Төрийн яамны тухай миний бодол

712-1597101972IMG_2417

Миний бие Төрийн яаманд нэг их удаан ажиллаагүй хэдий ч Яам тамгын газар гэдэг, түүний ажилтнууд, ямаршуухан янзтай байх, аппарат байгууллагын тогтолцоо зэргийн талаар ганц нэгэн санаа илэрхийлье гэж бодлоо.

Яам гэдэг үг бол гаднаас орж ирсэн олонд үйлчлэх гэсэн утгатай бололтой юм билээ. Дэлхийд 1900 гаруй төрлийн үйлчилгээ байдаг гэж эрдэмтэд үздэг. Түүнийг тоймолж, төрөлжүүлэн хуваавал 12-14 гэсэн тоо гарна. Энэ бол төрийн яамдын байх ёстой баримжаа тоо юм. Яахав улс орнуудын онцлог, шийдэх асуудлаас хамаараад наана цаана байж болох л доо. Яамны доторх газар хэлтсүүд, ажилтнуудын тоо ч тэр. Бүр одоочилбол Төрийн яам нь захирах, захирагдах ёсны эмхэрч цэгцэрсэн, төвлөн удирдах тогтолцоо гэж ойлговол зохистой.
Төрийн хар хүн гэж ярьдаг шүү дээ. Энд ганцхан бүстэй хүнийг хэлж буй хэрэг огт биш гэдгийг анхааруулъя. Хар ус гэж хэлдэг. Энэ бол өнгөгүй тунгалаг гэсэн үг юм л даа.
Өөрөөр хэлбэл, ховоо хөдөлгөөгүй худгийн ёроол, урсаж буй гүехэн усны доорхи алаг чулуу, жирэлзэж яваа загас жараахай нэвт харагддаг шиг төрийн хүний оюун ухаан, сэтгэл зүрх ус шиг тунгалаг байх ёстой юм. Эндээс л төрийн хүний ариун нандин чанар, ажилч хичээнгүй үйл, шулуун шударга зан төрх, үлгэрлэн манлайлах, удирдан чиглүүлэх зэрэг чанарууд товойж харагдах ёстой.
Бас хүмүүсийн хүнсэндээ хэрэглэдэг мал адгуусыг муулдаг хүнийг хар хүн гэцгээдэг. Энэ бол тэс өөр зүйл. Лам хүн амьтны амь хороож болохгүй гэдгээс л гаралтай байх. Юуны өмнө төрийн яамны ажил, ажилтнуудын мэдлэг, чадвар чадал чансаа, дадлага туршлага, зан харьцааны өндөр соёл ажилч хичээнгүй байдал зэрэг нь улсын бүх ажилд үлгэр дуурайл болох учиртай юм. Шигшмэл хурдууд цугларсан хурдан морины уяа, гал гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг л юм даа.
Яамны ажилтнууд ажлыг багаас нь, практик амьдралаас эхэлж, карьерын зарчмаар л дээш нь гаргаж ирэх учиртай. Карьер гэж үгийг туршлагажих тусам ажил албан тушаал нь шат ахиж байх зарчим, тогтолцоо маягийн зүйл гэж ойлговол зохилтой. Үүнийг эрдэмтэн мэргэд машин тэрэг замаар явахтай зүйрлэж хэлсэн нь бий. Зүгээр шахуу сууж цаг нөхцөөж байгаад удсан хүн ажил албан тушаалд дэвшмээр байна гэвэл болохгүй нь ойлгомжтой. Очсон газар бүхэндээ үлгэр жишээ үзүүлнэ. Түүнээс биш өөрөө юмуу танил тал нь хөөцөлдөх, чирч гулдарч байгаад бүтээдэг хэрэг огтхон ч биш. Тооноор нисч ороод хойморт заларч болохгүй шүү дээ. Удирдлага, нийгмийн шинжлэх ухааны онолч Макс Веберийн хэлснээр түшмэд нь өндөр мэдлэгтэй, туйлширдаггүй, уур уцаар багатай, сагсуу зангүй байх ёстой гэсэн байдаг. Гол нь гуйвж дайвахгүй, ноён нуруутай, тууштай байх асуудал чухал юм.
“Адаг хавьцаа даруухан сууж, ааш зангийн дөлгөөнийг сахин, ашид баясгалант харцыг цогцлоож, рашаан хүртэх шиг номыг сонс” хэмээн Бодь мөрийн зэрэг номд сургамжилжээ. Ер нь, шашны зарим номлолоос төрийн хэрэгт авч хэрэглүүштэй зүйлс багагүй бий гэж би бодож явдаг. Шашин бол сэтгэлийг эрхшээдэг, төр бол биеийг эрхшээдэг гэж ярьж, бичдэг шүү дээ.
Оросын сүлдний хоёр толгойтой бүргэд, манай төрийн далбаан дээрх соёмбо үсэг зэргээс ургуулаад бодсон ч тэр, төр шашин хоёр уялдаатай байх нь зөв гэж бодном. Энэ бол төр шашин хоёр нь бие биеийн дотоод ажилд хутгалдана гэсэн үг биш шүү дээ. Төр нь төрөөрөө, шашин нь шашнаараа явж таарна. Төрийн яаманд ажиллаж буй ажилтнууд хариуцсан чиглэл, салбарынхаа ажлыг гарын алган дээрээ байгаа юм шиг хардаг, мэддэг, ажил төрлийн арвин баялаг туршлагатай байх хэрэгтэй юм.
Тэгэхдээ яамны аппаратад төрийн болоод салбарын ажлын туршлагатай нөхдөөс гадна төрийн албанд цаашдаа өсөх ирээдүйтэй мэргэшсэн залуучуудыг оновчтой сонгож ажиллуулах нь зохистой. Залуучууд төрийн яамны босгыг алхан орж ирснээр тэдний үг нь цөөрч, буурь суурь нь бэхжиж, ам нь хагарч, гижиг нь арилдаг юм. Намайг тэр жил Зам тээвэр, аялал жуучлалын яаманд ажиллаж байхад төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар Маналжав гэж хүн ажиллаж байлаа. Одоо тэр хүн нас өөд болсон. Тэрээр, ажлаа арван хуруу шигээ мэддэг, ёстой бийр шиг хуруутай, бичиг шиг ухаантай хүн байсан даа. Яамны түшмэд хүн тийм л байх ёстой байх. Яамнаас боловсрогдон гарч буй бичиг баримтууд туйлын чамбай, ёстой шахсан бяслаг шиг байх нь чухал. 1987 онд манай нисэх чинь армиас салж Иргэний нисэхийн газар болсон. Тэр үед миний бие Намын Төв Хороонд төмөр зам, нисэхийг хариуцан ажилладаг баив. Иргэний нисэхийн газар энгийн бөгөөд гэхдээ хагас цэргийн зохион байгуулалтад шилжихтэй холбогдуулан тухайн үеийн Улс төрийн товчооны тогтоол гарсан юм. Тогтоолын төслийг хийгээд хэлтсийн удирдлагаараа дамжуулан УТТ-ны гишүүдэд тараахад Д.Моломжамц даргаас ирүүлсэн санал нь ёстой үг хайрлаагүй, эрээлж зассан байж билээ. Хөдөлмөр цалин хөлсний талаар гарсан Намын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолын төддүгээр заалтыг хар л гэнэ. Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооны дарга асан Лхамсүрэнгийн төдөн оны тушаалыг үз л гэнэ. Нөхөр Батмөнхийн анхааруулгыг сайтар уншиж тусга л гэнэ. Тэгж л удирдлагын бичиг баримтыг хийж байх ёстой юм байна гэдгийг миний бие тэр үед хагас хугас ойлгож авсан юм.
Цааш нь, яам болон яамны ажилтнууд гадаад худалдаа, эдийн засагтай холбоотой гэрээ хэлэлцээрүүдэд оролцдог, зарим үед гардан хийнэ, иймийн тулд Олон улсын гэрээ, эрх зүйн өндөр мэдлэг, боловсролтой байх учиртай. Эхлээд монгол эхээ маш чамбай боловсруулсан байвал зохино. Эс тэгж чадваас бусдын заавар амыг л дагах болно.  Ер нь, бид чинь сүүлийн жилүүдэд гадаад оронд гадаад хэл дээр эхэлж боловсорсныг орчуулж аваад явж байгаа юм биш үү. Энэ тал дээр хэтэрхий даржин байна шүү дээ. Гадаад худалдааны асуудлыг Гадаад харилцааны яамнаас салгасан ч болох талтай санагддаг. Цаашид бодолцох зүйл л дээ.
Төрийн албаны зөвлөлийн ажлаас яамдын аппаратын чадавхи ажил хэрэгч байдал багагүй хамаарч байна. Тэдний зүгээс яамны ажилтны сонгон шалгаруулж буй ажлыг улам төгөлдөржүүлж баймаар санагдана. Хүнийг бүх талаар нь судалж ажил албанд томилж сонгодог байсан дээр үеийн арга зарим талаар үгүйлэгдэж байгаа ажиглагддаг. Дээр үеийн гэдэг нь зөвхөн социализмын үеийг хэлж байгаа юм биш бүр дээд үеэс эхлэлтэй зүйл шүү.
Юм хөдөлгөөнгүй царцанги байж таарахгүй, ажлыг сайжруулах үүднээс зохих өөрчлөлтийг хийдэг, бугшсан дутагдлыг арилгах ёстой. Гэхдээ яамд байгууллагуудад бүтцийн өөрчлөлт нэрээр зүгээр үймүүлж, завсарт нь зарим хүнийг хохироохоос цаашгүй юм болдог байсан практикийг таягдан хаях нь зүйтэй.
Яам тамгын газрын шат шатны ажилтныг шилж сонгож шалгаруулахдаа дараах зарчмуудыг баримжаа болговол зохилтой санагдана.
Нэгд, ажлын төлөө гэсэн сэтгэл зүтгэл.
Хоёрт, Ажил мэргэжлийн өндөр мэдлэг чадвар.
Гуравт, Шударга ёс, зарчимч чанар нь хэр зэрэг юм.
Дөрөвт, тууштай эрчимтэй, эрчимтэй арга барилд хэр зэрэг суралцсан.
Тавд, хүнтэй ажиллах эв дүй зохион байгуулах авъяас чадвар.
Зургаад, ажлын үр дүнг тооцох зэрэг шаардлагыг иш үндэс болгож байвал зохилтой санагдана. Манайд эрх мэдэл, албан тушаалд дулдуйдаж, ажил төрлөө явуулах тал сүүлийн үед их ажиглагдах болсон. Уг нь, удирдах ажилтны нэр хүнд гэдэг юм түүнээс дутуугүй харин ч зарим талаар илүү гарч байх нь дээр юм. Хэрэв жингийн дэнсэн дээр тавиад үзвэл ажилтны хувийн нэр хүнд албан тушаалын нэр хүндээс илүү дарж байх ёстой юм. Яамдын ажилтнуудын цалин пүнлүү, шагнал урамшуулал, амьдрал ахуй ч сайн байх ёстой. Тэгж байж гэмээн ажилтнууд ялангуяа залуучууд ажилдаа тэмүүлж, урам зоригтой, улам тогтвор суурьшилтай ажиллах нь тодорхой.
“Салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгийн ач холбогдлыг ч өргөж өгөх нь зүйтэй мэт бодогддог. Мөнгө ч дагалдах ёстой. Одоо бол ихэнх тохиолдолд ёс төдий хавтас өгөөд алга ташаад явж байна шүү дээ. Урам бол хүнд сэтгэлийн их эрч хүч, зориг өгч хүнийг сайн үйл бүтээлд уриалан дууддаг. Биеийн хүчээс илүү сэтгэлийн хүч чухал юм даа. “Урмыг хугалахаар ууцыг хугал” гэдэг үг бий. Энд урам бол хийсвэр зүйл, ууц бол бодит эд юм. Тэгэхээр хийсвэр чанарыг удирдахуйн аргад зохистой хэрэглэх хэрэгтэй мэт. Энэ нь, дандаа дал мөр алгадана гэсэн хэрэг биш шүү дээ. Эцэст нь хэлэхэд, болхи миний ойлгож байгаагаар цахим ертөнц бол орчин үеийн мэдээллийн баялаг сан, архив юм. Яам салбар нэгжүүд өөрсдийн түүхчилсэн цахим ботьтой болж, түүнийгээ ажил хэрэгчээр ашигладаг байвал зүгээр. Эдүгээ нэлээд газар бий болсон байх. Харин одоо ажиллаж байгаа салбар архивуудаа яваандаа гэрэл гэгээ, халуун хүйтнийг тохируулсан хадгалалт хамгаалалтын орчин үеийн нарийн техник технологиор тоноглож, ашиглаж байх хэрэгтэй юм.
Р. Раш  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

URL: