Хоёр нам аудитын дүгнэлт бүхий тайлангаа хүргүүлсэнгүй

-4030260257284804587_800_x_533

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 57.3-т “Нам, эвслүүд санал авсан өдрөөс хойш 45, нэр дэвшигчид санал авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байдаг. УИХ-ын сонгуульд оролцсон 13 нам, дөрвөн эвсэл дээрх хуулийн дагуу сонгуулийн зардлын тайландаа дүгнэлт гаргуулж, энэ сарын 7-нд багтаан Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлсэн юм. Хуулийн хугацаанд амжиж, 11 нам, дөрвөн эвсэл аудитын дүгнэлт бүхий тайлангаа ирүүлж, хоёр нь хүргүүлээгүйг ҮАГ-ын ажилтан нь хэллээ. Тус газрынхан үүнийг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх юм.

Зөрчлийн тухай хуулийн 17.1.25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянга, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Ташрамд дурдахад, УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний 393 нь аудитын дүгнэлт бүхий тайлангаа хугацаандаа хүргүүлсэн билээ. Тайлангаа хугацаандаа ирүүлээгүй нэр дэвшигч, намын нэрсийг Татварын ерөнхий газарт хүргүүлж, торгууль ногдуулах гэнэ.


URL: