Г.Жанчив: Би харахад ШОГЧ, хөгжилтэй юм шиг хэрнээ их уяхан, мэдрэмтгий хүн

116752081_641290363485741_7749717589862033415_n

“MAAZ” хамтлагийн  дуучин, жүжигчин “ID film” студийн үүсгэн байгуулагч, найруулагч Ганзоригийн Жанчивтай ярилцлаа. Тэрбээр оюутан ахуй цагаасаа хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж, үзэгчдийн хайртай жүжигчдийн нэг болоод амжсан. Түүнчлэн найзуудтайгаа нийлэн хамтлаг байгуулж, “Би дурламаар байна”, “Хайр эмзэгхэн”, “Бүтэлгүйтээд” зэрэг шинэлэг өнгө аястай дуу, кино шиг өрнүүн үйл  явдалтай клипээрээ шуугиан тарьж байв. Түүний сэргэлэн, хөдөлмөрч зан, уран бүтээлч сэтгэлгээ Монголын кино урлагт цоо шинэ орон зай, өнгө төрхийг бүтээж явна.

-Хоёулаа уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхэлье?
-Өнгөрсөн хавар студийнхэнтэйгээ хамтран “Story movie” нэртэй сошиал контент хийсэн. Тус контентийг бүтээхийн тулд өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш судалгаа хийсэн. Сүүлийн үед сошиал орчинд story маш их хөгжсөн байна. Newsfeed гүйлгэж хардаг хүн цөөрчээ. Тиймээс бид 1-2 минутын хугацаатай, час хийсэн санаа, хөөрхөн романстай контент хийхийг зорьсон юм. 44 өдөр 44 анги бэлтгэн хүргэжээ. “Ингэж реклам цацаж байгаад үргэлжлэл нь IPTV-д орох юм уу” гэх мэт учрыг нь олоогүй хүн ч байна. Зарим нь орой болгон 20:00 цагаас үзээд сурчихаж. Би энэхүү контентийн зохиол дээр ажилласан. Одоо үргэлжлэлийг нь хийхээр бэлдэж байна. Сүүлийн үед найруулагчаар түлхүү ажиллаж, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч байна.

-Танай студид олон авьяаслаг, залуу уран бүтээлч багтсан харагдсан.  Ямар төрөл, жанраар түлхүү ажиллах вэ?
-Студи маань байгуулагдаад овоо хэдэн жил болсон ч “ID film” хэмээх нэрээ өгөөд жил орчим болж  байна.  Мишээл, Ариука, Тагтаа, Төмөрөө, Бямбаа, Ангараг гэх мэт олон залуус бий. Шинэ, содон, чанартай уран бүтээл хийе гэж нэгдсэн. Нэрээ өгснөөс хойш нэг сошиал контент хийлээ. Яг ийм л жанрын уран бүтээл хийнэ гэж хайрцагламааргүй байна. Төлөвлөсөн зүйл олон бий ч санасны зоргоор болохгүй юм. Ойрын хугацаанд гоё драмын жүжиг хийх бодол бий. Зохиолын эрэл хайгуулд гарсан. Коронавирусийн улмаас хийх гэж байсан кино маань цуцлагдлаа. Ер нь залуу уран бүтээлчдэд хүнд тусаж байна.

-Сүүлийн үед залуучууд уран бүтээлийн нэгдэл, продакшн байгуулах нь олширчээ. Гэвч төд удалгүй тарцгаадаг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Багийн ажиллагаа хамгийн чухал юм шиг санагддаг. Нэг нэгэндээ ялархах хэрэггүй. Нэг нь ажлаа амжуулж байхад нөгөө нь ойлгодог байх хэрэгтэй. Байгууллагад дарга, цэргийн асуудал байх нь зүй ёсных ч хамтдаа санаа, оноогоо ярилцаж, шийдвэр гаргах нь зөв гэж боддог.

-Дуулна, жүжиглэнэ, кино зохиол бичиж, түүнийгээ найруулна гэх мэт олон төрлийн авьяас, чадвартай гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулсан. Энэ бүхнийг яаж амжуулдаг вэ. Магад цаанаасаа заяасан өгөгдөл юм болов уу?
-Баярлалаа. Өгөгдөл биш ээ. Хичээл зүтгэлийн маань үр дүн болов уу. Би ирээдүйгээ маш гоёор төсөөлдөг. Төсөөлсөн ирээдүйгээ бүтээхийн тулд хичээдэг. Хичээх ч хэрэгтэй. Өшөө юу хийх вэ, хаана гоё, шинэлэг зүйл байна гэх мэтээр эрэл хайгуул хийдэг. Залуу хүн  хөдөлмөрч, бүтээлч байх хэрэгтэй гэж боддог. Дуулахын тухайд бол оюутан цагийн хобби. Нөгөөтэйгүүр зах зээлийн өрсөлдөөнд бэлдэх, өөрсдийгөө таниулах тактик байсан. Дуу гаргаагүй гурав, дөрвөн жил болсон ч “Maaz” хамтлаг хэвээрээ байгаа.

-Багын сэргэлэн хүүхэд байсан бололтой. Цэцэрлэгээ дундаас нь орхисон ч сургуульд орохоосоо өмнө уншиж сурсан гэсэн үнэн үү?
-Үнэн. Цэцэрлэгээ төгсөхийн алдад би дахиж цэцэрлэгт суухгүй гээд л орхиод явчихсан гэдэг. Сургуульд орохоосоо өмнө уншиж, бичиж сурсан. Мэдээж том хүүхэд шиг төгс уншиж чадахгүй ч үсэглээд ч болсон, утгачлаад уншчихна.  Амьдралын хар ухаанаар сурсан гэж боддог. Багадаа дэлгүүр, ТҮЦ рүү, ойр зуурын зараалд их гүйнэ. Хагас килограмм элсэн чихэр захьсан бол 450 граммыг авах гэх мэт 10, 20 грамм дээр нь “ажиллачихдаг” бацаан байлаа. Эгчээсээ есөн насаар дүү, айлын хэнз, ганц хүү болохоор жаахан эрх. Хэдий сахилгагүй ч даруулгатай өссөн.

-Багаасаа л жүжигчин болно гэж боддог  байв уу. Эсвэл хэн нэгний зөвлөгөөг дагасан уу?
-Одон орон судлаач болохыг мөрөөддөг байлаа. Даанч энэ мэргэжлийг эзэмшихийн тулд хими, физикийн хичээл маш чухал. Гэтэл би математикийн хичээл дээр Х, У орж ирснээс хойш, таг гацчихсан хүн.Арван жилдээ урлагийн үзлэгт ангийнхнаа бэлдүүлдэг, зохион байгуулдаг байсан. Ангийн багш маань “Чи жүжигчин болооч” гэж хөөргөөд л, нээрээ ч чадах юм шиг санагдана. Тэгээд нэг мэдэхэд Соёл урлагийн их сургуульд конкурс өгөхөөр шийдсэн  дээ.

-Соёл урлагийн их сургуульд элсэх гэж гурван жил болсон юм билээ. Тэр хугацаанд шантрах үе байсан уу. Бараг ахиад нэг мэргэжил эзэмших хугацаа шүү дээ?
-Хоёр жил болсон. Би хувийн сургуульд сурдаг байсан ч Соёл урлагийн их сургуульд орох хүсэлтэй. Гэтэл тэр жилийн элсэлт авах хугацаа өнгөрчихсөн байлаа. Дараа жил нь Тагтаа, Төмөрөө, Аагий бид хэд хамтдаа шалгалт өгсөн. Нэг их бороотой өдөр Хүүхдийн урлан бүтээх төвийн урд тойрч зогсож байгаад нэг нэгээрээ хариутай цаасаа үзэж байлаа. Тэр жил Төмөрөө  маань ганцаараа тэнцсэн. Харин Тагтаа, Аагий хоёр урлагийн менежментийн ангид орсон. Би жүжигчний ангидаа л орно гээд ахиад жил хүлээхээр шийдсэн. Гэтэл Тагтаа бас жүжигчний ангид орно гээд сар бололгүй менежментийн ангиасаа гарчихсан.

Мэдээж гэртээ хэвтээд байж болохгүй, ажил хийх хэрэгтэй. Тагтаа зах дээр зогсож, би зөөгч хийдэг байсан. Хүүхдүүд хичээлдээ явж байхад би тамхины иш цэвэрлээд л, шантрах үе цөөнгүй. Үеийнхэн ангиаараа орж ирээд суухад, би хоолыг нь зөөнө. Бас л эвгүй мэдрэмж. Гэхдээ мөрөөдлийнхөө төлөө даваад л гарсан. Дараа жил нь шалгалт өгөөд тэнцсэн дээ. Хамгийн түрүүнд ээж рүүгээ залгаж тэнцсэн гэдгээ хэлсэн. Орой гэртээ очиход, ээж маань бууз, салат хийгээд ширээ засаж угтсан.

-Хэнз хүүхэд  болоод ч тэр үү их хайран дунд өссөн санагдлаа. Нөгөөтэйгүүр удам залгах ганц хүүгийн үүрэг, хариуцлага өндөр шүү дээ?
- Хүний амьдралд юу эс тохиолдох вэ дээ. Хоосон хонох ч үе байлаа. Гэхдээ намайг хэзээ ч хайраар дутаагаагүй. Хөрөнгө мөнгөтэй, хүссэн амттанаа идэхээс илүү халуун дулаан гэр бүлээрээ байх л хамгийн сайхан. “Миний хүү юу хүсэж байна. Түүнийгээ л хий” гэж миний хүсэл мөрөөдлийг дэмжсэн нь аав, ээжийн маань намайг хайрласан хамгийн том хайр гэж боддог.

Тэр их хайрыг нь дааж явах сан. Тийм болохоор мэргэжилдээ дурлаж, энэ амьдралдаа улам бүр шунаж, бүдрэхдээ улам шаралхаж, сайхан ирээдүйд тэмүүлж  явна. Аав маань хамгийн анхны тоглосон киноноос Ганзоригийн Жанчив гэдэг нэр хараад их баяртай байх шиг санагдсан. Аав залуудаа балетын сургуульд тэнцсэн ч гэрийнхэн нь зөвшөөрөөгүй юм билээ.

-Өөрийг тань “Хамтран амьдрагч” киноны Пүнтүүзийн дүрээр хүмүүс сайн мэддэг. Зан төрхийн хувьд тэс ондоо дүр юм уу гэж хардаг. Ер нь ямархуу дүрд тоглох дуртай вэ?
-“Хамтран амьдрагч” кинонд төгсөх курстээ тоглосон. Пүнтүүз бол миний хамгийн хайртай дүр.  Зохиолоо анх уншихад л надад таалагдсан. Хойд ээждээ загнуулж, зодуулсан ч ядарсан охинд хоол зөөгөөд л. Нэг тийм баатарлаг, сайхан сэтгэлтэй хүүгийн дүрийг гаргаж чадах юм шиг сэтгэлд багтсан. Би харахад шогч, марзан, хөгжилтэй юм шиг хэрнээ их уяхан, мэдрэмтгий хүн. Миний эзэмшсэн мэргэжил учраас ямар ч дүрд тоглож чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ надад туслах дүр гоё санагддаг. Яагаад гэвэл, туслах дүрийг маш эртнээс бодож төлөвлөдөг. Өөрөөр хэлбэл, гол дүрийг тодотгож, амилуулдаг. Эсрэг талын, зэвүүн туслах дүр бүтээх хүсэл бий.

-Урлагт шинэ санаа, эрэлхийлэл чухал. Ямар үед илүү шинэ санаа төрдөг вэ?
-Урлагийн хүмүүс их хайгуулч, гярхай байдаг болов уу. Гудамжаар өнгөрөх хүн, орчноо анзаарч байдаг. Ярихдаа байнга хумсаа оролддог зуршилтай хүнтэй таарлаа ч хожим ямар нэг дүр бүтээхдээ ашиглах тухай бодно. Шинэ санаа төрөх нөхцөл янз бүр. Найз нөхөд, хамт олноороо ярилцана. Заримдаа санаандгүй явж байтал, толгойд ороод ирнэ. Бас уншиж, судлах хэрэгтэй. Миний хувьд, чимээгүй орчинд бодож, эргэцүүлээд суухад үр дүнтэй юм шиг санагддаг. Яагаад гэдгээ мэдэхгүй ч чимээгүй орчинд байх дуртай.

-Кино урлаг өртөг өндөртэй салбар. Хэчнээн гоё санаа, сайн зохиол байлаа ч санхүүжилтээ шийдэж чадаагүйгээс бүтэлгүйтдэг, цаашлаад шантардаг юм шиг?
-Санхүүжилт хамгийн том асуудал. Гэхдээ сайн хөөцөлдөх л хэрэгтэй гэж боддог. “Энийг яах вэ ах аа, эгч ээ. Надад нэг ийм санаа байна” гээд асууж, сурах хэрэгтэй. Явсан нохой яс зууна гэж үг байдаг даа. Түүнээс биш гоё юм мөрөөдөөд хэвтээд байвал байрнаасаа урагшлахгүй. Манай студийнхэн л гэхэд бүгд тал тал тийшээ шинэ уран бүтээлийн төсөл, танилцуулгаа бариад явдаг. Хэн ч уналтад орохыг хүсэхгүй. Тиймээс судалгаа, менежмент чухал.

-Таныг авьяаслаг, хөдөлмөрч залуу жүжигчин гэж үзэгчид үнэлдэг. Өөрийгөө хэр амжилттай яваа уран бүтээлч гэж боддог вэ?
-Мундаг  хүмүүсээс суралцаж л явна. Миний хувьд бүх зүйл дөнгөж эхэлж байна. Сурах, мэдэх, хийх зүйл дэндүү их байна.  Ээж маань “Миний хүү урдах ажлаа л сайн хийгээрэй” гэж захидаг байсан. Энэ үгийн ард  хүний итгэлийг алдахгүй, хариуцлагатай байх маш том агуулга байсныг одоо л ойлгож байна. Тиймээс урдах ажлаа л сайн хийхийг хүсэж байна.

-Би “Maaz” хамтлагийг уран бүтээлийн хамтрагчид гэхээс илүү үнэ цэнтэй нөхөрлөл гэж хардаг. Нөхөрлөлийн тухай яривал?
-Хүүхэд насны нөхөрлөл ариун нандин. Гэхдээ одоо л жинхэнэ нөхөрлөл эхэлж байх шиг. Барилгаар бол 10 жилийн дараа  хундаам нь сайтар хатаад, хэчнээн өндөр байшин барьсан ч нурахааргүй бат бөх  болжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл өөрчлөгддөг юм байна. Гэхдээ муу талаасаа биш. Саяхан л хамт шороо идэж байсан найз маань аав болоод хүүхдээ салхилуулж явна. “Энэ миний хүүхдийн  өсөж байгаа орчин” гэх мэтээр ертөнцийг өөрөөр хардаг болж. Найзууд маань жинхэнэ эр хүмүүс болж байгаа юм болов уу.

-Найзууд  нь хэдийн аав болжээ. Та гэр бүл зохиох тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Нэг их яарсан юм алга. Цаг нь ирэхээр болно байх. Нийгмийн соёл өөрчлөгдөж байна. Залуус аялж, газар үзэж, сурч боловсрон, өөрийгөө хөгжүүлснийхээ дараа гэр бүл зохиодог болжээ. Мэдээж эхлээд өөрийгөө олох нь чухал болов уу.


URL: