“Жи тайм”-ын жинхэнэ хэрэгтнийг олсон уу

f92f99229e12abe58d598a682c141f13dc631ddc

Монголын  хамгийн олон хохирогчтой “Жи тайм”-ын гэх хэргийн анхан шатны шүүх хурал долдугаар сарын 17-нд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй болсон. Хурлаар шүүгдэгч Э.Оюунчимэгийг гэм буруутайд тооцон таван жил хорих ял оноосон юм. Иймд шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгчдөөс хэргийн талаар байр суурийг нь сонслоо.

Г.Энхболд: Энэ хэрэгт Э.Оюунчимэг буруутгагдах үндэслэлгүй
“Жи тайм”-ын гэх хэрэгт шүүгдэгч Э.Оюунчимэгийн өмгөөлөгч Г.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Та долдугаар сарын 2-ноос “Жи тайм”-ын гэх хэрэгт шүүгдэгч Э.Оюунчимэгийн өмгөөлөгчөөр ажиллаж, анхан шатны шүүх хуралдаанд оролцлоо. Ийм олон хохирогчтой гэмт хэрэг Монголд өмнө нь гарч байсан болов уу?
-Энэ хэрэг бол хуулийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 17.3-т заасан залилангийн гэмт хэрэг. Үүн дотроо ялгаатай нь юу гэхээр компани байгуулан, пирамид үүсгэж, нарийн зохион байгуулалттай үйлдсэн гэж үзэж байгаа. Монголд энэ төрлийн гэмт хэргийг шалгаж, шийтгэсэн цөөнгүй тохиолдол байдаг юм билээ. Цаашилбал, үүнтэй төстэй залилангийн гэмт хэрэг үйлдэгдэх магадлал өндөр.

-Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд та ямар байр суурьтай оролцож байна вэ?
-Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3-т заасан залилангийн шинж байна уу, “Жи тайм корпорейшн” компанийн холбогдох эрх мэдэлтнүүд Монгол Улсад пирамидын зарчмаар залилан үйлдэх санаатай байсан уу, үгүй юү, залилсан уу, залилаагүй юу. Мөн миний өмгөөлж буй Э.Оюунчимэг залилангийн хэрэг үйлдэхэд  бүлэглэн эсвэл хамтран оролцсон уу, үгүй юү гэдэг дээр онол, практикийн хувьд мэтгэлцэж, шүүх хуралдаанд оролцсон. Монгол Улсад Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн наймдугаар зүйлд “Пирамид маркетингийн зарчмаар бусдаас эд хөрөнгө авахыг завших гэнэ” гэсэн онолоор ойлгож, хуульд зүйлчилсэн. Тэгэхээр энэхүү бизнес нь Монгол Улсад хориотой арга зам гэж өнгөрсөн шүүх хурлаар баталж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцлоо.

Казакстаны 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар Монголд “Жи тайм корпорейшн” компанийг байгуулсан байдаг. Ийнхүү байгуулахдаа тухайн байгууллагыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч цорын ганц гишүүн нь Казакстаны “Жи тайм” компани гэж улсын бүртгэлийн гэрчилгээ, бичиг баримтад тусгасан. Тус Казакстаны компанийн үйл ажиллагааг Монголд явуулах эрх бүхий албан  тушаалтан нь Маженов Марат.

-“Жи тайм”-ын гэх энэ хэрэг 2017 онд анх шүүхээр орж байсан. Тухайн үед Маженов Маратын хөрөнгийг хурааж, “Жи тайм корпорейшн” компанийн үйл ажиллагааг зогсоосон гэж мэдээлж байсан. Гэтэл өнөөдөр зөвхөн иргэн Э.Оюунчимэг хариуцлага хүлээх болсны шалтгаан юу вэ?
-Хэд хэдэн хүнийг хэрэгт татаж шалгасан юм билээ. Гэхдээ Казакстаны талаас ерөнхий захирлаар томилсон Маженов Марат, Монголын талаас гүйцэтгэх захирлаар ажилласан Э.Оюунчимэг нарыг голчлон мөрдөн байцаасан байдаг. Гэтэл мөрдөн шалгах явцад Маженов Маратыг хоёр сар гаруй хугацаанд хорьсон ч, эрүүл мэндийн шалтгаанаар  таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй болж, хилээр гарах эрхийг нь хязгаарлан, сулласан. Марат түүнээс хойш одоог хүртэл олдохгүй байна. Иймд энэ хэргийн олон хохирогчийн хохирлыг барагдуулах зайлшгүй шаардлагын улмаас Маженов Маратын хэргийг тусгаарласан.

Ингээд Э.Оюунчимэгт холбогдох хэргээр шийдэж, хохирогчдын хохирлыг барагдуулах ажиллагаа үргэлжилсэн. Түүнээс биш, хэрэгт оролцсон гол шүүгдэгч нь Казакстаны “Жи тайм” корпораци, түүний бие төлөөлөгч Марат юм. Энэ хүний асуудлыг шийдээгүй ч, компанийн үйл ажиллагааг хамжиж явуулахдаа Э.Оюунчимэг бусдаас нэг ч төгрөг аваагүй гэдгийг шүүх нотолсон. Тэгсэн мөртлөө компани байгуулахад цуг байсан гэдгээрээ энэ хүн буруутгагдаж, бусдад учирсан 11 тэрбум төгрөгийг төлөх ёстой боллоо. Өөрөөр хэлбэл, хохирсон иргэдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй байхад нь Э.Оюунчимэгээс гаргуулах логикгүй дүгнэлт гаргачихаад байгаа юм. Гэтэл Э.Оюунчимэг гэдэг хүн 65 настай, эрүүл мэндийн байдал тааруу, өөрийнх нь нэр дээр эд хөрөнгө гэх зүйл байхгүй.

Тэгэхээр энэ хүн 11 тэрбум төгрөгийг төлж чадахгүй бол яах вэ гэдэг асуудал байна. Энэ олон хохирогч мөнгөө бүтэн олж чадахгүй, дахиад хохироод үлдэнэ. Цаана нь Казакстаны “Жи тайм” корпораци, түүний бие төлөөлөгч Марат хоёр хариуцлага хүлээхгүй үлдэж байна. Уг нь Улсын яллагчийн зүгээс тус компанийг иргэний хариуцагчаар татаж, шүүх хуралдаанд оруулсан юм. Гэтэл шүүхээс 2016 онд Монголд байгуулсан Казакстаны “Жи тайм” корпораци эрхзүйн чадамжгүй гэж дүгнэлээ. Одоо болтол улсын бүртгэл, оюуны өмчийн газарт Казакстаны 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жи тайм корпорейшн” компани бүртгэлтэй байгаа. Мөн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Гүйцэтгэх захирлаа 2018 онд сольж, Пүрэвбаатар гэдэг хүнийг томилсон. Тэр хүний бие төлөөлөгч шүүхэд иргэний хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байна. Ийм байхад тус компанийг “Иргэний хариуцагчийн чадамжгүй” гэж үзэх нь ойлгомжгүй. Түүнчлэн Казакстаны “Жи тайм” компани мөн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд төлбөрийн чадвартай.

-Иргэний хариуцагчийн чадамжгүй гэсэн тодорхойлолтыг тодорхой хэлж өгөөч?
-Иргэний хуулиар авч үзвэл тухайн компанийг Дампуурлын тухай хуулиар төлбөрийн чадамжгүй хэмээн зарлаж, дампуурсан гэсэн шүүхийн шийдвэр, тогтоол гаргасан тохиолдолд эрхзүйн чадамжгүй гэж үзнэ. Гэтэл энэ компани дампуураагүй, Казакстаны 100 хувийн  хөрөнгө оруулалттай хэвээр байна. Анх Монголд байгуулахдаа 250 сая төгрөгөөр 100 хувийн хөрөнгө оруулалт хийж байсан. Гүйцэтгэх захирал нь хэрэгт шалгагдаж байхад 2018 онд шинэ гүйцэтгэх захирал томилж, улсын бүртгэлд тухай бүрт нь өөрчлөлт оруулсан бөгөөд улсын бүртгэлээс компанийг хасаагүй байгаа. Тэгэхээр энэ компани бол Монгол Улсын Компанийн тухай болон Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхзүйн чадвартайд тооцогдоно.

-Нийт 25.8 тэрбумын хохирол учирсны 11 тэрбумыг Э.Оюунчимэг, зургаан тэрбумыг иргэний хариуцагчид, үлдсэн долоон тэрбумыг Төрийн сангийн мөрдөн байцаах албаны тусгай данснаас гаргана гэж шийдвэрлэсэн байсан. “Жи тайм корпорейшн” болон Маженов Марат үүссэн хохирлоос төлөхгүй гэсэн үг үү?
-Тухайн компанийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжлэхэд дансанд нь 3-4 тэрбум төгрөг байсан. Мөн компанийн бусад эд хөрөнгийг хурааж аваад, үнэлсэн. Ийнхүү долоон тэрбум төгрөгийг цуглуулж, улсын тусгай дансанд төвлөрүүлсэн. Түүнчлэн 6.8 тэрбум төгрөгийг иргэний хариуцагч нараас авна. Ингэхээр 13 тэрбум орчим төгрөгийг хохирогчдод өгөх боломжтой.

-Иргэний хариуцагчаар татагдсан 906 хүн нь тус компанитай хамааралтай юу?
-Монголд тус компанийг байгуулахад мөнгө өгчихөөд, дараа нь урамшуулал авсан 906 хүн илүү авсан мөнгөө буцааж төлөх ёстой болж, иргэний хариуцагчаар татагдсан. Учир нь, урамшууллын мөнгө гэмт хэргийн улмаас олдсон. Миний шүүх хурал дээр хэлсэн зүйл бол Э.Оюунчимэг сүлжээнд элсээд, дороо хүн дагуулснаараа буруудаж байгаа бол энэ хүн дороо хоёр хүн элсүүлсэн нь үнэн. Тэр хүмүүс нь тус тусдаа толгой болоод араасаа хүн элсүүлсэн. Тэгвэл тэд ижилхэн хариуцагчаар татагдах ёстой. Иймд энэ асуудлыг шалгах хэрэгтэй. Хэн хэн гэдэг хүн анх хэнийг оруулж ирээд, хэдэн хүн элсүүлснийг тогтоогүй.

Мөн Казакстаны “Жи тайм” компани 2012 онд байгуулагдсан. Тухайн үед Монголоос элссэн хүн байдаггүй. Харин бусад улсаас элссэн хүмүүсийн дор элссэн тохиолдол цөөнгүй байдаг. Монголд тус компани 2016 оны арваннэгдүгээр сард байгуулагдахаас өмнө “Жи тайм”-д элссэн хүн олон бий гэсэн үг. Гэтэл одоо хохирол яригдаад байгаа 40 тэрбум бол Монголд компани байгуулагдсанаас хойш элссэн хүмүүсийнх болоод байна. Үүнээс урагш элссэн хүмүүс хэрэгт хамааралгүй мэт болчихож байгаа юм. Гэтэл Монголд байгуулагдахаас нь өмнө элссэн хүмүүс байгуулагдсанаас хойш элссэн хүмүүсийн оруулсан мөнгөнөөс урамшуулал авсан. Тэр хүмүүс иргэний хариуцагчаар татагдаагүй. Ингэхээр хохирлын бодит тооцоо гарахгүй.

Монголд болон Казакстанд элссэн хэдэн хүн байгааг бүрэн тогтоогоогүй. Монголд элссэн хүмүүсийн хохирлыг зөвхөн дансны хуулгаар нь 40 хэдэн тэрбум гэж тооцсон. Монголд хэдэн хүн тус бүр хэдэн төгрөгөөр элссэн нь тодорхойгүй. Урамшуулал авсан хүмүүс нь Монголд байгуулагдсан компанийн урамшууллаас авсан юм уу, эсвэл гадаадаас өмнө нь элссэн байсан хүмүүс урамшуулал авсан юм уу гэхээр бүгд холилдчихсон. Нэг мөр тооцоо, тогтоол гарах боломжгүй.

-Тэгэхээр хохирлын 25.8 тэрбум төгрөгийг 11398 хохирогчийн өгсөн мөнгөний хэмжээгээр гаргасан ч бодитой тооцоо биш гэсэн үг үү?
-Баянголын анхан шатны шүүхэд Улсын яллагч ирэхдээ бүх тооцоо мөргөсөн гэлээ. Гэтэл шүүхэд очсоны дараа 20-оод иргэнээс гомдол ирсэн. Үүнд, хохирсон иргэдийн тооцоонд миний нэр алга, миний өгсөн төгрөгийн хэмжээ дутуу байна гэх мэтээр гомдол цөөнгүй ирсэн. Гэтэл эдгээр хүний асуудлыг анхан шатны шүүхээр хэлэлцээгүй. Тэгэхээр хохирлын тооцоо бодит биш.

-Хохирогчдын зүгээс гаргасан өргөдөлд Э.Оюунчимэг гэх хүнийг буруутган, нэрийг нь дурдсан байдаг уу?
-Э.Оюунчимэгт мөнгө өгсөн гэж нэг ч хүн мэдүүлэг өгөөгүй. “Жи тайм” компани руу шилжүүлсэн гэдэг. Хэрэгт цугларсан нотлох баримтад Э.Оюунчимэг гэдэг хүн бусдын компанид тушаасан мөнгөнөөс авжээ гэсэн нотолгоо байхгүй. Шүүх ч мөн адил үүнийг тогтоосон. Нэгдүгээрт, Э.Оюунчимэг хохирсон хүмүүсээс нэг ч төгрөг аваагүй. Хоёрдугаарт, компаниар дамжуулан, компанийн данснаас мөнгө аваагүй. Мөнгө авсан ганц тохиолдол нь Монголд салбар компани нь байгуулагдахаас өмнө Казакстаны компанид элсчихсэн байсан. Тэр үедээ өөрийн 40 гаруй сая төгрөгөө өгч элссэн.

Түүнийхээ урамшуулал 56 сая төгрөгийг Казакстаны толгой компанийн зөвшөөрлөөр авчээ. Тиймээс үүний хариуцагч нь Э.Оюунчимэг мөн гэдэгт бид маргаагүй. Өөрийн төлсөн мөнгө, урамшуулал хоёрынхоо зөрүүг энэ хүн хариуцаж, буцаан төлөх ёстой. Харин 11 тэрбум төгрөгийг аваагүй учраас хариуцах боломжгүй. Мөн авсан байлаа гэхэд энэ хүнд 11 тэрбум төгрөг байгаа юу гэдгийг тогтоох хэрэгтэй. 11 тэрбум байхгүй тохиолдолд хохирогчид төдий хэмжээгээр хохироод үлдэнэ.

-Маженов Маратыг эрэн сурвалжилсаар байгаа юу?
-Хил гаалийн лавлагаа, мэдээллээр Монголоос гарсан нь нотлогдоогүй. Иймд тухайн хүн хууль бусаар хил давсан уу, эсвэл Монголд байгаа юу гэдэг эргэлзээтэй. Монголд байгаа бол 2-3 жилийн дотор олдож болно. Хар яриагаар бол Э.Оюунчимэг гэдэг хүнээр туг тахиж, иргэдийн хохирлыг барагдуулсан болж байна.

-Монгол дахь компанийн үйл ажиллагааг яагаад зогсоохгүй байна вэ. Үйл ажиллагааг нь зогсоох бүрэн үндэслэл байхгүй гэсэн үг үү?
-Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод, компанийн нэрээр халхавч хийсэн, эрхзүйн чадамжгүй гэж тогтоогоогүй бол эрүүгийн хэргээр компанийн үйл ажиллагааг зогсоох боломжгүй.

-Тэгвэл 2017 онд ЦЕГ-ийн Онц гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Ө.Эрдэнэхүү “Тухайн компани үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэж хэлсэн байдаг. Үүнийг юу гэж ойлгох вэ?
-Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт 2018 онд гүйцэтгэх захирлаа сольж, өөрчлөлт оруулсан бүртгэл нь бий. Хэрвээ энэ компани үйл ажиллагаа явуулахгүй байсан бол өөрчлөлт хийхгүй. Хүмүүсээс мөнгө татах ажиллагаа хийгээгүй гэхэд өөр ажил хийж байгаа. Хамгийн гол нь компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч  нь Казакстаны “Жи тайм” компани.

-Казакстан дахь компани руу нь шүүхийн нэхэмжлэл явуулсан уу?
-Албан ёсоор нэхэмжлэл явуулаагүй ч Монгол дахь салбарыг нь шүүхээс иргэний хариуцагчаар татсан. Иргэний хариуцагчаар татагдснаасаа татгалзаагүй. Гэхдээ шүүх хуралд иргэний хариуцагчийн төлөөлөгч нь ирээгүй.

-Тэгэхээр тухайн компанийн зүгээс гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Э.Оюунчимэгт оноосон ял, хохирол төлбөр зэргээс татгалзах, өмгөөлөх боломжтой юу?
-Э.Оюунчимэгийг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсноос биш, Монгол Улсын компанийн тухай хуульд заасан үүргийг төгс гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл, тушаал нь гарсан ч, нэг өрөөнд суугаад хэдэн хүний ирц бүртгэхээс өөр зүйл хийлгээгүй. Э.Оюунчимэг гүйцэтгэх захирлын эрх эдэлж, үүрэг гүйцэтгэж байгаагүй.

-Албан ёсны гэрээ хийгээгүй хэрэг үү?
-Хөдөлмөрийн гэрээ бий. Маженов Марат дансны орлого, зарлагын асуудлыг өөрөө хариуцдаг байсан. Монголын хуулиар бол би гүйцэтгэх захирал учраас банканд очоод орлого, зарлага хийх эрхтэй. Гэтэл тэр эрх Э.Оюунчимэгт байгаагүй. Компанийн данс, татвар, тайлан, тооцоонд Марат гарын үсэг зурж байсан.

-Хэрэг бишидвэл Э.Оюунчимэг дээр бүгдийг тохох төлөвлөгөөтэйгөөр гүйцэтгэх захирлаар томилжээ гэж таамаглаж болох уу?
-Тэгж үзэж болно. Одоо барьж болох ганц хүн нь Э.Оюунчимэг. Энэ хүнийг гэм буруутайд тооцохгүй л бол 11 мянган хүний хохирлыг барагдуулах боломжгүй болно. Миний хувьд хохирсон хүмүүсийн хохирлоо авах хугацааг хойшлуулах сонирхол байхгүй. Хэргийг зөв талаас нь шийдээд, олон хүний хохирлыг барагдуулаасай гэж бодсон. Гэхдээ тухайн хохирлыг барагдуулах бодит шийдвэр л гаргах ёстой. Эрүүгийн хэргийг шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дээр хэргийн бодит байдлыг тогтоохдоо тухайн хүний бодит байдлыг тогтоох ёстой. Гэтэл үүнийг бүрэн тогтоогоогүй. Э.Оюунчимэг төлбөр төлөх чадамжтай юу, эд хөрөнгө нь хаана байгаа, хэдий хэмжээний мөнгөтэй гэдгийг тогтоох ёстой. Хэрэгт Оюунчимэгийн битүүмжилсэн байр, байшин гэж байхгүй. Тиймээс л хөрөнгөтэй компаниа барьж авах асуудлыг хөндөж байна.

А.МӨНХТУЛГА: АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУУЛИЙН ҮНДЭСЛЭЛТЭЙ ШИЙДВЭР ГАРГАСАН

Тэгвэл энэ талаар хохирогчийн өмгөөлөгч Төв аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, хуульч, өмгөөлөгч А.Мөнхтулгатай ярилцлаа.

-Та хэд хэдэн хохирогчийг өмгөөлөн шүүх хуралд оролцож байгаа. Тэд ямар тохиолдлоор “Жи тайм”-ын гэмт хэргийн хохирогч болсон бэ?
-Иргэний нэхэмжлэгч, хохирогч нэр бүхий 13 хүний өмгөөлөгчөөр ажиллаж байна. Тэдний амссан хохирол хоорондоо ялгаатай. Хуулийн хэллэгээр ахуйн шинж чанартай буюу гэр бүл, найз нөхөд, хамаатан саднаараа нэг нэгнийхээ үгээр тухайн сүлжээнд элсээд хохирсон.

-Хэргийн анхан шатны шүүх хуралдааны шийдвэр гарч, шүүгдэгч Э.Оюунчимэгийг гэм буруутайд тооцлоо. Шүүх хурлын үр дүнтэй санал нийлж байна уу?
-Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарч, хохирогч нарын эрх ашгийг хамгаалж чадлаа. Гэм буруутай хүнийг гэм бурууг тогтоож, Эрүүгийн тухай болон Эрүүгийн хэргийг хянан шийлвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн. Миний үйлчлүүлэгчдийн сүлжээнд оролцсон нь ижил боловч тушаасан мөнгөө олсон эх сурвалж нь өөр өөр. Зарим нь тэтгэврийн зээл авч, бусдаас мөнгө зээлсэн гэх мэт. Тийм учраас энэ хэрэг 3,4 жил үргэлжиллээ. Зээлээ төлөх хугацаа нь дуусах боллоо. Иймд хэргийг хурдан шийдвэрлэж, хохирлыг шуурхай барагдуулах хэрэгтэй.

Банканд битүүмжилсэн долоон тэрбум төгрөг, машин техникийг үнэлж, зараад хувь тэнцүүлэх, эсвэл өөр аргаар хохирогчийн хохирлыг барагдуулах хэрэгтэй гэсэн үндэслэлээр шүүхэд байр сууриа илэрхийлсэн. Мөрдөн байцаах ажиллагааны явцад Нийслэлийн прокуророос Марат гэх хүн байхгүй гэсэн шалтгаан тавьж байсан. Тэгэхэд нь хохирогч нар “Та бүхэн эрэн сурвалжилж байгаа нь үнэн. Нот бичиг илгээсэн. Гэхдээ энэ хүн Монголд байгаа эсэх талаар тодорхой хариу өгдөггүй. Тиймээс Маратын хэргийг тусгаарлаж, хэргийг шийдэж өгөөч” гэсэн хүсэлт гаргасан юм. Энэ хэрэг 11 мянга гаруй хүн буюу олон хохирогчтой. Тиймээс Маратын хэргээс түдгэлзэж, Оюунчимэгийн хэргийг тусгаарлан шалгасан нь зөв. Ийнхүү бид хохирогчдын төлсөн мөнгөний 40-60 хувийг авах боломжтой боллоо. Хохирогчдын өмгөөлөгчөөс шүүх хуралд надаас өөр хүн ороогүй.

Үндсэндээ 11 мянган хүнийг төлөөлж, шүүх хуралд оролцсон гэж болно. Нөгөө талаас 11 тэрбум төгрөгийн хохирол барагдуулахаас татгалзаж, таван жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэж гэм буруугийн тал дээр маргаж, цаашид давж заалдана гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр гурван шатны шүүх хурал болно гэсэн үг. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ч “Маратыг интерполоор эрэн сурвалжилж, олоод хэргийг нь шийдвэрлэ” гэж мөн гомдол гаргана. Энэ хүн Монголоос 10 тэрбум төгрөг буюу гурван сая ам.доллар Казакстаны компани руугаа шилжүүлсэн. Тиймээс энэ хүнийг олж, хэргийг шүүн, 10 тэрбум төгрөг гаргуулбал, хохирогчид бүх хохирлоо нөхөж авах боломжтой. Эрүүгийн хэргийг эзгүйд нь шийдэх боломжгүй учраас, Маратыг олох хэрэгтэй байна.

-Хэрвээ шүүгдэгч Э.Оюунчимэг хохирлыг гаргах чадамжгүй бол яах вэ?
-Энэ бол хувь хүний асуудал. Тэр хүн хөрөнгөтэй бол шүүхийн шийдвэрээр түүнийг нь гаргах байх. Э.Оюунчимэгийн дансаар тодорхой хэмжээний мөнгө орж, гарч байсныг прокурор баталсан байдаг. Тухайн үед 200-300 сая төгрөг орж, гарсан юм билээ. Тэр хүн 11 тэрбумыг өгөхөд хөрөнгө нь хүрэхгүй байж болно. Гэхдээ нийт хохирогчийн 25 тэрбум төгрөгийн хохирлоос Оюунчимэгийнхийг хасаад 14 тэрбум төгрөг нь гарах боломжтой. Түүнийг хохирогч нарт хувь тэнцүүлж өгч болно. Энэ нь нийт хохирлын 40-60 хувь гэсэн үг. Хувь тэнцүүлнэ гэхээр би сая төгрөг өгсөн бол 500 мянгыг нь, 10 саяыг төлсөн бол таван сая төгрөгийг нь гэх мэтээр 50 хувийн хохирлоо буцааж авах боломжтой гэсэн үг.

Тухайн 14 тэрбум төгрөг нь хурааж авсан долоо, иргэний хариуцагч нар төлөх 4-5, мөн тухайн компанийн Монгол Улсын татварын ерөнхий газарт илүү төлсөн нэг тэрбум төгрөгийг нэхэмжлэлээр гаргуулснаар бүрдэнэ. Мөн хэд хэдэн жийп машин, бусад эд хөрөнгө бий. Эдгээр нь “Жи тайм корпорейшн” компанийн эд хөрөнгө. Олон хүн элсүүлсэн хүнд жийп, швейцарь цаг, цүнх, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг янз бүрийн зүйл тодорхой шатлалын дагуу бэлэглэдэг байсан юм билээ. Эдгээрийг хураагаад, Улсын шүүгч, прокурор нарын шийдвэрээр битүүмжлэн, зарахаар шийдвэр гаргаж, шилжүүлсэн гэж ойлгосон. Тэдгээрийг зарахаар хохиролд төлөх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ.

Үндэсний шуудан


URL: