Уяачид наадмын комисст шаардлага хүргүүлжээ

107605881_139559261125619_2758005884057915702_o

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд уяачид гомдолтойгоо илэрхийлж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст шаардлага хүргүүлжээ. Тухайлбал, азарганы 40,6 , их насны 32,5, соёолонгийн 42,3 хувь, дааганы 82,6 хувь хасагдсан гэв.  Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо эрлийз болон Монгол адууг ялгаж чадахгүй байгаа нь уяачдын дунд бухимдал төрүүлээд байгаа аж. Монгол морин спорт уяачдын холбоо/ММСУХ/-ны шаардлагад “Монголын морин спорт, уяачдын холбоо нь Дэлхийн морин уралдааны холбоо, Азийн морин уралдааны холбоо, Дэлхийн үндэсний спортын холбоо, Монголын үндэсний олимпын хорооны гишүүн бөгөөд 21 аймаг, 330 сум, нийслэл түүний 6 дүүрэгт салбартай 120 гаруй мянган гишүүнтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн спортын холбоо юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо нь Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулж эрлийз, монгол морьдыг ялгаж уралдуулахдаа сэрвээний өндрийг огт хэмжихгүйгээр хасаж байгаа нь олон мянган уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үгүйсгэж, холбогдох хууль, тогтоомжийг зөрчин, ашиг сонирхлын зөрчилтэй, авилгын шинжтэй үйл ажиллагаа зохион байгуулж байгаа талаар олон нийтийн дунд  хар мэдээ, мэдээлэл ихээр гарах боллоо. Монголын морин спорт, уяачдын холбоо нь уяачид наадамчдын дунд маргаантай байдаг  эрлийз, монгол морьдыг ялгаж  уралдуулах асуудлыг холбооны 7 дугаар их хурлаараа хэлэлцэн зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар шийдвэрлэж хурдан морины уралдааны дүрмээ баталсан юм.

Иймд хурдан морины уралдааныг олон нийтэд ил тодоор хөндлөнгийн хяналтын оролцоог хангаж зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах,  мэргэжлийн спортын холбооны дүрэм, журам,  оролцоог хангаж зохион байгуулах,  уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг хүндэтгэж холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй ажиллахыг шаардаж байна.Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа эрийн гурван наадмын бөх, сурын харвааны комисст тухайн спортын мэргэжлийн холбооны төлөөллийг оруулдаг. Үнэн хэрэгтээ тэдгээр мэргэжлийн холбоод нь наадмын тухайлсан төрлөө зохион байгуулдаг билээ. Гэтэл ганцхан хурдан морины уралдааныг ММСУХ-г огт оролцуулахгүйгээр “Төрийн наадмыг төрийн комисс зохион байгуулна” гэх нэрээр ашиг сонирхолд хөтлөгдсөн байж болзошгүй нөхдүүд будлиантуулж байгаа нь хурдан морины соёлын хөгжилд саад тотгор учруулж байгааг анхаарууштай” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL: