Сталины химийн зэвсэг, этилийн спирт, водка /цагаан архи/

Оросууд, Монголчууд одоо л нэг юм коммунист дарангуйллын дэглэмийнхээ хор уршгийг хагас дутуу ойлгож эхэлж байна. Орос оронд нэг талаас ашиг орлогоо эн түрүүнд тавьсан этилийн спирт, цагаан архи үйлдвэрлэгчид, олиграхиуд, нөгөө талаас цэвэр этилийн спирт түүгээр хүйтэн технологиор водка үйлдвэрлэгчдийг /Сталины химийн зэвсэг үйлдвэрлэгчид Г.Д/ гэж нэрлэсэн сэхээтнүүдийн хооронд дайн болж байна.
Гэвч Орос улсын төсөвт толгой эргэм мөнгө тушааж төрийг хахуульддаг учраас хүйтэн технологиор водка /цагаан архи/ үйлдвэрлэгчдийн талд ялалт байна. Одоогоор цөөнх болоод байгаа водка үйлдвэрлэгчдийг хориглох талын тавьж байгаа үндэслэлээс танилцуулъя. XIX зууны эцэс гэхэд Орос оронд химийн шинжлэх ухаан гайхамшигтай хөгжиж хөнгөн хүнд үйлдвэрийн салбарт нэвтэрч иржээ. Спиртийг анх VII-VIII зууны үед нээсэн боловч өргөн хэрэглээнд нэвтэрч чадаагүй байна.
Спирт металл цэвэрлэх, химийн бүх урвалуудад ашиглах, гоо сайхны бүтээгдэхүүний найрлага, бактер устгах, зад цэвэрлэх, бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг нэмэгдүүлэх гээд ид шидээ үзүүлж эхэлжээ. Цэвэр спирт бол үнэхээр гайхамшигтай бүтээгдэхүүн. 1935 оны хавар Сталин нэг агуу мэдэгдэл хийжээ”…Бид дайснаасаа мөнгө гуйж явах хэрэг үү, мөнгөгүйгээр социализмыг байгуулж чадахгүй. Манай оронд нэг рублийг зуун рубль болгох товар /бараа/ байна. Тийм гайхамшигтай эрдэмтэд байна. Архи үйлдвэрлэлтийг нам төр удирдана. Ямар ч байсан дайснаасаа мөнгө гуйхгүй” гэж хэлжээ.
Тэгээд 1936 онд спирт архины үйлдвэрийг улсын монополь болгов. Монголчууд яг дуурайж таараа. Дээр үеийн өвгөд орос архийг монополь /Манахуал/ гэдэг байсан даа. Яг энэ үед Оросын том химийн инженер, эрдэмтдийг цаг наргүй ажиллуулж байжээ. Ингэж 1936 онд анхны “водка” цагаан архи үйлдвэрлэгдэв. Түүнээс оросууд самагоноо нэрж, хлебны вино, казанное виногоо ууж явжээ. Дэлхийд архийг үйлдвэрлэх аргаар нь дестиляц-дармал, нэрмэл, халуун аргаар гаргаж авах, растификац-хүйтэн, холимол, маш хурдан хугацаанд гарган авах арга гэж хоёр ангилдаг байна.
Растификацаар гарган авсан дээд спиртийг усанд хольсон архийг Орос, Монгол хоёр л шүтэн бөөнөөр үйлдвэрлэж иргэдээ хордуулсаар байна. Сталины удирдлагын доор этилийн спиртийг устай хутгаж анхны водка 1936 онд гарчээ. Харамсалтай нь тэр үеийн Оросын химийн, технологийн эрдэмтдээ бүгдийг устгасан гэнэ. Тэгсэн ч гэсэн этилийн спиртийг устай хутгаж цагаан архи болгоход хүний биед сайн гэж ямар ч эрдэмтэн үйлдвэрлэлийн тодорхойлолт баримт хийж өгөлгүй буудуулцгаасан байна.
Хэдхэн зуун грамм жинтэй хулгана, туулайнаас авахуулаад хэдэн зуун кг морь үхэрийг хүртэл этилийн спирт, алкогаль нам авч байжээ. Этилийн спиртийг устай хольж растификацаар үйлдвэрлэсэн водка нь “төв мэдрэлийн системийг дарамталдаг, сэтгэлийн хөөрлийг удирдаж чаддаг” үйлчилгээ нь оросын дарангуйлагчийн анхаарлыг татаж байв. Анх водкаг гаргахад хүчтэй өрсөлдөгч нь вино, бараа шиг самогон байжээ. Сталин энэ бүхнийг устгаж самогоныг хортой гэж нэрдэг айлуудыг гэмт хэрэгтэн болгов.
Энэ бодлогын үргэлжлэл одоо ч байна. Харин Сталин өөрөө водкаг уруулдаач хүргэдэггүй, гүрж вино буюу гүрж конъякаа шимсээр… Дэлхийн хоёрдугаар дайн боллоо. Энэ дайн спирт, водкаг хангалттай туршив. Улаан армийн их ялалтыг Оросын ард түмэн “фронтовая стограмма” хоёр авчирсан юм. Харин хоёрдугаар дайны дараа гэхэд мэдрэлийн системээ дарамтлуулж Сталины химийн зэвсэгт хордсон ард түмэн үлджээ. Дайны үед цэргийн норм нь спирт водка байсан бол жанжин генералуудын уудаг нь конъяк, вино, зарим нь самогон байжээ.
Хоёрдугаар дайнаас хойш өнөө хүйтэн аргаар үйлдвэрлэсэн цагаан архиа бүх нутгаараа үйлдвэрлэж “одоо ч буудуулсаар” байна. Оросын нийтлэлч Сергей Немов “Дэлхийн хоёрдугаар дайнд бид 20 сая хүнээ буудуулсан, харин Сталинаас Путин хүртэлх дарангуйлагчдын этилийн спирт алкогаль “водка”-д одоог хүртэл “тархиндаа” буудуулсаар байна гэжээ. Сталины химийн зэвсэг водканы суманд лав 100 сая хүрсэн байх шүү гэж Немов бичжээ. Оросын уламжлалт архи дарс бараа шиг, самогоныг судалж хүний тогтоож хүйтэн аргаар хольж үйлдвэрлэсэн цагаан архи хэмээх химиин зэвсгийг үйлдвэрлэхийг зогсоохыг эрх баригчдаасаа шаардаж байна.
Монголд ямар билээ. Уншигчид сайн мэдэж байгаа. 1936 онд архины монополь тогтоосон. 1945 онд найрамдлын төмөр зам ашиглалтад ороход анхны галт тэрэгний толгойд Сталины зургийг хадчихсан зургаан том цүдгэр поошигтой спирт орж ирсэн гэдэг түүх байна. 1973 он хүртэл Зүүнхараад ганц спиртийн үйлдвэр байсан бол одоо спиртийн үйлдвэр 200 шахаад байна. Оросууд манайд Сталины химийн зэвсгийг өөрсдөөсөө илүү туршсан, их ч амжилт олсон. Монголчууд ген сайтайдаа л өдий хүртэл тэсч яваа байх.
Үнэндээ монголчууд Оросын колони явсан үед 30-40 мянган хүнийг маань буудаж хороосон бол “ЗХУ-ын сэтгэл харамгүй өгөөмөр тусламжаар барьж өгсөн ус спирт холин химийн зэвсэг үйлдвэрлэж байгаа архины үйлдвэрүүд өнөөг хүртэл найдвартай ажилласаар… Бас л өдөрт хэдэн арваараа тархиндаа буудуулж үхнэ. Социализм Монголынхоо уламжлалт сүүгээр шимийн архи нэрж гаргах технологийг устгасан. Хөдөөгийн айлуудын бүрхээр тогоог хураан авч машинаар дайрч шатааж байв. Оростой адилдаа адил годилдоо годил.
Спирт архины үйлдвэрийг олигархиуд нь авсан болохоор устана гэвэл лөөлөө байлгүй. Том орон жижиг улсын ард иргэдийн оюун ухааныг устгах терроризм, улс төрийн зорилгоор хүйтэн аргаар үйлдвэрлэдэг спирт цагаан архины үйлдвэрүүдийг хаавал яасан юм бэ. Харин сүүнээс гаргаж авдаг технологитой шимийнхээ архийг дээдэлсэн шигээ. Чадалтай хэсэг. нь халуун аргаар гаргаж авсан хүний биед зохимжтой нь дэлхийд батлагдсан виски, вино, шимсэн шигээ амьдрах эрүүл ард иргэдтэй улс орон болбол мөн сайхан аа.


URL:

Tags:

Нэр: Markus Barnas Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.