ХӨСҮТ: 4 хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 297 боллоо

ХӨСҮТ 1

ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ”Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж,  20.4 сая хүн өвчилж, 745 мянган хүн нас барж, 13.3 сая хүн эдгэрээд байна.  24 цагийн дотор 214 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн энджээ.

ДЭМБ-аас цар тахлыг бууруулахад залуучуудын үүрэг асар их байна. Учир нь залуучууд амны хаалт зүүхгүй, олон нийтийн газраар их явж байгаа учраас өөрсдөө коронавирусээс хөнгөн балархай өвчилж, бусад хүмүүсийг аюулд оруулж байна гэдгийг хэлсэн. 24 цагийн хугацаанд Энэтхэгт 67, Бразил, АНУ-д 55 мянган хүн халдвар авсан. ОХУ-д 24 цагийн хугацаанд 5202 хүн өвчилсөн байна. Японд сүүлийн сар гаруйн хугацаанд өвчлөл тасралтгүй нэмэгдэж байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 5 хүн нас барсан байна.

Герман, Испани зэрэг Европын орнуудад коронавирус дахин дэгдэж, голомтлон гарч эхэлсэн. Тиймээс Европын орнуудын иргэдийг гадагшаа зорчихгүй байхыг сануулж эхэлсэн байна.  Манай улсын хувьд шинээр 6 хүн тусгаарлалтад орсон. 45 хүн гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Одоо 3328 хүн тусгаарлалтад байна.  24 цагийн хугацаанд 119 тоот утсанд 167 дуудлага ирж, зөвлөгөө авсан” хэмээлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  ”2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 487 хүнд шинжилгээ хийсэн.  483 хүний шинжилгээнд вирус илрээгүй. 4 хүний шинжилгээнд вирус илэрсэн. 8 сарын 11-ний Праг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 2 хүнээс илэрсэн. 73 болон 20 настай эмэгтэй байна. Сүүлийн 3-4 хоногт Алтанбулагийн боомтоор 280 гаруй хүнийг оруулсан. Түүнээс Орхон, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэдээс вирус илэрсэн.  Орхон аймагт 24 настай эрэгтэйгээс вирус илэрсэн. Харин Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 65 настай эмэгтэй нь ОХУ-ын иргэн байгаа.  Ингээд батлагдсан тохиолдол 297 боллоо.

Өнөөдрийн байдлаар 269 нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байна. Халдвартад бие нь муу нэг хүн эмчлүүлж байсан. Наймдугаар сарын 1-ний өдөр Солонгосоос биеийн байдал нь маш хүнд ирсэн. Тэгвэл өчигдөр орой нас барлаа. Энэ хүн коронавирусээр нас бараагүй. Элэгний хатуурлын улмаас нас барсан шүү.  4 удаа шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй” хэмээлээ.


URL: