Том тэрэгний жолооч: Урдаас нь очоод “Зогсоорой” гээд сануулахад хэн ч тоогоогүй, хажуугаар дайрсан

258577-15072020-1594813779-1400968020-107927439_1760572397416842_17278945621737902_n

Хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрөгч 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд шатахуун тээвэрлэсэн автомашин онхолдон, шатсаны улмаас эсрэг урсгалд зорчиж явсан Аллион, Альфард, Форестер, Соната-7 автомашинууд болон нэг мотоцикл галд өртөн шатаж, олон хүний амь нас эрстэж, эрүүл мэнд нь хохирсон харамсалтай осол гарсан.

Эргэн сануулахад, тус ослын улмаас хоёр хүн газар дээрээ нас барж, харин нэг хүүхэд хот руу хүргэгдэхээсээ өмнө нас барсан юм. Машинтайгаа галд өртөж, 80-90 хувь түлэгдсэн 11 иргэнийг нисдэг тэргээр яаралтай Улаанбаатар хотод авчирч, ГССҮТ-д хүргэн эрчимт эмчилгээ хийж буй.

Бид тухайн осол гарах үед “Норд Бенз” загварын шатахуун тээвэрлэсэн автомашиныг жолоодож явсан жолооч Б.Баттөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

-МИНИЙ ЗУЛГАРСАН БИЕД ЖИЖИГ ХАЙРГА, ЧУЛУУНУУД ШИГДЭЭД ОРЧИХСОН БАЙСАН-

-Сайн байна уу. Архангай аймагт болсон ослын үеэр таныг бэртэл авсан гэж сонссон. Таны биеийн байдал ямархуу байна вэ?

-Ах нь хөдөлж чадахгүй хэвтэж л байна. Өрөөсөн хөл нуглархааргүй гэмтсэн. Хоёр алгандаа оёдол тавиулсан. Өвдөлтөө намдаахын тулд өвчин намдаах эм хэрэглээд л байж байна даа. Хөл гэмтсэн болохоор ойр зууртаа хоёр суга таягтай явж байгаа.

-Та тээврийн хэрэгслээ унагахдаа бэртэл авсан уу, эсвэл галын үеэр бэртсэн үү?

-Тухайн үед автомашинаа унагахдаа бэртэл авсан. Үсрэхдээ хаалганд нь өвдгөө цохьсон юм шиг байгаа юм. Унахдаа хайргатай зам дээр цээжээрээ унасан учраас цээжин бие, гар, нүүр гээд бүхэлдээ урагдсан. Дараа нь харахад миний зулгарсан биед жижиг хайрга чулуунууд шигдээд орчихсон байсан. Тусалсан залуус бол миний биеэс их л чулуу түүсэн. Халцарч гэмтсэн болохоор одоо шарх эдгэрч байна. Өрөөсөн хөлний өвдөгний үе нь гэмтэж, хумиад оёчихсон болохоор нугаларахгүй болсон.

-МАШИНТАЙГАА ХАМТ ШАТЧИХДАГ БАЙЖ УУ ГЭЖ БОДОГДОХ БОЛСОН-

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиалаар цацагдсан бичлэгт таныг осол болохоос өмнө жолооч нарт сануулга, сэрэмжлүүлэг өгч байгаа нь бичигдсэн байсан. Тухайн үед яг юу болсон бэ?

-Тийм байна лээ. Би тухайн үед хүмүүс бичлэг хийж байгааг ч ухаарах сөхөөгүй, хагас солиотой хүн шиг л байсан. Ослоос өмнө нь миний машин тормозгүй болсныг мэдсэн. Учир нь би том тэрэг тасралтгүй найман жил барьсан туршлагатай. С ангилал даруулаад 6 жил, урьд нь ч гэсэн ангилал даруулаагүй байхад олон жил том тэрэг барьсан. Тиймээс автомашинаа тормозгүй болсныг мэдээд гурав, дөрвөн тэрэг явж байсныг орилж өнгөрөөсний дараа машинаа уул руу хавиргаж байгаад унагааж зогсоосон юм. Тэгээд жолоогоо барьсаар байгаад өөрөө үсэрч буусан. Ингэж унагаах үед тэр хавьд ямар ч машин байгаагүй. Доороос машин ирж байсныг би харж байгаа шүү дээ. Цэлийтэл доошоо харагдаж байгаа. Тэгэхэд л тэр машинууд тэр доороос 300 литр ч биш бүр 3000 литрээр нь автомашины түлш гоожоод байхад өөдөөс давхиад ирсэн. Уг нь би өөрөө тэр хүмүүсийг аврах гэсэн биш, сүүлдээ өөрөө ч харамсаж байна. Машинтайгаа хамт шатчихдаг ч байж уу гэж бодогдох болсон.

-Зарим жолооч нар таны анхааруулгыг сонсохгүй дайраад, чихээд байсан гэж сонссон?

-Би машинаа унагачхаад цус нөжтэйгөө холилдсон байхад эхлээд нэг залуу тусалсан. Дараа нь хоёр залуу ирж тусалсан. Би тэр үед хүмүүст зөндөө л хэлсэн. “Битгий, наана чинь бензин асгарчихсан байна, хойшоо ухар” гэж. Миний үгийг сонсохгүй байгаа юм уу, эсвэл хоолой минь гарахгүй байгаа юм уу. Нөгөө фэйсбүүк дээр бичлэг нь байна лээ л дээ. Нэг халтайсан юм цустайгаа холилдоод гар өргөөд байна. Энэ туслаач гээд байгаа юм уу, авраач ээ гээд байгаа юм уу” гээд өнгөрөөд байна гэсэн. Би уг нь энэ олон хүнийг аврах юмсан л гэж бодсон. Хэрвээ би тэргийг доош нь алдсан бол хэчнээн хүн үхэх байсан бол гэж бодсондоо л машиныг зориудаар унагааж зогсоосон. Том тэрэг удирдлагаа алдсан бол унагаж зогсооно. Чадалтай нь амиа авраад үсрэх, чадалгүй нь машинтайгаа хамт үхэх л сонголт байдаг.

-ХҮМҮҮС САНААНДГҮЙ РЕФЛЕКСЭЭРЭЭ ТАТСАН ТАМХИНЫХАА ИШИЙГ ШИДСЭН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ-

-Тухайн харамсалтай ослын шалтгааны талаар танд таамаг бий юү?

-Сайн мэдэхгүй юм. Гэхдээ миний мэдэж байгаа ганц зүйл бол сануулсаар, хэлсээр байхад маш их хэмжээний түлш асгарсан ослын хэсэгт машинтайгаа чихэж орж ирсэн нөхдөөс л боллоо. Арай ч тамхиныхаа цогийг шиднэ гэж баймааргүй байлтай. Түлш их хэмжээгээр доошоо урссан тул хүмүүс санаандгүй, рефлексээрээ татсан тамхины ишээ шидсэн байхыг үгүйсгэхгүй. Ах нь осол гарснаас хойш өнөөдрийг хүртэл янз бүрийн л юм бодож сууна. Доороос ирж буй машинууд нэг эгнээгээр өгсөж ирж байгаа шүү дээ. Эхний тэрэг зогсоод л урагшаа дайрахгүйгээр арынхаа машинуудад “бензин урсаад байна аа, ухар” ч гэдэг юм уу сануулсан бол ийм аймшигтай осол гарахгүй байж болох байсан. Гарсан ч энэ олон хүн биш би, эсвэл машин маань шатаад гал намжих байлаа шүү дээ.

Гэтэл осолдсон машины хажуугаар багтаж гарах гэж дайрсан учраас л ийм харамсалтай осол гарлаа. Би дээд хэсэгт өөрөө байсан учраас хэдийгээр гэмтсэн байсан ч орилж, бархирсаараа байгаад ирж байсан тэрэгнүүдийг бүгдийг нь эргүүлж чадсан. Тэр дээр нэг ч тэрэг байгаагүй. Хамгийн сүүлд гал гарахад намайг нэг портерийн жолооч, машиныхаа тэвшин дээр суулгаад ч болов таныг аваад явъя гээд аваад явсан. Хамгийн сүүлд миний санаж байгаагаар нэг жийп гарч ирсэн. Араас нь ямар машин гарч ирснийг ч сайн санахгүй юм. Би тухайн үед өөрөө ухаан балартсан байсан. Тэр Ланд круизер машины жолоочид байдгаараа орилоод, сануулаад байхад машинаа хий зүтгүүлсээр байсан. “Битгий, буц” гээд орилоод байхад даанч дээ л гэж бодож сууна.

-ЧАДЛЫНХАА ХЭРЭЭР ОРИЛООД, ДАЛЛААД ГҮЙХЭД НЭГ Ч ХҮН ТООГООГҮЙ-

-Монгол хүний яаруу адгуу зан осол гарахад нөлөөлсөн гэж бодож байна уу?

-Тэнд бол ерөөсөө тийм айхтар осол гарахааргүй байсан. Үнэхээр гал гарсан бол миний тэрэг л шатаад дуусах байлаа. Тэр хүмүүс гэмтэж, нас барахгүй ч байж болох байсан.

-Хүмүүст бензин урсаж байгааг хэлээд сануулахад, хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Нэг ч хүн тоогоогүй. Цонхоо онгойлгож байгаа ч хүн байгаагүй. Би чадлынхаа хэрээр орилж, хэлж сануулсан. Миний зургийг авч, бичлэг хийж байсныг нь ч би мэдээгүй л дээ. Тэгэхээр намайг “Нэг халтайсан юм гараараа даллаад байна” л гэж бодсон юм шиг байна лээ. Хоёр хүн газар дээрээ өнгөрсөнд нь би үнэхээр их харамсаж байна. Тэд үхэхгүй байж ч болох байлаа шүү дээ.

-БЕНЗИН УРСААД ИРЖ БАЙХАД ЖОЛООЧ НАРЫГ ТООХГҮЙ, СӨРӨӨД ЯВСАНД НЬ ГАЙХАЖ, БАС ИХ ХАРАМСАЖ БАЙНА-

-Нас барсан хоёр хүнийг суудлын бүсээ тайлж чадалгүй байсаар нас барсан гэж хэвлэлээр мэдээлэгдсэн. Та тухайн үед юу болсон тухай мэдэж үү?

-Тэрийг би даанч мэдэхгүй юм. Гэхдээ ээж, хүү хоёр хоёулхнаа машинд явж байгаагүй нь лавтай. Ээж нь хүүгээ өвөр дээрээ суулгаад жолоо барина гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэдний хажууд жолооч сууж явсан гэсэн үг. Тэр хүмүүс тухайн хүмүүст туслаагүйд нь их эмзэглэж байна. Бас өөдөөс нь бензин урсаад ирж байхад яагаад тоохгүй сөрөөд явсанд нь гайхаж, бас их харамсаж байна.

-Осол болсноос хойш таны сэтгэл санаа, биеийн байдал ямар байна вэ?

-Харамсалтай осол гарснаас хойш нойр хүрэхээ байсан. Нүдээ анихад л нүдэнд ослын зураглал харагдаад, сэтгэл эмзэглээд одоо ч шокынхоо байдлаас гарч чадаагүй явна. Ах нь чамд нэг л зүйл хэлье. Чи бичих гэж буй зүйлээ сайн нухацтай, судалсны дараа бичээрэй. Тэгэхгүй бол надад ч бас осолд орсон хүмүүст ч гэсэн хүнд тусна. Би энэ Фэйсбүүкээр явж байгаа мэдээ бүрийг үзээд хямарч, сэтгэл урагдах шиг л болж байна. Ингэж байхаар машинтайгаа шатаад үхэх минь яав даа ч гэж бодох боллоо.

-ЭНЭ ОСОЛ МИНИЙ, ХҮҮХДҮҮДИЙН МААНЬ ХУВЬД ИХ ТОМ ЦОХИЛТ БОЛЛОО-

-Цагдаагаас тань руу холбогдсон уу?

-Нийслэлийн цагдаагаас ярихаар нь очиж нэг хошуучтай уулзаж анхны байцаалтаа өгсөн. Өчигдөр Архангай аймгаас над руу холбогдсон. Өнөөдөр надтай уулзахаар хот руу ирж байгаа сурагтай байна лээ. Энд долоон хоногийн хугацаатай ирж ажиллах юм шиг байсан. Тэгэхээрээ ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс болон надаас мэдүүлэг, байцаалт авна гэсэн. Одоогоор би юу ч мэдэхгүй л ингээд хэвтэж байна даа.

-Нууц биш бол та гэр бүлийнхээ тухай хэлж өгөөч. Тухайн осол гэр бүлд нь ч гэсэн хүнд цохилт болсон байх?

-Ах нь байр түрээсэлж амьдардаг юм. Нэг охинтой. Охин маань нөхрөөсөө нэг охинтой салсан. Одоо охин болон зээ охинтойгоо гурвуулаа амьдардаг. Энэ осол миний, хүүхдүүдийн маань хувьд их том цохилт боллоо.

Яах вэ энэ ажилдаа овоо хэдэн жил ажиллаад нийгмийн даатгал төлчихвөл, хоёр охиноо байртай болгочих юмсан гээд л зорилго тавиад зүтгэж явсан юм. Ийм харамсалтай зүйл болно гэж яаж мэдэх билээ. Осолд ороод хүнд бэртсэн, нас барсан хүмүүст их харамсаж байна.

О.ЭНЭРЭЛ


URL: