүдсэн үед найруулагч энэ тэр болоод, наадмын нээлт хийх хэрэггүй л байлаа.

Түүнээс гадна, хэв журам хангах ажилд зарцуулах мөнгийг хэмнэж болно. Үзэгч байхгүй учраас хэв журам зөрчигдөөд байхгүй учраас олон цагдаа дайчлах шаардлагагүй.  Өмнөх жилүүдийнхээс 2-3 дахин бага цагдаа ажиллаад, үзэгчгүй наадмынхаа хэв журмыг сахиулчихаж болно. Харин тохижолт үйлчилгээний хөлс нь гардгаараа гарах байх. “13 дугаар зуун” цогцолборт бөх барилдуулахаар нэлээд зүйлийг бэлтгэх шаардлага гарах байлгүй. Ингээд бодохоор одоо байгаа төсвийн талаар нь наадчих хангалттай боломж байж.  Гэтэл  эдийн засаг хямарч, ажилгүйдэл нэмэгдэж, төсвийн орлого 2 их наядаар тасрах дээрээ тулчихаад байхад үзэгчгүй наадамд 3 тэрбумыг “цацаж” байгааг ойлгохгүй байна.  Монгол Улсад шийдвэрлэх, мөнгө зарцуулах маш олон ажил байгаа.  Нөгөө улиг болсон сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, замын түгжрэл, иргэдийн ядуурал хэвээрээ л байна.

Коронавирустэй холбоотойгоор хөл хорио тогтоож, баахан байгууллагын хаалгыг барьсан. Олон хүн ажилгүй, орлогогүй болж, зарим нь банкны, ББСБ-ын өрөө төлж чадахгүй, машин тэрэгнээсээ авахуулаад хураалгаж байна.  Засгийн газар чадах чинээгээрээ асуудлыг шийдэж, ажиллаж байгаа. Муу ажилласан гэж хэлэхгүй. Гэхдээ л наадамд үр мөнгөө хэмнэх болох дээд хэмжээнд нь тулгаж хэмнээд, өөр асуудалд зарцуулах байсан юм даа.  Монголчууд нэг жил наадмын нээлт гэж баахан урлагийн тоглолт, хамтлагч,  дуучдын хуучин дуугаа дуулахыг сонсохгүй өнгөрч чадах л байсан. Эдийн засаг хүндхэн байгааг ойлгох л байлаа.  Одоо ч зарим зардлаа хэмнэхэд оройтоогүй л байна.


URL: