Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Пүрэвдавааг томилов

116886400_315052153068685_1208322149016973232_n

Ардчилсан намаас нийслэлийн намын хорооны хурлаа өчигдөр зарлан хуралдуулав.

Хурлаар аравдугаар сард болох нийслэл, орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох асуудлыг хэлэлцжээ. Харин хурлын үеэр тус намын дарга Д.Баттулга өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн нь гэнэтийн шийдвэр байв. Иймд намын дүрмийн дагуу хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдавааг томилсон байна.

Д.Пүрэвдаваа нь Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч юм. Тэрээр 2012, 2016 оны дүүргийн ИТХ-д олонх, 2012 оны нийслэлийн ИТХ-ын сонгууль, 2013, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудад үнэмлэхүй ялалт байгуулж байсан чадварлаг боловсон хүчин.Намын удирдлагатайгаа үл ойлголцон нэгэн үе намаасаа хөөгдөх хүртэл арга хэмжээ авахуулж байсан хэдий ч нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намаас хамгийн олон ялалтыг дүүрэгтээ авч чадсан сайн менежер юм.

Д.Пүрэвдаваа нь 2012 онд Нийслэлийн Засаг даргын орлогч, 2012-2017 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн болого, агаарын бохирдлын асуудал хариуцсан Зөвлөхөөр ажиллаж байсан.

Нийслэлийн Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Д.Пүрэвдаваа нь улс төр болон төрийн ажлын туршлагатай Ардчилсан намын лидер гишүүдийн нэг юм.


URL: