“ALIBABA.COM”-ийн зар эвлүүлэг байсан уу

105989700_157215759259691_728432402729710158_o

Монгол хүн өөрт ногдсон 0.7 га  газраа авч чадахгүй байсаар нас барж байна.  Гэтэл гадаадын сайтад  “Монголын нутагт  газар  зарна”  гэсэн  хэдэн зуун  зар цацагддаг боллоо.
Сонгуулийн үеэр “Alibaba.com”-д гарсан “Монголд орд  газар зарна” гэсэн  зарын талаар дээр доргүй шуугилаа. Хэн ч тайлбар хийсэнгүй. Холбогдох байгууллагууд  шалгаж байгаа эсэх ч  тодорхойгүй өнөөдрийг хүрэв.
Газар, түүний доорх баялгийн тухай  иргэдийн ойлголт ч бүрхэг байна. Үндсэн хуульд  өөрчлөлт оруулсан эрх баригчид мөн л ус балгасан мэт таг чиг.

Ийм байдалтай нэг мэдэхэд бид эх орондоо эзэн байх эрхгүй болсон байх вий. Ийм айдас Монголын нийгэмд үүслээ.
Бидэнд айх шалтгаан бий. Учир нь 2016 оны ээлжит сонгуулиар УИХ-д  65-1 /Б.Гантулга бүрэн эрхээсээ татгалзсан/   суудал авсан Ардын намынхан олонхиороо хүч түрэн Үндсэн хуулийг өөрчилсөн.  64+1 буюу өөрсдийн төсөл дээр  Ерөнхийлөгчийн саналыг тусгаж  батлахдаа Үндсэн хуулийн  6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн  өмч мөн” гэж хуульчилсан. Саяын сонгуулиар ч Ардын нам “захиалсан” мэт  62 суудал авч олонхийн эрх мэдлийг үргэлжлүүлэхээр боллоо.
Ер нь Үндсэн хуулийн  дээрх  заалтын мөрөөр гадаадын сайтуудад “Монгол дахь орд газрыг зарна”, “Монголын нутагт ашигтай газар зарна шүү” гэсэн зар гараад байна уу гэсэн хардлага  монгол хүн бүрт байна. Тиймээс  Монголын  газар нутгийг “нийтийн өмч” болгож эзэнгүйдүүлсэн ноцтой заалт хэний захиалга  байв гэж  ард түмэн Засгийн газраас, Ерөнхий сайдаас, Ерөнхийлөгчөөс асуугаад  байгаа юм. Тэгээд ч өнөөдөр Монголын газар нутгийн 47 хувь нь лиценз нэрээр гадаадын  компаниудын  мэдэлд орчихоод байгаа нь нууц биш.

Сүүлийн үед Хятадын сайтуудад гарсан “Монголд газар зарна” гэсэн зарын талаар хамгийн их мэдээлэлтэй байсан, нүүр номоороо дамжуулан асуудал дэвшүүлсэн  хүн бол Ерөнхийлөгчийн шашны асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Хулан байсан. Тэрээр “БНХАУ-ын сайтад хэдэн зуугаараа буй монгол газар нутаг зарна гэсэн зарыг хэн шалгах юм.  Төр, засаг байна уу.  Alibaba.com -д монгол газар нутаг, уул уурхай зарна гэсэн хэдэн зуу, мянгаараа тавигдсан зарыг олж нааш нь илгээсэн монгол оюутан ийн ярьж байна. Тэндээс нэг минутаас илүү дүрс дуу бичлэг ирэх боломжгүй тул анхаарч сонсоно уу. Мөн БНХАУ төдийгүй Вьетнамын олон сайтад яг энэ, Монголд газар зарна гэсэн зар их байгааг Германд суугаа монголчууд мэдээллээ. Юу болоод явчихав аа.  Гадаад харилцааны дээгүүр албаны хүнээс лавлахад “Зүгээр ээ,  наадах чинь шоу” гэж байна. Энэ төр, засаг юм дуугарахгүй шинжтэй шүү” хэмээн өөрийн нүүр номоор дамжуулан сэрэмжлүүлж байсан.
Иргэдийн ихэнх нь  сандарч, асууж лавлаж байсан ч сүүлдээ  “За арай ч үгүй байлгүй дээ, эвлүүлэг биз” гэж бодоод  тайвширсан гэлцэж буй.  Гэвч тэдгээр  зар эвлүүлэг мөн эсэхийг  тогтоосон баримт нотолгоо алга. Шалгасан төрийн байгууллага болоод  олон нийтийн байгууллага  ч байхгүй байна. Монголын төр няцаалт хийж мэдэгдэл гаргасангүй.

Ер нь бол нэгэнт Монгол Улс Үндсэн хуульдаа байгалийн баялгаа төрийн, нийтийн өмч хэмээн  хуульчилсан тул  Монголд орж ирж, монгол хүний нэр дээр газар худалдаж авсан гадаадын иргэд, ашигт малтмалын орд эзэмшиж буй үндэстэн дамнасан том  компани, группийн эзэд зарж болно гэж ойлгоод зар тавьсан ч юм бил үү. Тэгэхээр энэ байдал цаашид бүр ч  ноцтой үр дагаварт хүргэж   болзошгүй.
Ер нь БНХАУ-ын болон олон улсын сайтад гарсан мэдээлэлд Улаанбаатараас холгүй вольфрамын ордын уурхайг зарагдсан гэсэн хэсэгт оруулсан гэх мэдээ байсан гэх сураг дуулдаж байна. Түүнчлэн  өнгөрсөн дөрөвдүгээр сард коксжих нүүрсний 700 сая тоннын нөөц бүхий ордыг  гадаадын сайтууд зарагдсан гэх ангилалд оруулсан  байсан ч гэх. Гадаадын сайтуудад гарсан зарын эзэн, холбогдогчдыг нягталж тодруулахын тулд түүнийг  байршуулсан сайтад төлбөр төлж байж авдаг. Тэдгээр нь төлбөрийн кодтой, нууцлалтай зарууд байдаг тухай зарим эх сурвалж  бичиж буй.
Энэ мэдээллийн мөрөөр төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын нэр бүхий гишүүд, зарим салбарын сайд, холбогдох байгууллагуудад  хандахад заримынх нь утас холбогдсонгүй. “Сонсоогүй, судлаагүй тул хариулах боломжгүй” гэдгийг цөөнгүй эрхэм хэлэв.

Үе үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүд рүү утас цохисон боловч мөн л холбоо барьж чадсангүй.  Харин Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн “Гадаадын сайтад гарсан  газар зарах тухай мэдээллийг тоохгүй орхиж болохгүй. Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх  ашигт малтмалын лицензүүдийг нэлээд цэгцлэх шиг болсон.  Газрын зөвшөөрлүүдийг ч гэсэн  бүгдийг нь шалгах нь зүйтэй”  гэв.
Монголын төр, засаг, үе үеийн УИХ Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж бужигнуулдаг нь тогтсон жишиг болсон гэхэд хилсдэхгүй. 2015 онд Халхголын сав газарт  хятадуудад газар зарсан гэх мэдээлэл дуулиан тарьж  УИХ, Засгийн газрын түвшинд асуудал ярьж байв.  Тухайн үед ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Р.Бурмаа газар дээр нь очиж нөхцөл байдлыг шалгасны дараа “Сумын  Засаг дарга В.Мөнхтайван нэлээд олон мянган га газрыг компаниудад өгсөн байна. Хуулийн этгээдийн бүртгэлээс лавлагаа авахад  “Соёмбо буудай” компанид 1621 га газрыг 15 жилийн хугацаатай ашиглах эрхийг  Засаг дарга нь  өгсөн байх юм. Энэ компанийн ард Хятадын 95 хувийн хөрөнгө оруулалттай “Erlian Deyu organic Agriculture” гэдэг компани байдаг юм байна. Мөн “Үйзэн тал” гэдэг компанид долоон мянган га, дараа нь 14 мянган га газар гэх мэтчилэн долоо, найман удаагийн үйлдлээр газар өгчээ Тус компани авсан газраа яг газар тариалангийн зориулалтаар ашигладаггүй. Өөр компанид шилжүүлэг хийгээд түүний ард ямар үйл ажиллагаа явагддагийг хяналтын байгууллагууд нь шалгах ёстой.
Халхгол сумын Засаг дарга нар дураараа Төрийн өмчит газрыг өгөөд явж байна” гэж хэвлэлд ярьж байсан билээ.
Эцэст нь тэмдэглэхэд “Alibaba.com”-ын зар эвлүү­лэг байсан уу, эсвэл гэдэг асуултад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр заавал хариулаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: