Б.Жамъяандорж: Кино маань адал явдал, инээдмийг хослуулсан

712-15967567479aea47dd873ee15251aa90ef5cb7bdbf

“Хар сувдны нууц 2” Монголын уран сайхны кино энэ сарын 21-нд нээлтээ хийхээр болсон билээ. Энэ талаар гол дүрийн жүжигчдийн нэг Б.Жамъяандоржтой ярилцлаа. 

-“Хар сувдны нууц 2” киногоо нээхээр болсонд баяр хүргэе. Тоглосон дүрийн чинь талаар яриагаа эхэлье?
-Баярлалаа. Анх “F” студийн захирал н.Амартүвшин ах кинонд тоглох санал тавьсан юм. Өмнө нь “Зуун жилийн эморол” кинонд хамтран ажиллаж байсан болохоор би эргэлзэх зүйлгүй зөвшөөрсөн. Миний хувьд “Тайрдас” гэх халаасны хулгайч залуугийн дүрийг бүтээлээ. “Хар сувдны нууц 1” киноны гол дүр болох дүлий Чинбаа, мухар Ганбаа хоёр Турк улсад очсон байгаагаар киног хийсэн. Би энэ хоёрынхоо шавь нь болж халаасны хулгай хийж байгаагаар гарна. Хэдийгээр хулгай хийдэг ч гэсэн монгол хүний сайхан сэтгэлийг энэ дүрээрээ гаргахыг хичээсэн.
-Зураг авалт хэзээнээс эхэлсэн бэ. Хаана хийсэн юм бол? 
-Манай кино багийнхан өнгөрсөн намар аравдугаар сараас арваннэгдүгээр сарын сүүл хүртэл Туркийн Станбул хотод зураг авалтаа хийсэн. Энэ газарт зураг авалтын 90 орчим хувийг хийсэн байгаа. Монголд дөрвөн сценарийг авсан.
-Тэгвэл гадаадад хийсэн кино байна шүү дээ. Зураг авалтын үеэр хүндрэлтэй зүйл гарав уу? 
-Биднийг очиход зураг авах газар олдохгүй байсан л даа. Тэгээд Туркийн кино багийнхантай хамтарсны үндсэн дээр зураг авах газар, техник хэрэгсэл, олны хэсгийн жүжигчид гээд үйл ажиллагаагаа явуулах боломж бүрэлдсэн. Монголчуудын хоолны гол хэсэг мах шүү дээ. Харин Турк улсад хоолондоо мах бага хэрэглэдэг юм билээ. Тэр нь их хэцүү байсан. /инээв/
-Та бүрэн хэмжээний хоёр кинонд тоглолоо. Аль дүр нь илүү хүндрэлтэй байв?
-Би мэргэжлийн жүжигчин биш. Тэгэхээр аль аль дүр нь хэцүү байсан. Мэргэжлийн жүжигчид жинхэнээсээ уурлаж, гуниглаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тэр хэрээр л мэргэжлийн ур чадвараа сайн эзэмшсэн нь харагдаж байгаа юм. Тиймээс анх жүжиглэхэд их хэцүү байдаг байсан. Яг л энэ хүн надад уурлаад байна даа гэсэн мэдрэмж төрөхөөр нүд рүү нь харж чадахгүй байсан. Хоёр дүр маань хоорондоо их ялгаатай байсан л даа. “Зуун жилийн эморол” кинонд тоглоход учраа олохгүй хэдэн өдөр болсон. Уран бүтээлчидтэйгээ ярилцаад, танилцаад ирэхээр илүү амар болсон. Тухайлбал, жүжигчин О.Тэмүүжин буюу Тэмка ах миний үгийг давхар цээжлээд зураг авалтын үеэр надад хэлж өгдөг байлаа. Киноны үйл явдал миний амьдралтай төстэй байсан. Тиймээс өөрийнхөөрөө байсан болохоор “Зуун жилийн эморол” киноны дүрээ бүтээхэд арай дөхөм байсан юм уу даа. Энэ удаа ч хамтран ажиллаж байгаа жүжигчид маань сайн зөвлөж, тусалсны хүчинд энэ их ажлын ард гарч чадлаа.
-Мэргэжлийн жүжигчин биш гэлээ. Ямар ажил хийдэг юм бэ?
-Би Төв аймгийн Зуунмод сумандаа арван жилийн сургуулиа төгссөн юм. Багаасаа архитектурч болохыг хүсдэг байлаа. Шалгалт өгөөд сургуулиудын хуваарь ирэхэд нэг хүүхдээр таслагдаж зорилгодоо хүрч чадалгүй үлдсэн. Тэгээд л МУИС-ийн Бизнесийн сургуульд рекламны менежерээр суралцах болсон. Их сургуулиа төгсөөд анх хотод хэвлэлийн дизайнераар ажилласан. Дараа нь Төв аймгийн “Төв” телевизэд дөрвөн жил орчим ажиллаж байлаа. Одоо найзуудтайгаа хамтарч “Infinite” студийг байгуулан ажиллаж байна. Дууны клип, хуримын зураг авалтын бичлэг, хөрөг нэвтрүүлэг, албан байгууллагын видео танилцуулга гэсэн контент бүтээж байгаа.
-“Хар сувдны нууц 2” киноны зураг авалтын үеэр тохиолдсон хөгжилтэй зүйлээс хуваалцахгүй юу?
-Олон байгаа. Алтаншагай ах, Дээгий ах, Цогтоо гээд их хөгжилтэй хүмүүс шүү дээ. Зураг авалтын үеэр найруулагчдаа их загнууллаа. Би угийн их хөдөлгөөнтэй, яриасаг хүн. Тэгээд л найруулагчдаа үймүүллээ гээд загнуулчихна. Сонирхуулахад зураг авалтад жинхэнэ буу ашигласан. Жүжигчид, арын албаныхан барьж үзээд л байлаа. Яг намайг барьж авахад найруулагч харж таараад “Жамка чи яах гээд байдаг юм. Дандаа үймүүллээ” гэж уурласан. Би түүнд гомдоод уурлаад гадаа гараад суучихсан юм. Тэгсэн продюссер Насанжаргал эгч ирээд дэлгүүрээс юм авч өгч тайтгаруулж билээ. /инээв/
-Үзэгчид нэлээн хүлээлттэй байна шүү дээ. Киноныхоо онцлог, сонирхол татах хэсгээс яриач?
-Бид киноныхоо нээлтийг энэ сарын 21-нд хийхээр болсон байгаа. Киноныхоо трейлер, постор зургийг цацахад үзэгчид эерэгээр хүлээж авсан. “Хурдхан үзмээр байна”, “Нээлтээ хэзээ хийх юм” гээд их хүлээлттэй байгаа нь анзаарагдсан. Тиймээс баяртай байна. Ялангуяа, шинэ төрлийн вирус гарснаар хөл хорио тогтоосон шүү дээ. Иймээс кино театруудын дэлгэцнээ шинэ уран бүтээл нээлтээ хийлгүй удсан байна. Энэ нь үзэгчдийн хүлээлтэд их нөлөөлж байгаа бололтой. Кино маань адал явдал, инээдмийг хослуулсан, тааварлашгүй үйл явдал ихтэй учраас үзэгчдийг уйдаахгүй. Машины хөөцөлдөөн, буудалцаан нь их шинэлэг мэдрэмж төрүүлэх байх. Мөн Турк улс их чийглэг уур амьсгалтай байсан. Тиймдээ ч зураг авалтууд өнгөлөг болж чадсан.
-Танд хөгжилтэй зүйл их тохиолддог гэлээ. Манай уншигчдад зориулж ойрын хугацаанд тохиолдсон хөгжилтэй үйл явдлаасаа хуваалцахгүй юу?
-Хөгтэй явдал зөндөө тохиолдоно. Саяхан найзтайгаа KFC захиалж идэхээр боллоо. Манай найз эхэлж яриад хаягаа зааж өгсөн. Би утсаар ярьж хоолоо захиаллаа. Тэгсэн захиалга авч байсан хүн “Манайх хүүхдээс захиалга авдаггүй. Түрүүний ярьсан том хүндээ утсаа өгөөрэй” гэсэн. Бид хоёр бөөн инээдэм болсон доо. Ер нь ийм андуурагдах хөгжилтэй явдал байнга тохиолддог юм.
Б.Даваадулам
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

URL: