Б.Анужин: Мөрөөдлөө олсон бол тууштай, хичээнгүй хөдөлмөрлөх хэрэгтэй

117206454_1257265987955059_3123949502589223112_n

Үзэгчдийн шимтэн үздэг “The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч Б.Анужинтай ярилцлаа.

-Багаасаа дуучин болох мөрөөдөлтэй байсан уу.  Хэзээнээс дуулж эхэлсэн бэ?
-Би сансрын нисгэгч болно гэж мөрөөддөг байсан. Манай эмээ дуулдаг, шуранхайлдаг хүн бий. Багадаа эмээгийнхээ дуулж байгааг их  сонсдог байсан. 15 настайдаа Бээжин хотноо “Усан шоо” гэдэг нэртэй тэмцээнд шилдэгт оролцож, багтаад маш их урам авсан.

-Урлагийн хүн болоход гэр бүлийнхэн нь хэр дэмжиж байв?
-Ээж  минь анх Монголын хүүхдийн ордонд С.Ганчимэг багшид шавь оруулсан. Хүүхдийн ордонд явснаасаа хойш өөрийгөө нээж эхэлсэн гэж боддог.

-“Universe Best songs 2017” наадмын “Гранпри” шагналыг хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Тухайн үед Монголын хамгийн том шоу нь “Universe Best Songs” байсан. Шагналын эзэн болсондоо итгээгүй 16 настай хүүхэд яаж түрүүлэх вэ дээ гэж бодож байсан. Хамгийн дурсамжтай, олон зүйл суралцсан, том амжилт минь гэж боддог.

-“The Voice of  Mongolia” шоунд оролцсоноор юу сурч, ямар туршлага хуримтлуулсан бэ?
- Хэдэн жилийн сурсан мэдлэгээс илүүтэйгээр энэ тэмцээнээс бүх зүйлийг сурч, мэдэж авсан. Тайзны ард хүн ямар байдаг, урлагийн хүн ямар байх ёстой вэ гэдгээс эхлээд цаг баримтлах, хүмүүстэй харилцах харилцаа болон камертай яаж харьцах гэх мэт үнэт зүйлсийг сурч авсан. “Voice” шоуны бүх зүйл, зохион байгуулалт нь мэргэжлийн түвшинд явагддаг. Урлагийн амьдралд дөнгөж хөл тавьж байгаа хүнд, бүгдийг эхнээс нь зааж, чиглүүлж өгдөг.  Шүүгч Д.Болдод урлагийн хүнд байх ёстой бүх чанар байдаг. Энэ тэмцээний шат бүрт өөрийгөө өөрчилж, шинээр харж, дайчилж чадсан гэж бодож байна. Олон ч хүмүүстэй танилцсан үе, шат бүр нь нандин байсан учир би “Voice” шоунд хайртай.

- Амьдрал  болон уран бүтээл дээр таны үлгэр, жишээ авдаг хүн тань хэн бэ?
-Би хүмүүжлийн тал дээр аав, ээж  хоёроосоо үлгэр жишээ авдаг. Гэр бүлтэйгээ  чөлөөтэй, нээлттэй харилцаж чаддаг шүү. Хүний сайн талыг нь олж хараад, түүнээсээ суралцахыг хичээдэг. Д.Болд шүүгчтэй хамтарч, ажилласны дараа өмнө нь бодож байснаасаа мянга дахин үнэлж, хүндэлж эхэлсэн. Үлгэр жишээ авдаг ганц хүн гэхээс илүү хүн болгоны зан чанараас сайн сайхан зүйлсийг нь суралцахыг эрмэлздэг.

- Дуу хөгжим таны амьдралд хамгийн үнэтэй байр суурь эзэлдэг байх?
-Хүн хийж чаддаг зүйлтэй байна гэдэг гоё шүү дээ. Миний хувьд хамгийн сайн хийж чадах зүйл бол дуулах. Би энэ зүйлээс л аз жаргал, эрч хүч, эрх чөлөөг мэдэрдэг. Дуулж байх үедээ би ийм зүйл хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авдаг.

-Тэмдэглэлийн дэвтэр хөтлөх дуртай гэж байсан. Хэзээнээс хөтөлж эхэлсэн бэ?
- Үсэг мэддэг болсон цагаасаа, үсэг мэддэггүй байхдаа ч зурж тэмдэглэдэг байсан. Шүлгийн дэвтэр, дууны дэвтэр, ойрын болон холын зорилгын дэвтэртэй, хүсэл мөрөөдлөө бичиж, тэмдэглэдэг. Сүүлд 2009 онд бичсэн тэмдэглэлээ уншсан. “2017 онд Universe Best Songs тэмцээнд орно. Түрүүлэхгүй юм аа гэхэд шилдэг 25-д үлдэхийг хүсэж байна. Мөн дэлхийн хэмжээний шоунд өөрийгөө сорьж, олон хүнд хайрлагдаж, олны танил болохыг хүсэж байна” гэж бичсэн байсан. Энэ бүх зүйл маань биеллээ олсон. Тэмдэглэлийн дэвтэр бол миний хувьд ид шидтэй, хамгийн нандин зүйл.

-Одоо өөр мэргэжлээр суралцдаг уу?
- “Рояаль” Олон улсын дээд сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр гуравдугаар  дамжаанд суралцдаг. Бизнес өөрөө хөрвөх чадвартай хослодог мэргэжил учраас энэ мэргэжлээ сонгож байсан.

-Үе тэнгийнхэндээ хандаж, юу гэж хэлмээр байна вэ?
-Тууштай бөгөөд зоригтой байгаарай. Залуу байгаа дээрээ, өсвөр насандаа өөрийнхөө мөрөөдлийг олж, түүнийхээ төлөө тууштай, хичээнгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Том мөрөөдөж, хайрцагнаас гарч сэтгээрэй  гэж хэлье. Шантралгүй мөрөөдөх хэрэгтэй. Мөрөөдөл биелдэг. Тэмдэглэлийн дэвтэрт өөрийнхөө мөрөөдлийг бичиж, эсвэл зурж тэмдэглэж үлдээгээрэй. Дараа нь тэр тэмдэглэлийн дэвтрүүдээ уншихад мөрөөдлийн чинь дор хаяж 50 хувь биелсэн байдаг шүү.

 


URL: