Л.Эрдэнэчимэг: Бид монголчуудаа нэмж авах зочид буудлуудыг хайж байна

5f22422ba0b5c
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний компани “Монос” групп гадаадаас ирж “COVID-19″-ийн цар тахлын халдвараас сэргийлэх, эмчлүүлэх тусгаарлалтад орж буй монголчуудаа хүлээн авахад зочид буудлын одоогийн нэг хоногийн 50 мянган зардал дээр нэмж 50 мянган төгрөгийг татаасаар өгөх санаачилга гаргаад байна. Энэ талаар бид тус группийн ерөнхийлөгч, УИХ-ы гишүүн асан Л.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
-Энэ сайхан санаачилга анх хэрхэн гарав?
-Анх бид зуны сайхан дэлгэр цагт гадаад, дотоод дахь монголчуудаа 100 гэр барьж “COVID-19″-ийн шугамаар ч тэр, амрал талаасаа аялал жуулчлал ч бас болно биз гэдэг үүднээс хүлээн авья гэсэн санаа гаргасан юм. Гол нь зуны улирлыг ашиглаад монголчуудаа тэнхрүүлье гэсэн зорилготой санаа юм. Гэтэл яг “COVID-19″-ийн шугамаар монголчуудаа гэрт авья гэхээр бие засах газар барихаас эхлээд эрүүл ахуй болон эмчилгээний нөхцөл байдлын стандартыг хангах шаардлага тавигдах учраас 100 гэрээ “болиод” бид зочид буудлуудад татаас өгч 100 иргэн хүлээн авах болгон санаачилгаа өөрчилсөн юм.
-Энэ талаар та бүхэн УОК-т албан ёсоор хандсан уу?
-С.Одонтуяа гишүүн ахлаад бид Иргэний онцгой комисс байгуулж нэгдээд байна. Энэ нь угтаа УОК-ын үйл ажиллагаанд дэм болох туслах зорилготой, энэ байгууллагынхаа шугамаар эхлээд бид зочид буудлуудыг судалж байна. Нэг ёсондоо одоогийн, гадаадаас иргэдээ аван тусгаарлаж буй зочид буудлуудын хоногийн 50 мянган төгрөг дээр нэмж 50 мянгыг бид татаасаар гарган өгч туслах юм.
Өнөөдөр гадаад дахь иргэдийг хүлээн авах зочид буудлын хангамж хүрэлцээгүй байгаа нь гол асуудал болоод байгаа шүү дээ. Тиймээс зочид буудлыг нэмэгдүүлье, энд нь татаас өгч 10 мянган иргэнээ хамруулья гэсэн зорилготой. Энэ үүднээс бид өнөөдөр нэмэгдэх боломжтой зочид буудлуудыг хайж байна. Бас энд нэгдээч гэж  зочид буудлын үйлчилгээ эрхэлж буй дотоодын бизнес эрхлэгчидээ уриалж байна. Хамрагдах зочид буудлууд гарч ирсний дараа бид санаачилгаа УОК-т албан ёсоор тавьж хандан ном журмаар явах юм.
-Зочид буудлуудад 50 мянгыг нэмж өгөн 100 мянган төгрөг болгох татаасын санаачилга нэг удаагийнх уу, эсвэл иргэдээ татан автал үргэлжлэх үү?
-Энд харин татаас маань урт хугацааны байх уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Энэ талаар хүмүүстэй ярьж байна. Хэлэлцэнэ. Өнөөдөр ямар ч байсан эхний гол зорилго зочид буудлуудаа олж иргэдээ хамруулах, тусгаарлалтын хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал байна. Бид 100 иргэнийг хүлээн авах татаас гэж байгаа ямар ч байсан гадаадаас 10 мянган иргэнээ хүлээн автал санаачилгаа үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явах бодолтой байна. Энд мөн дотоодын бизнес эрхлэгчдийг хамрагдахын уриалж байна гэв.
Тодруулга: Дэлхий нийтийг хамарсан “COVID-19″-ийн цар тахлын улмаас хилийн чанадад гацан, эх орондоо ирэх хүсэлтээ 14 мянга гаруй монгол иргэн илэрхийлээд байгаа юм.

URL: