Сан “андуурсан” хөрөнгийн урсгал буюу ИНФЛЯЦ ОНИЛСОН БЭЛЭН МӨНГӨ

Өнөө маргаашгүй бидний гарт эх орны хишиг, ээлжит 252 мянган төгрөгийн түрүүч ирэх нь. Төрийн минь хишиг хэмээн гар дэлгэн авъя. Гэхдээ Монголын сонгогчид 1.5 сая төгрөгийг бөөнөөр нь, бэлнээр авахыг хүссэнээс, хэсэгчлэн авч инфляцыг галзууруулахыг хүсээгүй шүү дээ. 805.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулган, төсвийн нийт алдагдлыг ДНБ-ий 9.9 хувьтай дүйцүүлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг уландаа гишгэж, эрх баригчдыг дэлхийд зартай эдийн засагчдаас зэмлэл хүлээлгэн байж батлагдсан энэ мөнгө монголчуудын амьдралыг сайжруулчихна гэж та бодож байна уу?

Бэлэн мөнгө тарааснаас түүгээрээ метро байгуулах хэрэгтэй, алслагдсан дүүргүүдэд “амь тариа”-г нь нийлүүлбэл дээр байсан юм гэх халаглал хаа сайгүй сонстоно. “Уул уурхайн орлогоо бэлэн мөнгө хэлбэрээр тарааснаар Монголын биш Эрээний эдийн засгийг дэмжиж буй хэрэг” гэх шүүмжлэлийг Монголбанкны Мөн гөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.

Уул уурхайн орлогоо Хүний хөгжлийн санд бус, Тогтворжуулалтын санд доллар хэлбэрээр нь хадгалах хэрэгтэйг Монголбанк анхааруулсаар байгаа.

21 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЮУ АВАХ ВЭ

Дундаж орлоготой өрх сайндаа л дөрвөн кг мах, нэг шуудай гурил, долоо хоног түлэх нүүрс авна биз. Харин боломжтойхон айлын эрх охин бол үсээ засуулж, өдрийн зоог ч барьж дийлэхгүй мөнгө. Хэтэвчинд 21 мянган төгрөг нэмэгдэж инфляцыг хөөрөгдөх, мөнгө өгөлгүй үнийг тогтвортой байлгах хоёрын хооронд чанарын өөрчлөлт огтхон ч үгүй. Харин ч бэлэн мөнгө тарааж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөргөсний хар гайгаар эзэгтэй нар хөргөгчин дэх хүнсний бүтээгдэхүүний хэмжээ, хэтэвчинд үлдсэн хэдхэн төгрөгөө хараад “Өрхийн төсөв хэтэрлээ” гэцгээх вий. Цагаан сар хэмээх нүсэр баяр айлсах өдрүүд айсуй.

Өмнөд хөршийг зоригсод энэ үеэр л огцом нэмэгдэж, тэндхийн импортын барааны урсгал Монголыг чиглэх цаг энэ улиралд тохиодог. Үүнийг “угтан” олгож буй 21 мянган төгрөг үүнд зарцуулагдах нь гарцаагүй. Монголын бус Эрээний эдийн засгийг дэмжиж буй хэрэг хэмээн Д.Болдбаатар үүнийг сануулсан буй за.

Их хэмжээний мөнгийг бэлнээр тараасны улмаас инфляц нэмэгдэж, үнийн өсөлтийн график өнгөрсөн жилүүдийнхээс илүүтэй өндөлзөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хүний хөгжил сангаас иргэн бүрт 70 мянган төгрөг тараасны дараа инфляц 10 хувьд хүрсэн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Харин өнгөрсөн оны сүүлчээр 10.1 хувьтай байсныг лхагва гаригт хийсэн мэдэгдлийнхээ үеэр тус хорооныхон баталлаа.

Одоо ээлжит 21 мянган төгрөг тараагаад эхлэхээр инфляц хэдэн хувьд хүрч галзуурах бол? “Бидний тооцоолцсноор 2011 оны эцэс гэхэд одоо байгаа 10 хувийн инфляц өсөж, 15 хувь болтлоо нэмэгдэнэ. Иймд инфляц төсвийн зарлагын бодит үнэ цэнийг богино хугацаанд үнэгүйдүүлж, улмаар тараасан бэлэн мөнгөний ач тусыг багасгаж, тусламж дэмжлэг хамгийн их хэрэгцээтэй байгаа хэсэгт бүр илүү хүндээр тусна” хэмээн Дэлхийн банкны Монголыг хариуцсан тэргүүлэх эдийн засагч Рожер ван Ден Бринк хэлэв. Түүнчлэн иргэдийн гар дээр бэлнээр тараах мөнгөө ирээдүйд нь хөрөнгө оруулалт болж очих тэтгэврийн даатгалын санд байрлуулах зохицуулалт хийвэл уул уурхайгаас олох орлого зарлага болохгүй хэрэглээ болох боломжтойг нэмж хэлсэн.

ТУРШЛАГА СУДЛАХ УУ

Байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт, хар алтаар гуравдугаарт эрэмбэлэгддэг Исламын Бүгд Найрамдах Иран улс ийм баялагтайнхаа ачаар эдийн засгийн цар хэмжээгээр дэлхийд 18 дугаарт бичигддэг. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг үг энэ оронд үйлчилдэг, тиймдээ ч эдийн засгийн чадавхидаа дүйцүүлэн тэд Засгийн газрын зарлагаа хянадаг байна. Гэвч энэ мянганы эхээр эл улс төсвийн алдагдалд орж байсны үндсэн шалтгаан нь Засгийн газраас олгодог их хэмжээний мөнгөн тэтгэмж гэнэ.

Хүнс, шатахуун гээд тэд иргэддээ их хэмжээний тэтгэмж өгдөг ба 2008 онд зөвхөн эрчим хүчний салбарт л гэхэд 84 тэрбум долларын хөнгөлөлт үзүүлсэн байна. Гэхдээ энэ нь өөдөө өгсөх эдийн засгийг хойш татах сөрөг талтайг ухаарсан төрийн түшээд нь эдийн засгийн эрс шинэчлэлийн төлөвлөгөө боловсруулан, тэтгэмжийг огцом бууруулж, хэмнэсэн мөнгөө сургууль, цэцэрлэг, зам тээвэр гээд дэд бүтцэд зарцуулж эхэлснээр хөгжлийн зам нь шуударчээ.

Түүнээс хойш эдийн засаг нь тогтмол эерэг үр дүн үзүүлж эхэлсэн аж. Түүнчлэн дэлхийн хүчирхэг 20 гүрний удирдагчид төсвийн алдагдлыг тэглэхэд санаа нэгдсэн. Бэлэн мөнгө тараах нь дампуурлын ангалд унагаадгийг ч онцолсон. Харин Монгол?

УРД ХӨРШ БА БИДНИЙ ЯЛГАА

Бэлэн мөнгө тарааснаас үүдэн эзэгтэй нарын цуглуулдаг бүтээгдэх үүний үнэ өсөж, тэдний орлого хөөс болон тэнгэрт замхрахыг инфляц гэж энгийнээр тайлбарлана. Сонгуулийн санал авах хүсэлдээ дулдуйдан төрийн эрх баригчид инфляцыг үл харгалзан баян хоосон ялгалгүй бэлэн мөнгө тараасаар хоёр дахь онтойгоо золгож байна. Энэ хугацаанд инфляц 10 хувиас буусангүй.

Гэтэл манай урд хөршийн инфляцын түвшин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 5.1 хувьд хүрэхэд хятадууд сандралдаж, сүйрэх нь хэмээн уулга алдаж байв. Харин сүх далайтал үхэр амар гэж бадар барин баахан явснаа мартсан Монголын эрх баригчид эдийн засаг тартагтаа тулж, мөнгө цаас болох цагаар тусламжийн эрэлдээ дахин гарах биз ээ. Өнгөрсөн онд зэсийн үнэ түүхэн дээд амжилтаа эвдлээ.

Мөнгөний үнэ ч сүүлийн 30 жилийн дээд амжилтаа тогтоосон. Энэ мэтчилэн алт, зэс, нүүрсний үнэ дуу дуугаа авалцан чангарч байхад уул уурхайгаас олох орлогоо бэлнээр тарааж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнээр “тоглож” байхаар Тогтворжуулалтын санд хадгалж, тогтворгүйтсэн үедээ авч хэрэглэх, тэтгэврийн даатгалын санд байршуулж ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийвэл яасан юм бэ?!

Б.Цэцэгсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих