“Жи тайм” сүлжээний хэрэгт холбогдуулан Э.Оюунчимэгт таван жилийн ял оноов

2FF85B4C-18EF-4A71-915D-EFCDBA979852

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцжээ.

Улмаар шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэргийг тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах / гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Улмаар 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Э.Оюунчимэг нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэхээр болсон.

Улмаар шүүх хуралдааныг 2020.07.02, 2020.07.08-ны өдөр тус тус товлосон ч шүүгдэгчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2020.07.17-ныг хүртэл хойшлуулж байсан юм.

“Жи тайм корпоррейшн” ХХК нь 11.398 иргэнд 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11,398 хохирогчтой юм.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар


URL: