Н.Энхбаяр: Байгалийн баялгийг төрийн мэдэл, төсвийн мөнгөнөөс салгах хэрэгтэй

712-1595891353116105544_1137559776628297_1306154792778751002_n

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцах үеэр зарим асуултад хариулт авлаа. 

-Та төрийн тэргүүн байхдаа Тавантолгойн ордыг төрд авсан. Түүнээс хойш багагүй асуудал өрнөсөн ч төмөр замын төсөл хэрэгжиж эхэллээ? 
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг Монголчууд хийж чадаж байгаад бахархаж байна. Тавантолгой бол дэлхийд томд тооцогдох зургаан тэрбум тонн дээд зэргийн коксжих нүүрстэй. Аман дээрээс тонныг нь 70 ам.доллараар зарж байна. Угаавал 100 гаруй ам.доллар хүрнэ. Үүнийг зургаан тэрбум тонноор үржүүлбэл 420 тэрбум ам.долларын үнэтэй нөөц Тавантолгойн ордод байна. Ашиглалтын зардал тал хувьд нь хүрэхгүй. Гэтэл өнөөдөр зөв зүйтэй ашиглаж чадахгүй байна. Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Тавантолгойн лицензийг эзэмшигч хүмүүстэй ярилцаж байгаад бүхэлд нь төрийн өмчид авсан нь зөв алхам болсныг цаг хугацаа харууллаа. Тавантолгойн ордыг төрийн өмчийн компани эзэмшиж олборлоод улсад оруулж буй татварын болон бусад орлогоороо Эрдэнэт үйлдвэрээс илүү тус дэм болж, олон асуудлыг шийдвэрлэхэд Тавантолгой тусалж байна. Тухайн үед Тавантолгойн лицензийг эзэмшиж байсан хүмүүс намайг лицензийг нь төрд авлаа гэж гомдож, өширхөж хэлмэгдүүлсэн явдал бий. Гэхдээ зөв шийдвэр байсан учраас би харамсдаггүй. Миний хохирох өчүүхэн хэрэг. Ард түмэн хожсон нь зөв болжээ. Тавантолгойн ордыг төрийн өмчид авснаас хойш хувьдаа авахаар оролдоход Тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд, өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар хувийнханд буцааж өгөлгүйгээр төрийн өмчид авч үлдсэн нь сайн хэрэг. Тавантолгойн орд төрийн өмчид байхаас гадна засч залруулах алдаа дутагдал гарч ирж байна. Ийм хэмжээний том орд төрийн өмчид байхаар хээл хахууль их гардаг юм байна гэдгийг МАН-ынхны зарим нэг ойлгомжгүй үйлдэл жишээнээс харж болно. Төрд өндөр албан тушаал хашсан хүмүүс төрийн өмчийг ашиглаад хууль бус үйлдлийн хэрэгсэл болгож ашигладаг юм байна. Сонгуулиар тараасан мөнгөний эх үүсвэр  Тавантолгой зэрэг ордоос гардаг гэж судлаачид үздэг.
-Тэгвэл дараагийн алхмыг хэрхэн харж байна вэ? 
-Дараагийн алхам бол Тавантолгойн ордыг ард түмний дундын өмч болгох хэрэгтэй. Хэний ч оролцоогүйгээр бий болсон баялаг ард түмнийх байх ёстой. Тооцоод үзвэл Тавантолгойн ордын 210 тэрбум ам.долларын цэвэр ашгийг ард түмэнд өгөх хэрэгтэй. Үүний тулд ухаалаг бодлого зохицуулалт чухал байна. Нэгдүгээрт, өмчийг ард түмэнд шилжүүлэх, хоёрдугаарт, байгалийн баялгийн дундын сан байгуулах хэрэгтэй. Байгалийн баялгийн дундын сангийн эзэн гэсэн гэрчилгээг хүн бүрт гардуулах ёстой.
Тавантолгой, Оюутолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордын орлогыг улсын төсөвтэй хольж хутгахгүйгээр байгалийн баялгийн санд төвлөрүүлэх хэрэгтэй. Норвегийн жишгээр авч үзвэл баялгийн санд нэг их наяд ам.доллар төвлөрсөн байна. Энэ мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Норвегийн баялгийн сангийн орлого 15 хувиар өсч байна. Энэ мөнгөний тодорхой хувиар сургалтын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг дааж, орон сууцанд тусламж дэмжлэг үзүүлдэг. Мэргэжил дээшлүүлж байгаа хүмүүсийн баталгаатай орлогыг бүрдүүлж өгдөг. АНУ-ын Аляск байнгийн сантай. Байгалийн баялгийн орлогоо эдийн засгийн эргэлтэд оруулж тодорхой хэмжээгээр нь бүтээн байгуулалтын ажил хийдэг. Дундын баялгаар ингэж ард түмнээ дэмжиж байна. Энэ алхмыг Монгол Улс яаралтай хийгээсэй гэж УИХ, Засгийн газраас хүсч, шаардаж байна.
-Монголчууд баялгийн сантай болбол орлогыг хэрхэн эргэлтэд оруулж, үржүүлэх вэ? 
-Тавантолгойн төмөр зам ашиглалтад орсноор нүүрсийг урагшаа, хойш нь их хэмжээгээр зөөх боломж бүрдэнэ. Тавантолгойн зургаан тэрбум тонн нүүрсийг 30 сая тонноор зөөлөө гэж бодоход 200 жил ашиглах шаардлага гарч байна. Энэ хооронд нүүрсийг орлох эрчим хүчний эх үүсвэр гараад ирэх вий.
Техник технологи хөгжиж хүн төрөлхтөн оюун ухаанаа зарж ажиллуулж байгаа учраас байгалийн баялгаа зөвхөн газар доор биш бодитой баялгийн сан болгож ашиглах хэрэгтэй. Газар доор байгаад байвал үржихгүй. Монголчууд улам олон болно. Тиймээс тэр олон хүний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдгээ эртнээс бодож төлөвлөх хэрэгтэй.
416 км төмөр зам 1.4 их наяд буюу 400 сая ам.доллар буюу км замыг сая ам.доллараар тавьж байна. Энэ бол олон улстай харьцуулахад хамгийн бололцоотой, хэмнэлттэй үнэ. Ихэнх өртгийг дотоодоосоо хэмнэсэн байна. Харин төмөр замыг дагуулж шинэ суурьшил бий болгомоор байна. Зөвхөн нүүрс зөөх биш усны эх үүсвэр, нар салхины эрчим хүч ашиглах, оюун ухааныг хөгжүүлэх төв байгуулж болно. Түүхий нүүрс гаргаж эхэлж байгаа ч нэмүү өртөг шингээсэн угаасан нүүрс болгох, эрчим хүч болгож экспортлох, мөн ган үйлдвэрлэж гаргаж болно. Төмөр зам барих төмрийг Монголдоо үйлдвэрлэж чадна. Энэ бүгдийг хийхийн тулд байгалийн баялгаа дундын өмч болгож, баялгийн сангаа улсын төсвөөс салгах хэрэгтэй. Байгалийн баялаг улсын төсөвт орж байгаа цагт үрэлгэн зардал байх болно.
-Төр хүчтэй байх хэрэгтэй гэдэг? 
-Бүх өмчийг захиран зарцуулах эрхийг авсан төрийг хүчтэй гэдэггүй. Харин хамгийн хариуцлагагүй, сул дорой, авлигад идэгдсэн төр байдаг. Тиймээс төрийг хүчтэй болгохын тулд хариуцлагажуулах ёстой. Алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээдэг албан тушаалтнуудтай бол хүчтэй.
Байгалийн баялгийг төрийн мэдлээс салгаж байж хариуцлага бий болно. Тэгэхгүй төрийн мэдэлд байгаа цагт авлигад идэгдсэн, ард түмнээ мартаж амласнаас ухарсан,  төсвийн мөнгөөр дахиад өөрсдийгөө сонгох тийм л төр байх болно. Хариуцлагатай төр ард түмнийг хамгаалж халамжилж чадна. Төмөр зам барьж байгаа энэ сайхан туршлагажсан хамт олныг томоохон бүтээн байгуулалтад оролцуулах хэрэгтэй.
Мэргэшсэн, чадварлаг, зохион байгуулалт сайтай хамт олон бүрдсэн байна. Монгол Улс төмөр замын өргөн сүлжээтэй болж байж хөгжинө. Үүний үр дүнд зөвхөн улс төрийн биш эдийн засаг, нийгэм, шударга ёсны нэгдмэл байдал бий болно. Энэ ирээдүйг бүтээхэд зөв бодлого хэрэгтэй. Одоо л хийхгүй бол бид хоцрох аюултай.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

URL: