“Википедиа”-г үүсгэн байгуулагч тэрбум уншигчтай болохыг хүсч байна

Сард 400 сая хэрэглэгч зочилдог тус сайтын үүсгэн байгуулагч Жимми Уэльс 2015 он гэхэд тэрбум хэрэглэгчтэй болно хэмээн найдаж байгаа аж.

2001 оны нэгдүгээр сарын 15-нд нүүр хуудсандаа “Хүн төрөлхтөн минь сайн байна уу” гэсэн бичигтэйгээр үйл ажиллагаага эхэлсэн “Википедиа” сайт өдгөө хүмүүст хамгийн их танигдсан гэх үзүүлэлтээрээ дэлхийд тавдугаарт бичигдэх боллоо. 17 сая нийтлэлийг нь дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг сайн дурынхан бичиж оруулсан байдаг. Гэхдээ эрдэмтэн, мэргэжилтнүүдийн бэлтгэн хүргэдэг уламжлалт нэвтэрхий толиудтай харьцуулбал “Википедиа”-ийн зарим нийтлэл нь үнэнд нийцэхгүй байгаа талаар шүүмжлэгчид нотолдог.

“Википедиа” сайт өөрийгөө “дуртай нэг нь хянан засварлаж болдог чөлөөт нэвтэрхий толь” гэж нэрлэдэг ч “ВВС” агентлагт өгсөн ярилцлагадаа Жимми Уэльс засвар оруулахад хэрэглэгчдэд бэрхшээлтэй байгааг хүлээн зөвшөөрчээ. “Хулганаараа “Edit” товчийг дарахаар дэлгэц дээр нь ойлгоход бэрх тайлбар, хүснэгт гарч ирэхийг хараад зарим хүн үнэхээр айдаг юм шиг байна лээ. Үүнээс болж мэдлэгтэй, мэргэжлийн хүмүүс нь тухайн нийтлэлд засвар оруулахаас төвөгшөөдөг бололтой” гэсэн тайлбарыг өгөв.

Ирээдүйн төлөвлөгөө

Уэльс сайн дурынханд мэдээлэл оруулах ажиллагааг илүү хялбар болгож, техник туслалцаа үзүүлэхээр төлөвлөж байгаа талаараа мэдээлжээ. Мөн сайтын нийтлэлчдийн дунд аль болох олон эмэгтэй байгаасай гэж хүсдэг гэнэ.

Түүнчлэн өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж буй санхүүгийн загвараа цаашид ч өөрчлөхгүй гэнэ. “Википедиа” ашгийн бус байгууллага хэлбэрээр оршин тогтнож зар сурталчилгаа, хэрэглэгчдийн хандиваар санхүүжсээр ирсэн. “Өнгөрөгч онд 15 сая доллар цуглуулсан нь урьд өмнө байгаагүй амжилт. 408 сая хэрэглэгчдэд ердөө л 20 орчим сая долларын үйлчилгээ үзүүлсэн гэсэн үг. Энэ нь биднийг өндөр үр ашигтай ажилладаг хандивын байгууллага гэдгийг харуулж байна” хэмээн Жимми тайлбарлав. Саяхныг болтол “Википедиа”-ийн хуудсуудад хандив өргөхийг хүссэн уриалгатай түүний зураг байсан билээ. “Бидэнд маш их хандив цуглуулж өгсөн миний зургийг хүмүүс удаан харахыг хүсээгүй байх. Тэгээд “Хөөрхий дөө, энэ залууд хэдэн цаас өгчихвөл царайг нь харахгүй, санаа амар” гэж бодсон байлгүй дээ” хэмээн Уэльс хошигнов.

“Википедиа” болон “Викилийкс”-ын шүргэлцэх цэг

Жимми Уэльс “ВВС”-д ярилцлага өгөхдөө хоёр сайтын хоорондох ялгааг тайлбарлахыг хүсчээ. “Викилийкс”-ийн үйл ажиллагааны гол зарчим нь баримт олж авч нийтэлдэгт оршдог. Харин энэ сайт 2006 онд анх байгуулагдахдаа сэтгүүлчдэд тараасан хэвлэлийн хуудсандаа “Нууцын Википедиа” гэсэн нэрийг өөртөө өгсөн байсан нь зохиогчийн эрхийг зөрчсөн явдал болжээ. Өнгөрөгч долоо хоногийг хүртэл wiki гэдэг домэнүүд “Wikia” компанийн мэдэлд байсан учраас тэд “Викилийкс” сайтыг техникийн хамтын ажиллагаандаа татан оруулах гэж зөндөө хичээсэн аж. Ассанж wikileaks.net, wikileaks.com болон wikileaks.us нэрүүдийг эзэмшихийн тулд холбогдох бичиг баримтуудыг бөглөхөд л болох байсан. Гэвч Ассанж эдгээр урилгыг хүлээж аваагүй гэнэ.

“Хүмүүс Ассанжаас ихэвчлэн “Би “томчуул”-тай тэмцдэг болохоор маш завгүй байна” гэсэн хариу сонсдог гэж ярьж байсан. Надад ч мөн адил яг ийм хариу өгсөн дөө” гэж Жимми ярьжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.