Монгол жүжигчдийн тоглосон “Waiting for the Barbarians” кино наймдугаар сард үзэгчдийн хүртээл болно

waiting

Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэн бүтээсэн “Waiting for the Barbarians” кино ирэх наймдугаар сарын 7-нд нээлтээ хийхээр болсон байна. “Waiting for the Barbarians” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг нар тогложээ.

Мөн тус киноны туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагвагавьяат жүжигчин Д. Гүрсэд нар тоглосон байна.

Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг өмнө нь “Wonder Woman”, “Ex Machina”, “In the Name of Ben Hur”, “Sweet Lies”, “Peaky Blinders” зэрэг Холливудын томоохон кинонуудад дүрээ мөнхлөөд амжсан юм.

Б. Ганчимэгийн хувьд кинонд тоглохоос гадна “GQ”, “Ashish”, “Gucci” зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд оролцож, олон ч сэтгүүлийн зураг авалтад оролцож загварын ертөнцөд ч өөрийн орон зайгаа бий болгожээ.

Дашрамд дурдахад сүүлийн үед манай улсын уран бүтээлчид гаднын уран бүтээлчтэй хамтран кинонд тоглож, олон улсын кино наадамд амжилттай оролцож байгаа билээ.

Тухайлбал,

  1. Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт“Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кинонд OXУ-н гавьяат жүжигчин Василий Мищенко, Казахстан улсын ардын жүжигчин Айдос Бектемир,Казахстан улсын гавьяат жүжигчин Нурлан Алимжанов нар тоглосон. 2019 онд нээлтээ хийсэн тус кино нь Германы Олденбургийн кино наадмаас “Кино урлагийн амин сүнс” шагнал, АНУ-ын Сан Диегогийн кино наадмаас “Шилдэгийн шилдэг” бүтээлээр шалгарсан, Энэтхэгийн Гоагийн кино наадмын “Шилдэг бүтээл”, Улаанбаатар олон улсын кино наадмын “Шилдэг кино зохиол” зэрэг шагналуудыг хүртсэн юм.
  2. “Титанс” пикчерсийн дэлгэцийн анхны уран бүтээл болох “Сүүн замын сахиул” адал явдалт уран сайхны кинонд бидний сайн мэдэх “Рэкетир” киноны Саяны дүрийг бүтээн, кино урлагт өөрийгөө тамгалсан Казахстан улсын алдарт жүжигчин Саят Исембаев тоглосон.
  3. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан“Netflix”-ийн бүтээл “Марко Поло” кинонд Аригбөхийн дүрийг бүтээж Холливудын бүтээлд дүрээ мөнхлөөд зогсохгүй, Холливудад данстай олон улсын уран бүтээлчдийг Монголдоо авчран мэдлэг чадвар “know how”-аа хуваалцаж “The Mongolian Connection” киногоороо Монголын кино урлагийн салбарт шинэ түүхэн хуудас нэмсэн юм.
  4. Ай Фай Продакшн, Номадиа пикчерс нар Японы Магнетайз инк продакшнтай хамтран бүтээсэн “Хөх тэнгэрийн хязгаарт” уран сайхны кино International Film Festival Mannheim-Heidelberg кино наадмаас Talent awards” буюу нийт оролцсон 50 киноноос шилдгээр шалгарч Шилдэг уран бүтээлийн шагнал болон Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны нэрэмжит шагналыг тус тус хүртсэн.
  5. Жүжигчин С.Ариунбямба БНХАУ-ын “The Longest Day in Changan” 48 ангит кинонд тоглосон юм.

Тэгвэл Холливудын алдартай жүжигчдийн тоглосон “Waiting for the Barbarians” кинонд Монгол Улсын гурван жүжигчин хамтран тоглосон нь анхны тохиолдол боллоо.

Монгол Улсынхаа нэрийг кино урлагаар дамжуулан дэлхийд таниулж буй нийт уран бүтээлчдээ сайтынхаа уншигчдын өмнөөс урлагийн өндөр амжилт хүсье. Та бүхнийг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.


URL: